МПМОнцлох

Монполимет групп 22 дахь удаагаа “Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренер”-ээр шалгарлаа

МҮХАТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг  “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг  26 дахь жилдээ /2023.12.22/ зохион байгууллаа.

“ENTREPRENEUR-2023” арга хэмжээний “Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренер”-ээр МОНПОЛИМЕТ ГРУПП 22 дахь удаагаа энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болж байгаа аж. Монполимет Групп нь түүхэн хөгжлийнхөө 31 жилийн хугацаанд Монголын уул уурхайн салбарт хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж, нөхөн сэргээлтийн жишиг тогтоож, олборлогчоос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд амжилттай шилжээд байгаа гэдгийг онцолж байна.

Монполимет Групп, Олон нийт, Маркетингийн газрын захирал Б.Мөнхбат: Монполимет компани үйл ажиллагаагаа явуулж эхлээд өнөөдөр 30 дах жилтэйгээ золгоод байна. Бид уул уурхай, барилгын материал, хүнд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулахдаа тухайн бүс нутаг болгондоо байгаль орчинд ээлтэй байж, хайрлан хамгаалах, нөхөн сэргээх тал дээр анхаарч ирсэн. Үйл ажиллаагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл Монполимет групп нь уул уурхайн олборлолт, ашиглалт явуулахын хажуугаар байгаль орчны нөхөн сэргээлтийг хамтад нь хийж, арга билэг лугаа авч явдаг.

Энэ хэрээр бид Монгол Улсдаа төдийгүй дэлхий дахинд байгаль орчны нөхөн сэргээлтээр тэргүүлэгч компани гэдгээ олон нийтэд зарлаж явна. Уул уурхайн нөхөн сэргээлт гэж юу юм, тэр дундаа техникийн нөхөн сэргээлтийг хэрхэн яаж хэрэгүүлж болох вэ гэдэгт анхаарч орон нутгийн болоод улсын чанартай үзүүлэх сургуулилтуудыг зохион байгуулж ирсэн. Ингэснээр ногоон технологийг хэрхэн нэвтрүүлж болдог, байгаль орчныг хэрхэн хамгаалж болохыг харуулж ирлээ.

Энэ дашрамд, энэхүү нэр хүндтэй шагналыг авах бүх бололцоо нөхцлийг бий болгож өгсөн компанинхаа нийт хамт олонд, удирдлагууддаа  баярын мэндийг давхар хүргэе.

Монполимет Группын Байгаль Орчны ахлах мэргэжилтэн О.Эрдэнэжаргал: МҮХАТ-аас 26 дахь жилдээ шилдэг ААН-ийг шалгаруулдаг ёслолын арга хэмжээнээс Манай Монполимет групп “Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренер” шагналыг 22 дох жилдээ авлаа. Манай байгууллагын удирдлагын зүгээс байгаль орчны нөхөн сэргээлтийг их анхаарч ажилладаг. Анх байгуулагдсан цагаасаа эхлээд тухайн үйл ажиллагаа явуулж байгаа газар нутгийнхаа байгаль орчны төлөв байдлыг тогтоож, ямар чиглэлээр нөхөн сэргээлт хийх вэ гэдгээ судалж тодорхой болгодог.

Маш урт хугацааны судалгааны үр дүнд бид 300 гаруй модтой 7 төгөл бүхий нөхөн сэргээлт хийсэн байна. Биологийн олон янз байдлаас бүрдсэн эко системийг дэмжиж, Тосон нуурыг бий болгосон байна. Мөн орон нутгийн иргэдийг түшиглэсэн жимс жимсгэнийн ойн төгөлийг бий болголоон. Түүнчлэн орон нутгийн малчдын үйл ажиллагааг дэмжиж хөдөө аж ахуйн менежментийг сайжруулах зорилгоор 300 гаруй га талбайд бэлчээрийн олон наст ургамлыг тариалж, амжилттай ургуулсан байна. Энэ бүх ажлын маань үр дүнг урамшуулж шагнаж байгаад баяртай байна.

Манай компанийн хувьд хангай, говийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг болохоор аль алинд нь ойжуулалтыг амжилттай хийж, хангайн бүсэд 300 гаруй мянган мод, говийн бүсэд тохирсон мод бутыг тариалсан. Үүнээс гадна нэн ховор, ховордож байгаа өвс ургамлын генийн санг авч үлдэх, хадгалах зорилгоор генофонд үүсгээд явдаг. Тухайлбал, Улаан номд орсон “Алтайн зэрлэг сонгино”,  чацаргана, таана мангир зэргийг тарьж ургуулаад генийн санг нь авч үлддэг онцлогтой хамт олон юм.

Дашрамд хэлэхэд, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн хэрэгжүүлэх боломжийг олгодог удирдлагууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Монцемент, Монполимет группын нийт ажилчиддаа болон тэдний гэр бүлд ирж буй шинэ оны мэндийг хүргэе.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Монполимет Групп нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш байгаль орчин нөхөн сэргээлтийн бодлогыг эн тэргүүнд баримталж, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын заагт орших Тосон үйлдвэрийн уул уурхайн үйлдвэрлэл, байгаль орчины нөхөн сэргээлтийг Монгол улсдаа жишиг үйлдвэр, сургалтын бааз болгох чиглэлээр хөгжүүлж иржээ.  Тодруулбал,

  • “Мод үржүүлгийн газар” байгуулж, 400 000 гаруй мод үржүүлснээс 300 000 гаруйг нь тарьж, ургуулан, ойн 7 төглийг өөрсдийн хөдөлмөр, зүтгэлээр бүтээлээ. Ингэхдээ мод тарьж, ургуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, хувь хүнийг дэмжиж, тэдэнд урам дэм хайрлан 100 000 гаруй модыг бэлэглэж, хандивласан. 
  • Бидний нөхөн сэргээсэн талбайдаа тарьж ургуулсан 300 000 мод нэг жилийн турш 35,100,000 кг хүчилтөрөгч үйлдвэрлэж байна.
  • “Мод үржүүлгийн талбай”-даа заг, хармаг, хайлаас, шар хуайс, зэрэг 9 төрлийн модыг үрээр тарьж ургуулан, улаан сухай, улиас, бургас, зэрэг 7 төрлийн модыг мөчрөөр тарьж үржүүлж байна. 
  • Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд инноваци, олон улсын стандартад нийцсэн шинэ техник технологи нутагшуулахад байнга анхаардаг бөгөөд уул уурхайн нөхөн сэргээлтийн ажилд анх удаа Дуслын усалгааны системийг нэвтрүүлсэн.
  • ХААИС-ийн Инноваци бизнес хөгжлийн төвтэй хамтран бионүүрсэн бортого хийх технологийг нөхөн сэргээлтийн үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр жилийн аль ч улиралд мод, бутыг тарьж, ургуулж байна.
  • Нөхөн сэргээлт хийсэн талбайдаа ерхөг, согоовор, шар царгас зэрэг 8 төрлийн олон наст ургамлыг тариалж монгол орны бэлчээрт хамгийн тохиромжтой, малд идэмжтэй, шим тэжээлтэй ургамлуудыг сэргээхэд анхаарч байна.

Тосон нуурын тухай:

  • Монгол Улсад анх удаа хүний гараар бүтээсэн цэнгэг ус “Тосон нуур”-ыг 16 га талбайд 2001 онд байгуулж, 2011 онд гадаргын усны нөөцөд бүртгэсэн. Нуурын ус нь хөрсний гүний цэвэр уст үе давхаргаар байнга сэлгэгдэж байдаг бөгөөд өдгөө цурхай, зэвэг, алгана зэрэг 5 төрлийн загас амьдарч, нугас, хун, галуу, дэглий зэрэг 8 зүйлийн усны шувууд зусдаг.  
  • “Тосон нуур”-т цэвэр усны анализатор гэж нэрлэгддэг ондатор амьдардаг. 

Ийнхүү байгаль орчин нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хариуцлагатай, эдийн засгийн ач холбогдолтойгоор явуулж ойн төглүүд бий болгон, бэлчээрийн даацыг сайжруулж хөрсний үржил шимийг хангах ургамлуудыг тариалж, олон төрлийн загастай нуур байгуулан, жимс, жимсгэний мод, бут тарьж, ургуулсан. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэгч хамт олон юм.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version