Гадаад харилцаа

“Загвар-НҮБ 2023” хуралдаан боллоо

МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас жил бүр уламжлал болгон үндэсний хэмжээнд зохион байгуулдаг оюутны “Загвар-НҮБ 2023” хуралдаан /2023.11.25-26/ Монгол Улсын Гадаад харилцааны яам болон МУИС-ийн Номын санд амжилттай болж өндөрлөв.

“Хуваагдсан Дэлхий: Даян дэлхийн нэгдмэл байдал, энх тайван, тогтвортой ирээдүйн алсын хараа” сэдвийн дор МУИС, ШУТИС, ХААИС, ХУИС, МОУДС зэрэг их, дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид  болох нийт 100 гаруй хүүхэд, залуус 20 улсыг төлөөлөн багаар оролцож, дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв.

Уг арга хэмжээний нээлтийн ёслолд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал П.Баасанхүү, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч В.Ахужа, МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Мөнхбат, хаалтын ёслолд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Шуфани, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч М.Димовска нар оролцож үг хэлэв.

“Загвар-НҮБ” хуралдаан нь дэлхийн олон улсад зохион байгуулдаг, оюутан, залууст улс төр, олон улсын харилцаа, түүх, нийгэм, эдийн засаг зэрэг чиглэлээр хуримтлуулсан онолын мэдлэгээ практикт ашиглан бодит туршлага олгоход чиглэсэн арга хэмжээ юм.

Энэ жил 18 дахь удаагаа болсон “Загвар-НҮБ 2023” хурлыг МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран зохион байгуулав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version