ЯрилцлагаНийгэмОнцлох

“Англи” Болдоо

Бэлтгэл хурандаа Ш.Болдбаатар. Гүүр туннелийн барилгын инженер, иргэний хамгаалалтын штабын офицер мэргэжилтэй. Аюулгүй байдлын ухааны боловсролын доктор.

Түүний намтрыг харвал ажлын гараагаа ерөнхий инженерээс эхэлсэн байх. Ерөнхий инженерээс “тушаал буурч” байлдагч, байлдагчаас салаа, салбарын захирагч, ахлах, зөвлөх, дарга захирал гээд явж. Орос, англи, франц хэлтэй. Хэнтий аймагт томилогдон ажиллаж байхдаа аймгийн захиргааныханд англи хэлийг үнэгүй, сайн дураараа заадаг байж. Тэр үеэс “англи” Болдоо хэмээх бас нэгэн “цол” нэмсэн.

Өнөө цагт тун хэрэгцээтэй мэргэжилтэй, хэд хэдэн гадаад хэлтэй түүнийг тэтгэвэртээ суусан гэж сонсоод “эрдэм, мэдлэгийг нь ашигладаггүй юм байх даа” гэх харамсал төрөөд байв. Харин тэр зүгээр суугаагүй. Орчуулга хийж, Дэлхийн банкны төслийн зөвлөхөөр ажиллахын хажуугаар ач, зээгээ сургуульд зөөх том алба хашиж яваа.

Мөн тэрээр “Онцгой мэдээ” сониноор дамжуулан “Намайг дэмжиж, тусалж явсан үе үеийн Иргэний хамгаалалтын болон Онцгой байдлын албаны удирдлага, хамт ажиллаж байсан нөхөд, 122 дугаар анги, Хэнтий аймгийн Ардын депутатын хурлын /хуучин нэрээр/ Гүйцэтгэх захиргааны хамт олонд талархаж явдгаа илэрхийлснийг хүлээн авна уу. 

-Ажиллаж байсан албан газраа гаднаас нь харж явахад ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Бидний байгуулсан Онцгой байдлын албыг сайхан авч явж байна. Олон залуу өргөсөн тангарагтаа үнэнчээр, эр зориг гарган эх орныхоо төлөө ажиллаж байгааг хараад бахархаж явдаг. Цалин, хангалт нэмэгдэж алба хаагчид нь эрч хүчтэй байгааг харахад таатай байна.

-Та гүүр туннелийн барилгын инженер мэргэжилтэй юм билээ. Яагаад цэргийн хүн болчихсон юм бэ?

-Хувь тавилан л юм даа. Би, ЗХУ-ын Минск хотын Политехникийн дээд сургуулийг гүүр туннелийн барилгын инженер мэргэжлээр 1975-1981 онд суралцан төгсөж ирсэн. Ирээд Улаанбаатар хотын Зам гүүрийн конторт мастер, ерөнхий инженерээр ажиллаж Сэлэнгэ аймгийн Шаамарт гүүр барьж байлаа. Тэр үедээ цэрэгт татагдсан.

Цэрэгт татагдахад инженерийн ангид хуваарилна, Хялганатын фонтонон гүүрт техникийн инженерээр явуулна гэж байв. Тухайн үед Батлан хамгаалах яамны, инженерийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Өлзийбат хурандаа намайг зам гүүрийн 015 дугаар ангид оруулна гэж байтал Өвөрхангайн 015 дугаар анги тэр жил татан буугдсан.

Тэгээд чамайг хааш нь шингээх вэ гэж ярилцаж байгаад Иргэний хамгаалалтын газрын штабын дарга Банзрагч хурандаа “Чи манайд хэрэгтэй хүн байна. Хоргодох байрны инженерээр манайд ажилла” гэсэн. Гэтэл газрын дарга Г.Махбариад генерал чамайг шууд төв штабт ажиллуулахгүй.  Цэргийн ангид ажиллаж үз, нэг жил болгоод буцааж авна гээд Зэвсэгт хүчний 122 дугаар ангид /одоогийн Үндэсний аврах бригад/ салааны даргаар томилсон юм.

-Гүүрийн инженер, салаан захирагч болсон түүх ингэж эхэлжээ. Тийм үү?

-Салаан захирагчаар гурван жил ажиллалаа. Нэг өдөр ангийн захирагч дуудаад төв штаб руу биш, ротын захирагчаар томилов. Дахиад нэг жил, хоёр жил чимээгүй. Дуудлаа. Одоо хөдөө орон нутагт яв, Хэнтийн ажил уначихсан тийш яв гээд Хэнтийд 1986-1991 он хүртэл таван жил ажиллав. Томилогдсон жилдээ Москвагийн Иргэний хамгаалалтын академид зургаан сар суралцаж Иргэний хамгаалалтын штабын офицерын диплом өвөртөлж ирлээ.   

Тэнд ажиллахдаа цас зуд, түймэр, ноосны төлөвлөгөө, аргал түлээ цуглуулна. Өндөрхаан хөлдлөө, нүүрсний цуваанд яв. Шатахуунгүй боллоо.  Бензин олж ир, бензингүй бол битгий иргэж ирээрэй гэнэ. Түймэр эсэргүүцэх агаарын харуулын АН-2 онгоцоор ажиглагч нисэгч Баасантай хамт шүхэрчин, гал сөнөөгчдөө аваад ойн түймрийн эргүүлд явна. Нэг удаа хаврын түймэр унтраагаад “хөөтэй төлөг” шиг болсон үед маань Улсын иргэний хамгаалалтын газрын дарга хурандаа Г.Дамдинсүрэн, Иргэний хамгаалалтын төв штабын газар хэлтсийн дарга, ахлах офицерууд хурандаа Г.Чулуун, Батсүх, П. Цэдэв  нарын хамт  нисдэг тэргээр буудаг юм.

Цагийн байдал танилцуулаад рапорт өгсөн, рапортыг маань газрын дарга  ихэд тоов. Цагийн байдал танилцуулаад рапорт өгсөн, рапортыг маань хурандаа генерал ихэд тоов. Хэнтий аймгийн Цэргийн хэлтсийн дарга, хурандаа Д.Жадамбаа намайг “Цэргийн хүнээс гадна аймгийн намын хороо, захиргаанд  англи хэл заадаг лут залуу байгаа юм” гэж танилцууллаа.

-Тэгээд буцааж татсан уу?

-НҮБ-ын Хөгжлийн  хөтөлбөрийн шугамаар 1991 онд Тайланд улсад гамшгийн менежментийн чиглэлээр нэг хүн сургахаар болсон боловч англи хэлэндээ тэнцсэн хүн байгаагүй юм билээ. Боловсон хүчин Ж.Баасанхүү нэг өдөр намайг дуудаж, англи хэлний шалгалт өгөөдөх гээд шалгалтад ороод тэнцсэн. Тэгээд л өнөө маргаашгүй Тайланд яв гээд явуулчихлаа.  Тэнд би их юм сурч ирсэн.  Буцаж ирээд амралтаа авъя гээд ортол  Улсын иргэний хамгаалалтын газрын сургалтын төвийн захирлаар томилж, таван жил ажилласан.

-Дараа нь?

-Завхан аймгийн Тэгшийн гүүрийн барилга дээр ажиллаач гэдэг саналыг Автозамын газрын Тамгын газрын дарга Н.Сүлдчимэг тавьсан. Гэтэл замын маршрут өөрчлөгдөөд Тосонцэнгэлээр дайрах болоод тэр гүүрийг барих шаардлагагүй болсон юм.

Тэгээд ажилгүй гэртээ байж байтал Улсын иргэний хамгаалалтын газрын дарга О.Үржин генерал утасдаад “НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслийн бэлтгэл үе шат нь дуусаж, I үе шат нь эхлэх гэж байна тус төслийг зөв удирдаад явах хүн хэрэгтэй байна” гэж ажиллах санал тавьсан.

Тэгээд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслийн менежерийн англи хэлний болон гамшгийн менежментийн шалгалтыг Гал гуай болон бусад залуучуудтай өрсөлдөж  тэнцэн тус төслийн менежерээр томилогдсон.  Гамшгаас хамгаалах төсөл боловсруулах, Монгол Улсад гамшгийн аюулыг бууруулах тогтолцоог боловсронгуй болгох, энэ байгууллагыг шинэчлэх ажил тэр үеэс эхэлсэн.

-Ярилцлагын эхэнд “бидний байгуулсан” гэж онцолсон нь ийм учиртай байжээ.

-Тийм ээ, төслийн менежерээр 10 жил ажилласан. Төслийн I шатны  захирлаар О.Үржин генерал ажиллаж төслийг зөв чиглүүлж суурийг тавьснаар цаашид үйл ажиллагаа нь жигдэрч ажилттай хэрэгжсэн. Төслийн I, II, III үе шатуудад 2002-2012 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийн (2003, 2017) төслүүд болон Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, Монгол Улсад гамшгийн аюулыг бууруулах тогтолцоог боловсронгуй болгох, энэ байгууллагыг шинэчлэх ажилд  хүчин зүтгэж ажилласан юм.  

Дараа нь Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газарт Гамшгийн эрсдэлийн менежментийн ахлах мэргэжилтнээр 2013-2017 онд мөн ажиллаж ОБЕГ-ыг бэхжүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх  ажлыг хариуцаж байлаа. Тухайн үед  Иргэний хамгаалалтын тухай хуульд  дайны үед хүн амыг хөнөөх хэрэгслийн хөнөөл болон  тайван цагт байгалийн гамшгаас  хамгаалах асуудлыг тусгасан байсан юм. Тэр систем нь цаг үетэйгээ нийцэхгүй болсон учраас хуулиа ч систем тогтолцоог ч өөрчлөх шаардлага бий болсон гэсэн үг.

-Ажлаа юунаас эхэлж байв?

-Юун түрүүнд хуулиа шинэчилсэн. Урьд нь ард иргэдэд гол төлөв иргэний хамгаалалтын сургууль дадлага хийдэг байсныг өөрчилж төслийн хүрээнд  гамшгаас хамгаалах тухай ойлголт өгч, бүх аймаг 330 суманд гамшгаас хамгаалах болон нутгийн иргэдэд тулгуурласан гамшгийн менежментийн сургалт явуулж эхэлсэн. 

Бүтэц, зохион байгуулалт, бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг дээшлүүлэх, аврах, анги салбаруудын эрэн хайх, хими, усны аврах багаж, хамгаалах хувцас хэрэгсэл, техник тоног, төхөөрөмж хангалтыг нэмэгдүүлэх, бүсийн  төв,  аймгуудын холбоо зарлан мэдээллийн систем, гамшгийн мэдээллийн сан байгуулж, шуурхай удирдлагын төвийг компьютержуулсан.

Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын Үндэсний аюулгүй байдалд байгалийн гамшиг нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг хийсэн. Сүүлд сонсох нь ээ ном болж төрийн бүх байгууллага, 330 сумдад тараагдсан гэсэн.

-Та хүн удирдахдаа ямар зарчим барьж ажилладаг байв?

-Аль болох л дэмжинэ. Хувь хүний өөрийнх нь чадвар дээр үндэслээд дэмжиж ажилладаг. Урам зоригтой ажиллуулаад нэмээд дэмжээд өгвөл залуус амжилтад хүрдэг. Дэндүү дарамтлаад байлгүй хүмүүстэйгээ нээлттэй харилцаж давуу талыг нь түшиглээд ажилладаг байсан.

-Таны докторын зэрэг хамгаалсан сэдэв “Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх зудын эрсдэлийг бууруулах арга зам” байсан уу?

-2000-аас өмнөх үед уур амьсгалын өөрчлөлт байгаагүй учраас өвс ногоо нь сайхан ургачихдаг. Зуд бараг болдоггүй байлаа. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлж ургамлын гарц муудаад  2000, 2009 -2010, 2021, 2022 оны гэх мэт дараалсан олон зуд болсон. Тиймээс  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд зуд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааг хийсэн.

-Судалгааны дүн яаж гарсан бэ?

-Асар их нөлөөлсөн. Малгүй болсон малчид сум, аймаг, хот руу шилжиж нүүдэл ихэссэн. Заримд нь ажил олдохгүй архи ууж нийгмийн ядуурал бий болсон. Тиймээс зудын гамшиг үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж үзэж бэлчээрийн мал аж ахуйгаа төрөөс дэмжих ёстой гэж үзсэн.

-Цаашид бэлчээрийн мал аж ахуйгаас эрчимжсэн суурин мал аж ахуйд шилжих талаар ярих болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Бэлчээрийн мал аж ахуй монголын уламжлал, соёл бүх юмтай холбоотой. Бэлчээрийн мал аж ахуйгаас ямар ч хог гардаггүй. Хамгийн байгальд ээлтэй. Байгальд ээлтэй мал аж ахуйг авч явна гэдэг өнөө цагт бүр илүү чухал болоод байгаа. Монгол хүн малаа хариулж  байж эрдэм, амьдралын арга ухаанд сурдаг. Малчин хүн 18 төрлийн мэргэжил эзэмшдэг гэдэг. Тухайлбал, малчин хүн наад зах нь хөдөө аж ахуй, газар тариалан, цаг уур, мал зүйч байх нь. Тиймээс бэлчээрийн мал аж ахуй, малчдаа заавал дэмжих ёстой. Харин газар тариалангийн бүсдээ суурин мал аж ахуйгаа дэмжиж цаашид хосолмол байлгах нь зөв.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version