Байр суурь: Хөрөнгө оруулалтын хуулийн 11.2 хасагдаж байгаа нь харамсалтай
ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХАМГИЙН ЧУХАЛ 11.2 ЗААЛТЫГ ХАССАН НЬ ЯМАР ҮР ДАГАВАРТАЙ ВЭ?
“Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл”-ийн талаар Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас Үндэсний мэдээллийн төвд /2024.01.11/ байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын чуулганы 2024 оны нэгдүгээр сарын 11-ний хуралдаанаар тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд УИХ-ын АН-ын бүлгээс ажлын 3 хоногийн завсарлага авсан.
Энэ хуулийн талаар танхимуудын зүгээс байр сууриа илэрхийллээ. Тухайлбал одоо хэрэглэгдэж байгаа 2013 онд батлагдсан хуулийн 11.2-р хэсэгт Хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжсэн маш тодорхой заалт байсан нь шинэ хуулийн төсөлд хасагдаж орж ирсэн нь Хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийг ихээхэн цочроож байна. Энэ талаарх байрь суурийг хүргэе.
Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Б.ЗАНДАН
– Одоогийн мөрдөгдөж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр татварын тодорхой хэмжээний хөнгөлөлтүүд байсан. Жишээлбэл: Импортоор орж ирж байгаа өндөр технологи, бараа бүтээгдэхүүн дээр гааль болон НӨАТ-аас чөлөөлөх гэх мэт заалт байсан бол тэр заалтыг авч хаясан байсан.
Энэ бол харамсалтай. Ер нь хөрөнгө оруулагчид бидний үүд хаалга дээр дугаарлаад зогсдоггүй. Бид дэлхийн 200 гаруй улс орнуултай өрсөлддөг болохоор илүү их хөрөнгө оруулалт татахын тулд тэдэнд илүү их боломж, илүү их урамшуулал олгодог байх хэрэгтэй байгаад байдаг.
Тэгэхээр энэ үүднээс татварын хөнгөлөлтүүдээ олгомоор байгаа юм. Мөн манай хуулийн давхцалууд дээр ямар арга зам байдаг вэ? гэдэг дээр бол мөн асуудалтай байдаг. Жишээлбэл Хөрөнгө оруулалтын хууль дээр нэг зүйл заалт байхад тэр нь өөр хуультай харшилбал яг яах вэ гэдгийг бас энэ хууль дээр оруулж өгвөл зүгээр гэсэн бид нар байрь суурьтай байгаа.
“АМЧАМ МОНГОЛ”-ын Бодлого хариуцсан захирал Г.ЖАВХЛАНТӨГС
– Манай энэ 11.2 дээр маш чухал заалтууд байгаа. Уг нь энэ заалтыг хадгалаад, цаашдаа . . . Бид нарын байр суурь бол өрсөлдөхүйц орчин бий болгохын тулд . . .
Тогтворжуулалтын гэрчилгээ гэж яриад байгаа.
Тогтворжуулалт гэдэг нь урамшуулал мөн боловч хангалттай биш байгаа юм. Тэгэхээр бусад улс оронтой өрсөлдөхүйц байхын тулд урамшуулал заавал өгч байх ёстой юм. Тэгэхээр энэний нэг хэлбэр нь одоо мөрдөгдөж байгаа хуулийн 11.2 байсан. Засгийн газар хэлсэн ярьсандаа хүрээд татварын хуулиуддаа шинчлэл оруулж үнэхээр багц шинэчлэлийг хийх хэрэгтэй байгаа юм.
Тэгж байж асуудал шийдэгдэнэ. Тэгэхгүй нөхцөлд бол хөрөнгө оруулагчид хохироод л хоцорно. Удахгүй сонгууль болох гэж байна. Тэгэхээр энэ өөрчлөлтүүд хийгдэх үү үгүй юу гэдэг бас эргэлзээтэй байгаа нь үнэн.
Одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т “Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно: 11.2.1.барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих” хэмээн заасан байдаг боловч хэрхэн татварын хөнгөлөлт эдлүүлэх, чөлөөлөх нь тодорхойгүй, бусад татварын тухай хуулинд сууж өгөөгүй учраас олон хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгчид өр төлбөрт ороод байгаа хүндрэл амьдрал дээр байна.
Өөрөөр хэлбэл хууль хоорондын уялдаа холбоо муу. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яамдууд гол хууль биш гэж үздэг нь ялгамжтай байдлыг бий болгодог. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт төрийн өмчит төслүүд: жишээ нь газрын тос, хөдөө аж ахуйн төслүүдэд нэг удаагийн хууль гаргах замаар хэрэгжиж байгаа гэх үндэслэл мөн харагддаг. Түүнчлэн, нэгэнт гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч нарыг дэмжих үүднээс ийнхүү хуулиа баталсан бол бусад хуулийн уялдааг нь хангах шаардлага урган гарч байна.
Иймд шинэ хуулиа хуучнаасаа дордуулахгүй байх, хөрөнгө оруулагчдаа наандаж татварын хөнгөлөлт чөлөөлөлтөөр татах бодлогыг тусгах нь чухал байна гэдгийг танхимын төлөөллүүд онцолж байв.