Өв соёл

Морин хуурын чуулга БНХАУ-ын Шанхай хотод тоглоно

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр БНХАУ-ын Шанхай хотын симфони оркестрын их танхимд толилуулна.

Монгол үндэстний үнэлэмж цогц арга хэмжээний чухал зорилтын нэг нь уламжлалт өв, соёл, урлагаа дэлхийд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Хүн төрөлхтний соёлын биет бус өв, өнө эртний баялаг түүхтэй Монголын үндэсний урлагийн сор болсон морин хуур хөгжмийн гайхамшигт хөг аялгууг гадаадын 30 гаруй орны алдарт тайзнаа эгшиглүүлэхэд Монгол Улсын ГХЯ болон хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрууд бүхий л боломжийг бүрдүүлж ирсэн билээ.

Энэ удаагийн тоглолт нь Морин хуур чуулгын ардын болон сонгодог 13 бүтээлээс бүрдэх бөгөөд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй хот, худалдаа, эдийн засаг, санхүү болон соёл урлаг, дизайны томоохон төв Шанхай хотод анх удаа тоглох гэж буйгаараа онцлог юм.

Шанхай хотын симфони оркестрын их танхим нь 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд акустик, өвөрмөц, барилга байгууламж, загвар дизайнаараа БНХАУ-д төдийгүй Ази тивд шилдэгт тооцогддог. Эдүгээ дэлхийн 100 гаруй улс орнуудын шилдэг тоглолтыг тасралтгүй хүлээн авсан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version