НийтлэлОнцлохЧөлөөт цаг

Тэнгэр, газар, манан гурвын дунд

Чихний үзүүрт шунгинах шумуулын дуунаар нойрноосоо сэрэв. Хормын зуурт ухасхийн өндийж золигийн муу шумуулыг нислэг дунд нь алга хавсарч намнав. Эргээд хэвтлээ. Нойр хүрэх юм биш. Ням гарагийн өглөө сайхан унтана даа гэсэн төлөвлөгөө ингээд замхрав. Гадаа бороо орж байна. Тасралтгүй дусагнах усны чимээ сонсож, орондоо хэдэнтээ хөрвөөв. Онцын хийчихмээр яаралтай ажил юу билээ гэх нь ээ санаанд тэр гээд хэлчихмээр ойр наана, тодорхой бодол алга. Эргэж унтах найдвар талаар болсон тул тэгсгээд бослоо. Босохын зуур нэг мэргэн санаа тархинд зурсхийн орж ирэв. Ерөөсөө борооны ус туучъя…

Довжоон дээр гарч суугаад агаарлахуй

Дугариг саран хань болооч гэх шиг эгц өмнөөс мэлмэрхүй

Долоон сарын сэрүүн агаарыг шунаглангуй сороод гэгэлзэхүй

Дурлал хайрын тэнгэр гагцхүү намайг орхисон мэт

Амралтын өглөө хэн намайг хараа билээ, усанд ордог резинэн улавчаа углаад толинд ч харалгүй үсээ шуусан болоод гадагш гарлаа. Унтлагын хувцастайгаа самбагнаж яваа надтай орцонд хэн ч таарсангүй. Гадаа гарлаа, бас хэн ч алга. Зөөлхнөөс зөөлөн шиврээ бороо орж байна. Урд зүгийн бороо юу сан билээ, цаанаа л нэг дулаан амьтай. Орцны үүдэнд хэсэг зогслоо. Улс амьтан таарвал галзуу хүүхэн байна даа гэж харах вий хэмээн бодох ч бороонд алхах соньхон хүсэл минь гадагш түрнэ. Хамгийн сүүлд хэзээ өөрийн дураар борооны ус туучиж, зоргоор алхсанаа бүр мартчихаж. Уг нь хоёр гурван хоногийн өмнө манай энд бороо орох нь ч орсон л доо. Тэр оройн борооноор гүйх нь битгий хэл, намайг хамаад явчихмаар сул ус бууж билээ. Өнгөрсөн жил яалаа, ажил тараад харьж явтал мөндөртэй бороонд цохиулангаа алдаад гудамжны номын санд хэсэг саатаа үгүй юу.

Цас бороо ороогүй үед манай хорооллын настайчууд эрт гэлгүй яг өдийд гадаа нарлаж суудаг юм. Тэд гэртээ бүгжээ. Тэтгэврийнхэн голдуу амьдардаг энэ хороололд үзэж сонирхох юм тун ховор. Хөгшчүүл хааяа нэг бие биеэ ихэд дотнорхуу дуудаж, чанга чанга ярьж байх нь хэдэн байрны дунд цуурайтан сонссогдог л юм. Манай өрөөний цонх дандаа онгорхой байх юм чинь дээ, сонсогдохгүй гээд хаачих вэ дээ. Байр орцонд бол өөдтэйхэн хашгирчих хүн ч олдохгүй дээ. Бүтэн жил болоход хажуугийн орцны үүдэнд шинэхэн бэрээ угтаж авсан айл ёс төр болж, цочтол цочтол ёслолын буудлага хийснийг эс тооцвол хөгжил баяслын анир чимээгүй газар билээ.  

Хороолол руу орж гардаг нарийн гудмаар төв зам тийш зүглэв. Зам зуурт өглөө бүр намайг уриалгахнаар үдэж, үдэш бүр эелдэгхнээр тосдог ганц бүдүүн уд борооны усанд шалба нороод, улам ч налмайчихаж. Надад яагаад ч юм, уд мод бүсгүй хүн шиг төсөөлөгдөнө. Уд намар болоход навчсаа гөвж, туяханаас туяхан мөчир юугаа сэвхийтэл өргөх нь зовлонтой жаргалтай нэгэн оныг үдчихээд хэнгэнтэл санаа алдангаа айсуй цагийг итгэлтэйгээр сөрөн зогсох эх хүн шиг харагддаг болсоор удаж. Уд жилээс жилд голоороо бүдүүрч, улам ч суурьтай болно. Тэр хэрээр байгалийн олон янз үзэгдэлд ховхорч холтрохгүй, хамгийн үзүүрийн салаагаараа хүртэл нахилзан найгавч үл хугарна. Би заримдаа сахилгагүйтэж, өнөөх удны үзүүрийг үсэрч ирээд алгаддаг сан. Өнөөдөр уд маань бүр царай алдаад, үзүүрүүд нь цардмал замын ирмэгт юу юугүй хүрэх нь үү гэлтэй харагдана. Эл газрын улс цэцэрлэгт хүрээлэнгийн дундах хиймэл нуурын мандал дахь бадамлянхуаг харж ихэд баясан, ойр тойрноор нь эргэлдэн хорогдох бол надад харин унжгар удны үзүүр усны мандалтай шүргэлцэн ахуйг холоос ажин суух нь бясалгал шиг ажгуу.

Шингэж буй нарны туяа нуурын усанд буугаад

Ширхэглэн жижгэрсэн ялтасууд болон бутраад

Буман оддыг элэглэх мэт жирвэлзэн гялтагнаад

Бутархайдаа ч би гэрэл билээ гэх шиг тохуутай

Усархаг бороо үргэлжлэн орсоор. Жижиг жижиг бүлээн дуслууд над дээр бууна. Тэдгээр усан дусал тархи руу бодол болон шингэх шиг. Шарлангуй өнгөт гудамжны ус хөл дээгүүр жирэлзэн гүйнэ. Нэг нь нөгөөгөө хаман урссаар их ус болон цааш жирэлзэн гүйнэ. Сүлжээ гэзэг шиг тэрхүү гүймэг усны азтай хэсэг гол мөрөнд хүрч нийлнэ дээ гэсэн шиг мяралзан урсах бол азгүй хэсэг нь  муу усны төмөр таглааны онгорхой нүхээр багталцаж ядна. Хотын төвөөр олны хөл хөдөлгөөн мэдэгдэм эрс татарчээ. Тэртээгээс ирж явсан унаа тэрэг энтээ ч хүрэлгүй үзэгдэхгүй болох. Бүүрсгэр манан өөртөө бүхнийг залгин, уусган замхруулна. Саяны харсан үзэгдэл юмс бодит бус ч юм шиг, тэр бүү  хэл тэнгэр газрын хоорондох зай багасчихсан ч юм шиг. Цэлийн харагддаг огторгуйн орон зайг бүхэлд нь өтгөн манан дүүргэжээ. Тэнгэр тэнд бий хэмээн хуруугаараа дээш заахын тэмдэггүй болтлоо саарал манан хотыг нэлэнхүйд нь бүрхсэн байв.

Хэдхэн хоногийн өмнө ажил дээр “Манай нутгаар бороо их орж байна гэнэ ээ” гэхэд “Тэгвэл Монголд сайхан наадам болох нь ээ” гэсэн яриа болж өнгөрсөнийг саналаа. Олон хүн цугларсан газар нэг бол уур хилэн тэсэрч, нөгөө бол аз жаргалын даавар ялгарч байдаг. Монгол наадам бол монгол түмний найр цэнгэлийн их хөөсрөөн билээ. Уясан морьгүй хэрнээ Хүй долоо худагийн тоосонд даруулж түрүү морь харах, таньдаг ганц бөхгүй хэрнээ ханьдаа хань болж бөхийн тайлбар сонсох, Цэнгэлдэхийн наранд шарагдаж сур харвааны талбайгаар ёс юм шиг эргэх ч бас л монгол хүний энэ насны жаргал шүү. Хаанахын хуушуур амттай бол, хаахна идвэл тухтай бол гээд ханиараа наадаж явдаг наадмын өдрүүдийг шиврээ бороотой уявал уу, юу ч хэлэх вэ.

Анх очсоны дараа бороотой өдрийн маргааш ажилдаа усны гуталтай очиж, тоон дотор үсэг болов. Түүнээс хойш өмсөж очоогүй ээ. Эхэндээ Хөх хотын тэнгэрийн аяг, соёлын хэв маягийг нь мэддэг ч үгүй байж, ойлгодог ч үгүй байж. Цутгасан их бороо гэнэ гэнэ орох. За одоо ч үер буусан даа л гэнэ. Өнөөх их усны сураг маргааш битгий хэл үдийн хагаст  байхгүй болчихно. Ингээд л суурин маягийн өнөөх л амьдрал ахин дахин хэвийнээр үргэлжилнэ. Өнөөдрийн энэ бороо харин чиг манай нутгийн бороо шиг шаагаж байх чинь вэ.

Ер нь тэгээд том хүн борооны ус туучиж чаддаггүй юм байна лээ дээ. Зүгээр л цэрвэх цэмцэгнэхгүйгээр алхсан нь л сайхан юм. Нааш цааш хэдэнтээ алхав. Уйдмар  аядав. Ингээд гэр рүүгээ буцав. Манантай тэнгэрийн зэгэлдүү өнгө намайг уйтгарлуулав. Уйтгарт сэтгэлд ганцаардал мэдрэгдэв. Ганцаардал анхнаасаа намайг гадагш хөтөлсөн болохыг ухаарав. Бойлуураа халаав. Халуун усанд оров. Араас нь өглөөний цайгаа уув. Сэргэлт илт мэдрэгдэв. Ганцаардлаа төвлөрөл болгож хувиргав. Ингээд бичиж эхлэв. Эхний өгүүлбэрээ “Чихний үзүүрт шунгинах шумуулын дуунаар нойрноосоо сэрэв” хэмээн шивэх ажгуу.

Борооны дараах үүлмэг тэнгэрт ядмаг наран гарахуйяа

Бан чийгт баригдсан хүлэгдмэл бодлуудыг минь сэтлэх мэт

Шавар балчигт тарчилж явсанд маань цэг тавих шиг

Шинэ, бүүр өөр эхлэлийн гэгээг зүрх рүү минь цутгана

Хөх хот 2019 он Б.Туул

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version