УИХ-ын БОХХААБХ 23 хууль батлуулжээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр (2024.01.18) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Б.Саранчимэг, Д.Цогтбаатар нар оролцов.
Байнгын хорооны дарга Ж.Батжаргал мэдээллийн эхэнд, Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай, Органик бүтээгдэхүүний тухай зэрэг дөрвөн үндсэн хууль түүнийг дагасан 19, нийтдээ 23 хуулийг эцэслэн батлуулсан гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Мөн тэрбээр, энэ удаагийн чуулган ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, Улсын Их Хурлын 62 тогтоол хэлэлцэн баталсныг дурдахын зэрэгцээ тус Байнгын хороо 11 удаа хуралдаж, эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо 1 удаа, ажлын хэсэг 9 удаа, ажлын дэд хэсэг 21 удаа тус тус хуралдаж, нийт 24 асуудал хэлэлцэж, 34 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 1 тогтоолын төсөл, Байнгын хорооны 6 тогтоолын төслийг хэлэлцүүлсэн гэж байлаа.
Байнгын хорооноос Монгол Улсын нийт нутгаар цас ихтэй, өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл бэлтгүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хоёр удаа хэлэлцүүлж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 12 заалт бүхий тодорхой үүрэг, чиглэл өгсөн тогтоол батлуулан, биелэлтийг нь хангуулан ажиллаж байгааг Ж.Батжаргал дарга мэдээлэлдээ тодотгов.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 165 сум зуд, зудархуу байдалтай байна. Иймд өвөл, хаврын хүнд цагийг хохирол, эрсдэл багатай даван туулах бэлтгэл зохион байгуулалтаа чамбайруулах, хөдөөгийн иргэд, малчдад үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, бэлэн байдлыг хангах явдал чухал байна. Малчид цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан мах бэлтгэлийн асуудлыг зохион байгуулсан.
Урьдчилсан байдлаар 44.3 мянган тонн мах бэлтгэгдсэний 39 мянган тонныг төв суурин газарлуу нийлүүлэгдэхээр, үлдсэн 8.7 мянган тонн мах малчдын гар дээр байна гэсэн дүн мэдээ байна. Иймд үүний борлуулалтыг дэмжих, малчдаа мөнгөжүүлэх, энэ нь эргээд малын өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд шаардагдах эх үүсвэрийг бий болгохоор Засгийн газарт тодорхой чиглэл тогтоолдоо тусгаж өгсөн.
Мөн улсын хил дагуух аймаг, сумдад өргөн хэрэглээний хүнс, гурил, өвс, тэжээл, бензин, шатахууныг тухайн бүс нутагт байрлах улсын хилийн боомтоор татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх боломжийг судалж, холбогдох арга хэмжээг авах, бензин, шатахуун, дизель түлшний хангалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, сумдын шатахуун түгээх станцыг шатахуунаар бүрэн хангаж, сум, аймаг орон нутгийн онцгой комиссууд чиг үүргээ цаг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлж ажиллахад бололцоо, боломжийг нь бүрдүүлэх, үүнд чиглэсэн хөрөнгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах зэрэг чиглэлийг Засгийн газарт өгөөд байгааг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ онцлов.
Түүнчлэн тус Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хоёр Ажлын хэсэг байгуулан, батлагдсан хууль, тогтоомжуудын хэрэгжилтэд үнэлгээ өгөхөөр хяналт тавин ажиллаж байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт, шалгалтын ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор нар ахлан ажиллаж байна гэж байлаа.
Байнгын хорооны дарга Ж.Батжаргал мэдээллийнхээ төгсгөлд, Байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд гурван томоохон хуулийн төсөл байна. Тухайлбал, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл юм.
Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бэлчээрийн ашиглалт менежментийг сайжруулах, талхлалт, цөлжилтийг бууруулахад чиглэсэн эрх зүйн харилцаагаа малчид, иргэдийн оролцоотой зохион байгуулан зохицуулах бол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төслийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх харилцаагаа илүү боловсронгуй болгоход чиглүүлэн ажиллаж байна гэж байлаа.
Мөн орон нутгаас сонгогдсон Улсын Их Хурлыг гишүүд Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсруулан ажиллаж байгаа бөгөөд үүнийг хөдөөгийн иргэд, малчдад сурталчлан, хэлэлцүүлж, тэдний саналыг авч сайжруулах замаар боловсронгуй болгож, батлуулахаар зорьж байна. Хуулийн гол агуулга нь малчин, мал, бэлчээрийн харилцан шүтэлцээ дунд нь уламжлалт мал аж ауйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, малчдын үүсгэл санаачилга дээр тулгуурласан байгууллагаар нь дамжуулан тэдний эрх ашгийг хамгаалах, салбарын ашгийн байгууллагаа дэмжиж ажиллах суурь нөхцөл болно. Эдгээр асуудлуудад Байнгын хорооны гишүүд анхаарлаа төвлөрүүлж, ажиллана гэдгийг Байнгын хорооны дарга Ж.Батжаргал онцлон тэмдэглэсэн.
Дараа нь хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч нар батлагдсан хуулийн талаар товч мэдээлэл хүргэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Миний бие Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн Ажлын хэсгийг ахалж ажиллалаа.
Мэргэжлийн ерөнхий хяналтын газар татан буугдсан. Иймд салбарын яам болон зохих мэргэжлийн байгууллагууд дээр очсон хяналтыг сайжруулахтай холбоотой зохицуулалтыг хуулийн өөрчлөлтүүдэд тусгасан. Тухайлбал, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох, импортлоход мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулсан мэргэжлийн байгууллага гэрчилгээ олгож байх Европын холбооны зүгээс тавьсан шаардлагад нийцүүлэн экспортын гэрчилгээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус олгодог байх зохицуулалтыг тусгасан.
Ер нь мэргэжлийн байгууллага мэргэжлийнхээ үйлчилгээний хяналтыг тавих нь чухал. Ингэснээр хүнсний аюулгүй байдалд тавих хяналт сайжрах юм. Хуулийн нэг томоохон зохицуулалт нь хамгаалагдсан аж ахуйн талаар тусгасан явдал. Өөрөөр хэлбэл, бид малын өвчнөөс хамгаалах, худалдааг сайжруулах үүднээс хамгаалагдсан эрүүл бүс, эрүүл аж ахуйг бий болгох, үүнд тавих шаардлагуудыг тодорхой тусгаж өгсөн.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр: Органик бүтээгдэхүүний тухай хууль анх 2016 онд батлагдсанаас хойш найман жил өнгөрсөн. Иймд уг хуулийн эдийн засагт зохицуулж байгаа үүргийг шинэчлэх, орчин үед тавигдаж байгаа шаардлагуудтай уялдуулах нөхцөл үүссэн.
Ер нь органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх маш том боломж Монголд байгаа. Монгол Улс 2030 онд нийт хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ таван хувийг органик болгох зорилт тавьсан. Энэ зорилтыг хангахын тулд хуульд нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Монгол Улсын эдийн засгийг тэлэх, өсөх том салбар нь хөдөө аж ахуй. Иймд эл салбарт түшиглэн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрэлт, хэрэгцээ их байгаа тул энэ хууль онцгой ач холбогдолтой юм.
Төрийн зүгээс органик бүтээгдэхүүн гэж батлагдсан, тэдгээрийг үйлдвэрлэсэн тохиолдолд нийт орлогын 90 хувийг аж ахуйн нэгжийн орлогын татвараас эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилийн хугацаанд 50 хувь чөлөөлөхөөр тусгасан. Мөн органик хүнсний бүтээгдэхүүн хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу олгогддог зээлүүдээс иргэд, аж ахуйн нэгж авах боломжтой. Экспортод бүтээгдэхүүнээ гаргасан тохиолдолд банкны хүүгийн 50 хувийг зээлийн батлан даалтын сангаар дамжуулж шийдэж өгөхөөр холбогдох зохицуулалтыг тусгасан гэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар: Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нар өргөн мэдүүлсэн. Монголд гэрийн тэжээвэр амьтны талаар өмнө нь нарийвчилсан зохицуулалт байгаагүй. Улаанбаатар хот хүн ам ихтэй, том хот болсон тул гэрийн тэжээвэр амьтны асуудал иргэн бүрд хамаатай. Үүнийг ямар нэгэн зохицуулалтгүй үлдээнэ гэдэг нь эргээд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудал гарна гэсэн үг.
Нөгөөтэйгүүр, судалгаагаар тогтоогдсон нэг асуудал нь гэртээ амьтан, тэжээгээд зөөлөн хандаж байгаа хүн бусад хүмүүстэй ч зөөлөн хандах хандлагатай байдаг байна. Тэгэхээр энэ нь эргээд нийгэмд ёс суртахууны, хүнлэг ёсны хэмжигдэхүүнийг нэмж буй ийм хууль болсон. Хамгийн гол нь хуулийн төслийг “Азтай савар” ТББ-ын залуучууд буюу иргэд нь доод шатнаасаа асуудлаа хэлэлцүүлж, боловсрлуулж, батлуулж чадсанаараа гол онцлог нь байлаа.
Ийнхүү хэвлэлийн бага хурал сэтгүүлчийн асуулт, хариултаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.