Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолыг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх болзол хангасан 48 албан хаагч тангаргаа өргөлөө.
Ёслолыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү хэлсэн үгэндээ Нийгмийн хамгаалал, халамж, нийгмийн даатгалын бодлого зангиддаг салбарын албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдэд чин сэтгэлээсээ хандаж, хууль журмыг баримтлан, манлайлагч, үлгэр жишээ ажиллах хэрэгтэйг онцлоод тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж амжилт хүслээ.
Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар нийт 225.0 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагаас төрийн захиргааны албанд 22.0 мянган албан хаагч, төрийн улс төрийн албан тушаалтан 3.8 мянган, төрийн тусгай албанд 47.2 мянган албан хаагч, төрийн үйлчилгээний 152.2 мянган албан хаагч байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 5500 гаруй нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч ажиллаж байна.