Орон нутаг

Дархан-Уул, Орхон аймаг дахь асрамжийн төв дэх хүүхдүүдийн эрхийн хэрэгжилтийг шалгав

Хүний эрхийн Үндэсний Комисс нь УИХ-д өргөн барих 23 дахь илтгэлд Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээ, конвенцод хүүхдийн эрхийн хэрэгжилт нийцэж байгаа эсэх, үүнд нөхцөл байдлын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, “өрх толгойлсон” хүүхдийн асуудлыг тусгайлан тусгахаар төлөвлөж, эдгээр хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээлэл хүлээн авч байна.

Энэ хүрээнд Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвүүдэд амьдарч буй хүүхдүүдийн эрхийн хэрэгжилтийг газар дээр нь шалгах ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь “Хүүхдийн СОС хотхон”, “Нарны хүүхдүүд” асрамжийн газар болон Орхон аймаг дахь Уулын баяжуулах “Эрдэнэт” ТӨҮГ-ын харъяа “Энэрэл” хүүхдийн асрамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн хүүхдийн дээд эрх, ашгийг сахин хамгаалах зорилгоор 2024 оны 01 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд хяналт, шалгалт хийлээ.



Өнгөрсөн 2022 оны байдлаар улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11835, бүтэн өнчин хүүхэд 2911, хагас өнчин хүүхэд, 36663, үрчлүүлсэн 1478 хүүхэд байгаа бол бэлгийн хүчирхийлэлд 369 хүүхэд өртсөн.

Нийт 31 асрамж, халамжийн төв үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод-26, Дархан-Уул аймагт-2, Дорнод аймагт-1, Орхон аймагт-1, Өвөрхангай аймагт-1 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр асрамж, халамжийн төвд 974 хүүхэд амьдарч байгаагаас 204 нь бүтэн өнчин, 303 нь хагас өнчин, 443 нь гэр бүлтэй, 24 нь олдмол хүүхэд байдаг гэсэн тоон мэдээлэл бий.

“Хүүхдийн СОС хотхон” нь 2008 онд байгуулагдсан, нийт 11 барилга, байгууламжтай, 2-20 насны нийт 60 хүүхэд, 13 багш, ажилтантай, олон улсын байгууллагаас санхүүждэг.

“Нарны хүүхдүүд” асрамжийн газар нь 2002 онд байгуулагдсан, нийт 6 барилга, байгууламжтай. Өнөөдрийн байдлаар 4-өөс 18 насны 40 хүүхэд, 14 багш ажилтантай, өөрийн эх үүсвэрээс санхүүждэг гэдэг мэдээллийг дээрх 2 байгууллагын удирдлага өгсөн юм.

Харин Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Энэрэл” хүүхдийн асрамжийн төв нь 1992 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар нийт 61 хүүхэд, 21 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Санхүүжилтийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 100 хувь санхүүждэг аж.

Хяналт, шалгалтаар дээрх асрамж, халамжийн төвийн орчин, нөхцөл байдалтай танилцах, байгууллагын удирдлага, албан хаагчдаас тайлбар, мэдээлэл авах, хүүхдүүдтэй бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийх, холбогдох бичиг баримтад дүн шинжилгээ хийсэн бөгөөд шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний шаардлага хүргүүлж, улмаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгана.

Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Комиссын Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар, референт Б.Наранбаатар, Б.Энхбаяр, Э.Болортуяа, Ц.Батзаяа, С.Менх-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн Б.Янжмаа, судлаач Б.Жавзанханд, А.дэлгэрцэцэг, О.Ууганцэцэг нар ажиллалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version