Авлигатай тэмцэх газраас их сургуулийн оюутан, залуусын шударга байдлын түвшинг нэмэгдүүлэх, их, дээд сургуулийн орчинд шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, шударга байх соёлыг түгээх зорилгоор МУИС, ШУТИС, АШУҮИС, ҮБХИС-д байгуулсан “Шударга ёсны клуб”-ын нээлттэй өдөрлөгийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв”-д зохион байгуулав.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн өдөрлөгийг нээж шударга байх нь хүний дадал болох талаар чөлөөт ярилцлага өрнүүлж, оюутан залуусыг бусдад шударга ёсны зөв үлгэр дуурайл үзүүлж, үе тэнгийн залуусаа манлайлахыг уриаллаа.
Уг арга хэмжээнд дээрх их сургуулиудын 4 клубийн 78 оюутан оролцсон бөгөөд оюутнууд өдөрлөгийн үеэр “Олон нийтийн төв” болон байгууллагын үйл ажиллагаатай танилцах аялал хийв.
Өдөрлөгийн үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъянчойжил “Хэн нь илүү буруутай вэ?” сэдвээр чөлөөт мэтгэлцээн зохион байгуулсан нь оюутнуудын идэвхийг өрнүүлж, 4 баг 3 үеийн турш нотлох, няцаах байр суурьтайгаар 20 илтгэл хэлэлцүүлж оролцлоо. Залуус мэтгэлцээний явцад авлигын хор хөнөөл, авлигын гэмт хэргийн оролцогчдын гэм буруугийн талаар тодорхой ойлголттой болж, бие биеэсээ шударга байх, авлигаас ангид байхын үлгэр жишээнээс суралцав.
Арга хэмжээний талаар МУИС-ийн “Шударга ёсны клуб”-ийн зөвлөх багш бөгөөд Улс төр судлалын ахлах багш, доктор Д.Түмэнжаргал “Цаг үеэ олсон хэрэгтэй мэдээлэлтэй, оюутан залууст онцгойлон зориулсан сайхан арга хэмжээ боллоо. Цаашид тус арга хэмжээг сургуулийнхаа клубээр дамжуулан нийт оюутнуудын дунд зохион байгуулах болно. Авлигатай тэмцэх газрыг иргэдэд нээлттэй үйл ажиллагаагаа танилцуулж, залуучуудад шударга ёсны аялал хийх боломжоор хангасанд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.