Орон нутагСурвалжлагаХилийн боомтын захиргааВидеоОнцлохФото сурвалжлага

Замын-Үүд боомтын ачаа тээврийн зорчих хэсэг 24 цагаар ажиллаж байна

Далайд гарцгүй манай орны хувьд хөрш хоёр улсын хилийн боомтоор экспорт, импортын ачааг цаг алдалгүй түргэн шуурхай нэвтрүүлэх нь нийгэм, эдийн засгийн хувьд маш чухал асуудлуудын нэг байсаар ирсэн. Тэр дундаа Замын-Үүд боомтын ачаа эргэлт удааширч, ачаалал үүссэнээр импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлдөг. Тус боомтын хувьд  ачааг Авто тээвэр болон Төмөр замаар нэвтрүүлж буй.

БНХАУ-ын зүгээс 2023 оны нэгдүгээр сард хилийн боомтоо нээснээс хойш Эрээн боомт руу өдөрт 150 орчим машин орж, Эрээнээс Замын-Үүд рүү өдөрт дунджаар 150-200 машин гарч, оргил ачаалалтай үед 400 гаруй автомашин хилээр нэвтэрсэн байна. Гэвч ажлын 8 цагийн үйл ажиллагаатай тул ачаа тээврийн автомашины хилээр нэвтрэх үйл ажиллагаа удааширч буй. Тиймээс Монгол улсын Замынүд боомтоор ачаа тээврийн автомашинуудыг 24 цагийн турш нэвтрүүлэх шийдвэрийг БНХАУ-ын талтай хамтран тохиролцсоны дагуу 2023 оны 12 сарын 16-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай ачаа тээврийн автомашинуудыг 24 цагаар хоёр улсын хилээр нэвтрүүлэх туршилтын ажлыг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга тэргүүтэй холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд оролцсон ажлын хэсэг Замын-Үүдэд боомтод /2023.12.16/ ажиллалаа. Ажлын хэсгийн эхний уулзалт Замын-Үүд боомтын Ззорчигч тээврийн цогцолборт болсон юм. Ажлын хэсгийн уулзалтад Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга О.Нарандэлгэр, Хилийн боомтын захиргааны Үйл ажиллагааны хэлтсийн дарга Д.Балдорж, Сумын Засаг дарга Б.Анхбаяр, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, Хурандаа Ц.Мягмардорж, Хилийн 0108-р ангийн захирагч Хурандаа В.Намхайнямбуу, Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням, Дорноговь аймаг дахь Гадаадын иргэн харьяатын газрын дарга Б.Батдулам, Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр, АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга Д.Болор-Эрдэнэ, АШААнгиийн дарга Б.Гантөмөр, УБТЗ-ын ерөнхий инженер Ч.Мөнхцоож болон Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбааатар нар оролцож, Замын-Үүд-Эрээн боомтыг 24 цагаар ажиллуулах туршилтын ажлын бэлтгэл байдал, ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм.   

Энэ үеэр Монгол Улсын сайд, боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгад хилийн хяналтын болон бусад холбогдох байгууллагын удирдлагууд Замын-Үүд боомт 24 цаг ажиллахтай холбоотой мэдээлэл өгсөн. Мөн “Ачаа тээврийн цогцолбор”-ын барилгын гүйцэтгэлийн явц болон гаалийн хяналтын бүс, Бүс нутгийн логистикийн төв, Чин засагт ХХК-ийн гаалийн хяналтын бүс, Шалгалт хамгаалалтын Хилийн цэргийн 0108-р ангийн 0318-р салбар застав, Этранс Гаалийн хяналтын бүстэй тус тус танилцсан юм. Экспорт, импортын ачаа болон ачааны автомашин улсын хилээр нэвтрэлт, гаалийн хяналт шалгалт бүрдүүлэлтийн явцтай танилцах үеэр Монгол Улсын сайд, боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга Хил хяналтын байгууллагууд болон бусад байгууллагын удирдлагуудад Замын-Үүд боомт 24 цаг ажиллахтай холбоотой үүрэг өгч ажиллав.

Замын-Үүд боомтын ачаа тээврийн зорчих хэсэг 24 цагаар ажиллах туршилтын хугацааны үр дүн цаашид тогтмол үргэлжлэх эсэхийг шийднэ

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга

Монгол улсын Ерөнхий сайд 2023 оны 6 дуаар сард БНХАУ-ын Бээжин хотод хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол, Хятадын хамгийн том боомтуудын нэг Замын-Үүд Эрээн боомтын ажлын цагийн горимд өөрчлөлт оруулж, илүү олон худалдааны ачаалал авах, зорчигчийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх замаар эдийн засагт дэмжлэг үзүүлэх  шийдвэрийг судалж, туршиж үзье гэж тогтсон. Энэ хүрээнд 2023 ондоо багтаад Замын-Үүд Эрээний авто замын боомтыг 24 цагаар ажиллуулах 14 хоногийн туршилтын ажлыг /2023.12.16-2023.12.31/ эхлүүлж байна. Туршилтын үеэр ачааны эргэлт хэр нэмэгдэж байна, боомтуудад үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл гарах нь уу гэдгийг тогтоох зорилготой гэж болно.

БНХАУ-ын хувьд нийт 315 боомттой. Үүнээс манайхтай ижил авто замын 180 орчим боомт байдгаас ОХУ-той хиллэдэг Манжуурын боомт л ганцхан 24 цагийн горимоор ажилладаг. Манай улсын хувьд Замын -Үүд боомтын энэ туршилт амжилттай болж цаашид үргэлжилвэл БНХАУ-ын хувьд Эрээний боомт хоёр дахь 24 цагаар ажилладаг боомт нь болох учиртай.

Замын-Үүд Эрээний боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоход анхаарал хандуулж байгаа гол шалтгаан нь Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлого, тэр дундаа Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын одоо байгаа хүчин чадлыг 3- 4 дахин нэмэгдүүлэх зорилго биелэнэ. Мөн БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын 6 үндсэн коридорын нэг нь манай Замын-Үүд, Алтанбулаг чиглэл байгаа. Тиймээс энэ коридорын үйл ажиллагааг дэмжих зорилготой гэж ойлгож болно. Түүнчлэн Монгол, Орос, Хятад гэсэн 3 улсын хувьд Эрээн – Замын-Үүд, Алтанбулаг – Хиагт гэсэн боомтууд нь өөрөө эдийн засгийн үндсэн коридор болж байгаа. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Транзит Монгол” хөтөлбөрийн үндсэн гол коридор нь Замын-Үүдийн боомт юм.

Замын-Үүд боомтын хувьд өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил явагдаж боомтын маань хүчин чадал хуучнаасаа 3 дахин ихэссэн. Зорчигчдын болон боомтоор үйлчлүүлж байгаа худалдааны байгууллага, тээвэрлэгчид зорчиход ая тухтай байх, энд ажиллаж байгаа хүмүүсийн ая тухтай үйлчлэх орчныг хангасан бүтээн байгуулалтын ажил дуусаад ажил зүгшрэх шатандаа орсон байна. Тиймээс Монгол, Хятадын хооронд хийж байгаа худалдааны эргэлтийг 20 тэрбумд хүргэх хоёр улсын Ерөнхийлөгчийн тавьсан зорилт, гурван улсын хувьд транзит үйлчилгээг явуулах зорилтуудын хүрээнд энэ боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгохоор туршиж байна.

Боомтын сэргэлтийн хүрээнд манай талаас Хил хамгаалах байгууллага, Гаалийн ерөнхий  газар, Гадаадын иргэн харьяатын газар, Зам тээврийн яам, Авто тээврийн Үндэсний төв, “Улаанбаатар төмөрзам” ХНН-ийн албан хаагчид бүгд хамтарч ажиллаж байна. Мөн Дорноговь аймгийн Засаг дарга, Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа, Замын-Үүд сумын засаг захиргаа, хэв журам сахиулах Цагдаагийн албан хаагчид зэрэг төрийн бүх байгууллагын төлөөлөл энэхүү туршилтын үйл ажиллагаанд оролцож байна.

Жирийн үед ажлын 8 цаг байдаг. Тэгвэл 24 цагийн ажиллагаатай болгосноор ажлын ачаалал 3 дахин өснө. Тэгэхээр энэ хэрээр ачаа тээвэр өснө. Өвлийн улиралд харьцангуй ачаалал багатай байдаг ч бид хувийн хэвшилтэйгээ хамтраад зөв зохион байгуулалтад ороод ачааны урсгалыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Ер нь Замын-Үүд боомт маань Монгол Улсын импортын 75 хувийг оруулдаг, экспортын хувьд ч өндөр ачаалал авдаг.

Иймд аль аль талынх нь ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засагт төдийгүй худалдаа хийж байгаа иргэд, ААН-ийн хувьд маш их давуу талыг бий болгоно. Тиймээс туршилтын хугацаанд хоёр улсын хилийн боомтоор нэвтэрч байгаа ачаа тээврийн тоо нэмэгдэх байх гэж найдаж байна. Цаашдаа байнгын 24 цагийн горимд орчих юм бол энэ тоо 3 дахин нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Гаалийн ерөнхий газрын Дэд дарга Г.Энхтайван

Замын-Үүд боомтыг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээн байгуулалттай болгоод байна. Энэ боомтод зорчигчийн терминал, ачаа тээврийн терминал гэсэн хоёр том бүтээн байгуулалт хийгдлээ. Бид 14 хоногийн туршилтын хугацаанд зөвхөн ачаа тээврийн терминалыг 24 цагийн горимд шилжүүлэх ажиллагааг эхлүүлж байна. Ингэснээр ачаа тээврийн урсгал сайжирна.

Учир нь Тяньжины боомт дээр их хэмжээний бараа овоорлоо, хэрхэн яаж татаж төвлөрүүлэх вэ гэдэг асуудлууд яригдаж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвхөн төмөр замаар тээвэр хийхээс гадна авто замын урсгал 24 цаг болсоноор ачаа бараа импортолдог буюу гадаад худалдаанд оролцогч иргэд, ААН-үүд маань авто замаар тээврээ тасралтгүй хийх боломжийг бүрдүүлж байна. Туршилтын хугацааг үр дүнтэй ашиглах боломжоор нь хангахад гаалийн байгууллагын зүгээс шаардлагатай үйлчилгээг үзүүлнэ.

Тиймээс Гаалийн байгууллагаас дотоод зохион байгуулалтуудаа хийж ажиллаж байна. Тухайлбал, хилийн хяналтын байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын үйл ажиллагааг сайжруулж, 24 цаг  ажиллах боловсон хүчнийг Замын-Үүд боомтод Улаанбаатар хотоос албан хаагчдыг хуваарилан ажиллуулж байна. Хилийн хяналтын байгууллага болон Гаалийн байгууллагын албан хаагчид 3 ээлжээр ажиллах хуваарь гаргаад байна.

Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүн зорилт бол Боомтын сэргэлт. Энэ хүрээнд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Хилийн боомтын Захиргааны дарга Б.Батхишиг тэргүүтэй удирдлагууд 2023 оны 8 дугаар сарын 21-нд “Монгол-Хятадын хилийн боомтын менежментийн V дугаар уулзалт”-ыг амжилттай хийгээд ирсэн. Tус уулзалтаар олон сэдвээр хэлэлцэж тохирсоноос хамгийн гол асуудал болох Замын-Үүд Эрээний боомтыг 24 цагийн горимд шилжүүлэх ажил байсан.

Энэ хүрээнд хоёр талаас ажлын хэсэг байгуулагдсан. Монголын талаас  Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг ажлын хэсгийг ахалж, Замын-Үүд боомтын болон Хил, хяналтын байгууллагууд, сум орон нутгийн удирдлагууд энэ ажилд  ач холбогдол өгч ажиллалаа. Энэ ажлын үр дүн болж, 12 дугаар сарын 16-нд туршилтын хугацаа эхэлж байна. Энэ өдрийн оройн 21 цагийн байдлаар Замын-Үүд боомтоос 6 тээврийн хэрэгсэл гарсан байна. Эрээний боомтоос 26 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна.

Жирийн өдрүүдэд 200-250 ачааны тээврийн хэрэгсэл гардаг бол зуны барилгын сезон эхэлсэн улирлуудад 350-400 ачааны тээврийн хэрэгсэл болж нэмэгддэг. Энэ өсөлтөөс үүдэн Замын-Үүд боомт, Эрээний боомт дээр ачаа тээврийн хэрэгсэлийн урт дараалал үүсэх асуудал жил болгон л гардаг. Тиймээс 24 цагийн горимд шилжвэл дээрх асуудал бүрэн шийдэгдэх юм.

Авто тээврийн үндэсний төвийн Авто тээврийн улсын байцаагч А.Ганзориг

Замын-Үүд боомтын ачаа тээврийн хэсэг 14 хоногийн хугацаатай туршилтын журмаар 24 цагаар ажиллаж эхэллээ. Манай байгууллагын хувьд БНХАУ руу гарах тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, жолоочийн холбогдох бүх бичиг баримт, зөвшөөрлийг шалгана. Шалгаж дуусаад манай тээвэр зохицуулагчаас сард нэг удаа нэвтрэх D зөвшөөрлийн бичгээ аваад хилийн зурвасаараа БНХАУ-ын тал руу нэвтэрч ордог. Албан байгууллагын тээврийн хэрэгслийн хувьд АТҮТ-ийн цахим хаяг руу холбогдох бичиг баримтаа илгээж, C зөвшөөрөл авсанаар уг тээврийн хэрэгсэл нь 3 сарын хугацаанд хэдэн ч удаа нэвтэрч болно.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, 14 хоногийн туршилтын хугацаа эхэлсэн уртасгасан цагуудад буюу 18 цагаас хойш гурван хоногийн /2023.12.19/мэдээгээр Замын-Үүд автозамын боомтоор нийт 322 автомашин нэвтэрсэн хэмээн Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням мэдээлэв.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version