Эдийн засагОнцлох

Хөрөнгө оруулагчаа татахааргүй хөрөнгө оруулалтын хууль

Улс төр, нийгмийн хүрээнд хамгийн анхаарал татаж байгаа сэдэв Хөрөнгө оруулалтын тухай хууль болчихоод байна. Улстөрчдийн сонгуулийн өмнөх сэдэв нь ч бас энэ хууль.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 16.1.1-д “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэдэг заалт бий.

Хөрөнгө оруулалтын татварын бус урамшуулал үзүүлэх хэлбэр нь энэ гэж хуульд зааж. Энэ заалтыг бариад л, газар шороо энэ тэр гэсэн тэмцэл өрнүүлж эхэллээ. Өмнө нь батлагдсан хуулийн 12.1.1-д бас энэ заалт байж л байгаа.

Хуульд ийм заалт байгаа нь санаачлагдын зөв ч гэсэнгүй. Эсэргүүцэж байгаа хүмүүсийнх нь зөв ч гэж хэлэх гээгүй байна. Үүнээс өөр чухал заалт, ярих сэдэв энэ хуульд бас байна. Аль нэг хөрөнгө оруулагч тухайн улсад өөрийн хөрөнгөө оруулахын тулд эрх зүйн тогтвортой орчин, татварын болон бусад хөнгөлөлт урамшууллыг нь хардаг.

Та ч мөн адил байх. Аль нэг дэлгүүрт ороод хөнгөлөлт урамшуулалтай бол худалдан авалт хийхдээ таатай сэтгэл хангалуун байдагтай адил. Гэтэл шинэчилсэн хуулийн төсөлд одоо мөрдөгдөж байгаа хуулийнхаа хөрөнгө оруулагчдыг татах хамгийн сайн заалтаа аваад хаячихаж.

Хүчин төгөлдөр байгаа одоогийн хуульд 11.2, 11.2.1 дээр “Барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барьсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно” гэж заасан байдаг.

Салбар нь тодорхой, ямар хөнгөлөлт үзүүлэх нь ч цагаан дээр хараар бичсэн. Нэмээд эрчим хүч, төмөр зам, нано технологи агуулсан үйлдвэр барих гэж ч бий. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ийм заалт байхгүй. 15 дугаар зүйл нь Хөрөнгө оруулалтын урамшуулалтай холбоотой. 15.1 дэх хэсэгт “Хөрөнгө оруулагчид төрөөс татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшуулал болон татварын бус урамшууллыг үзүүлж болно” гэж л бичсэн.

Ямар салбарт хөрөнгө оруулалт хийвэл урамшуулал олгох юм, хэд хүртэлх хувь байх юм, тэглэх юм уу, бүү мэд. Татварын бус урамшуулал нь ихэнх нь инээдтэй заалттай. Чөлөөт бүс, үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан бол бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх дээр хөнгөвчилсөн горимоор үйлчлэх.

Гадаад ажилтан ирвэл ажлын байрны төлбөрөөс хөнгөлөлөх, чөлөөлөх. Хөрөнгө оруулагчид өөрт нь болон гэр бүлд нь олон удаагийн виз өгөх энэ тэр гээд л дуусна. Ийм хуулийг хараад хэн манайд хөрөнгө оруулах вэ дээ.

Ёстой нөгөө “Хэрүүлийн алим” болоод байгаа газар 100 жилээр ашиглуулах гэдэгт л итгэдэггүй юм бол, өөр хөшүүрэг алга. Хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд харах ёстой урамшуулалтай, татварын хөнгөлөлттэй холбоотой заалт нь бүрхэг.

“Татварын урамшуулал үзүүлж болно” гэдэг чинь яг болно оо гэсэн үг бас биш. Болохгүй ч байж бас болно. Үндсэндээ Монголын эрх мэдэлтнүүдийн өнгө үзэмжээр л шийдэгдэх болчихоод байна.

Ихээхэн хардвал “Авлига ахиу өгвөл болно, өгөхгүй бол болохгүй” гэж хуульд бичсэнтэй ялгаа алга.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version