УИХОнцлох

“Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” үнэлгээний зөвлөмжийг хэлэлцэв

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран зохион байгуулсан “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний үйл ажиллагаа /2023.11.23/ өндөрлөлөө.

Парламентын өөрийн үнэлгээний хүрээнд хүний эрхийн болон жендэрийн тус бүр дөрвөн хэсгийн хэлэлцүүлэг өрнөсөн юм. Хүний эрхийн асуудлаар “Хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагаа”, “Парламентын хяналтыг бэхжүүлэх нь”, “НҮБ-ын хүний эрхийн тайлагнах механизмд парламентын оролцоог нэмэгдүүлэх нь”, “Олон нийт ба хүний эрхийн бусад байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлгүүд өрнөсөн бол жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар “Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо (тоо, албан тушаал)”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, эрх зүйн бодлого, тогтолцоо”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах”, “Парламент дахь байгууллагын соёл, орчин, бодлого” сэдвүүдийг тойрон ярилцав.

Дээрх хэлэлцүүлгүүдийн үр дүнг дүгнэсэн нэгдсэн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг удирдан явууллаа. Тэрбээр, парламентын өөрийн үнэлгээний хэлэлцүүлгүүд ихээхэн ажил хэрэгч, бүтээлч болсныг онцлоод, оролцогчид, олон улсын болон үндэсний зөвлөхүүд, зохион байгуулж ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлэв.

Хэлэлцүүлгүүдээс, өргөн хүрээтэй, томоохон, басхүү реформын шинжтэй саналууд гарсныг тэрбээр олзуурхан дурдаж, Монгол Улс дахь хүний эрх, жендэрийн тэгш байдлын чиглэлээр ихээхэн дэвшил гарахуйц үзэл, саналууд олонтаа яригдсаныг тэмдэглэлээ.

Дараа нь, хоёр өдрийн нийт найман хэлэлцүүлгээр Монгол Улс дахь хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал хэрхэн хангагдаж байгаа талаар иж бүрнээр тодорхойлон хэлэлцэж, цаашид хэрхэн сайжруулах, Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хууль болон бусад бодлого, шийдвэрт хэрхэн хангаж ажиллах бодитой, тодорхой саналууд гарсныг өөрийн үнэлгээний Олон Улсын болон Үндэсний зөвлөхүүд нэгтгэн ярилаа.

Үндэсний зөвлөх Д.Гэрэл олон улсын хүний эрхийг хамгаалах механизм буюу гэрээ конвенцын хороодод Монгол Улс хүний эрхийн талаарх гэрээний биелэлтийн тайлан танилцуулах, тэдгээр хороодоос гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд парламентын оролцоог сайжруулах шаардлагатайг салбар хэлэлцүүлгээр онцлон ярьсныг онцолж, олон улсын хүний эрхийн хороод, зөвлөлөөс Монгол Улсад өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллахад энэхүү оролцоо ихээхэн чухал гэсэн юм.

Мөн хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх ажил төрийн албан хаагчдын тогтворгүй байдал буюу төрийн ой санамж онцгой ач холбогдолтойг чухалчлаад, үүний залгамж чанар хангалтгүй байдгаас хэрэгжилт доголдох асуудал гардгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон талаар тэрбээр ярьсан юм.

Хүний эрхийн асуудлаарх олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн хэрэгжилтийн мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох нэгдсэн платформыг ажиллуулах, энэ талаарх төрийн байгууллагуудын ажлын уялдаа, иргэний нийгмийн хамтын ажиллагааг сайжруулах талаар тодорхой саналууд яригдсан байна.

Парламентын өөрийн үнэлгээний Үндэсний зөвлөх Б.Болорсайхан, Улсын Их Хурлаас гаргаж буй хүний эрхийн асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үүнд олон нийтийг оролцуулж ажиллах, мөн хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах талаар ахиц гаргах шаардлагатайг онцлов. 

ХЭҮК-оос жил бүр гаргаж буй Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Улсын Их Хурлаар хэлэлцээд, тогтоол гаргадаг. Тогтоолыг хэрэгжих боломжтой хугацаа, үүрэг хариуцлага, нөхцөл шаардлагыг хүний эрхийн тухайн зөрчлийг арилгах үйл явцтай уялдуулан бодитой тогтоож, хэрэгжилтийг хангаж байх нь зүйтэйг хэлэлцүүлгийн үеэр хөндсөн тухай тэрбээр танилцуулсан юм.

Мөн ХЭҮК-ын илтгэлийн мөрөөр ажиллах, зөрчлийг арилгах талаар Улсын Их Хурал, Засгийн газар болон бүх түвшинд ажиллаж, эргэж тайлагнадаг байх шаардлагатайг дурдав. ХЭҮК болон Иргэний нийгмийн зөвлөл, шинээр байгуулсан Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг дэмжих, уялдуулахад зардал санхүүжилт шаардлагатайг шийдвэрлэх нь зүйтэй гэлээ. Харин Улсын Их Хурлын Тамгын газраас нөөц бололцоондоо тулгуурлан иргэдийг иргэдийг хууль тогтоох болон тодорхой асуудлаар санал боловсруулахад иргэдийг нээлттэй, чөлөөтэй оролцох боломжор хангах талаар хүчин чармайлт гаргаж ажиллаж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид сайшаасан байна.

Цаашид https://d.parliament.mn/ цахим платформын хараагүй хүмүүст болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ялгаатай онцлогт зориулсан хувилбарыг хөгжүүлэхэд санаачилга гаргаж, нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын нөхцөл байдалтай хамааралтай буюу хөдөө орон нутагт амьдарч байгаа ядуу, ажилгүй, мэргэжилгүй, бичиг үсэг тайлагдаагүй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, шилжин суурьшсан, угсаатны хэлний онцлогтой бүлгүүдийг татаж оролцуулах, цахим хуваагдал буюу цахим технологид нэвтэрсэн байдлаараа харилцан адилгүй бүлгүүдийг оролцуулах зэрэгт анхаарч ажиллах шаардлагатайг дурдсан юм.

Парламентын боловсролыг хөхиүлэн дэмжиж, өсвөр үе, залуучууд руу чиглэсэн хөтөлбөрийг өргөн хүрээтэй зохион байгуулж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид сайшаан тэмдэглээд, Улсын Их Хурлын гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэнээр парламентын ач холбогдол, хамрах цар хүрээ нь нэмэгдэх учир олон нийтийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой анхаарах, Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх нь чухал болохыг өгүүлэв.

Үндэсний зөвлөх Б.Долгор мөн өөрийн удирдсан хэлэлцүүлгийн талаар танилцуулав. “Жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх нь” сэдэвт уг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид жендэрийн мэдрэмжтэй хөдөлмөрийн нөхцөл, ажил, ар гэрийн тэнцвэр, хүйсээр ангилсан мэдээлэл, жендэрийн статистикт түшиглэсэн бодлого, хууль тогтоомжийг баталж мөрдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөн ярьсан байна.

Жендэрийн талаарх үндэсний тогтолцооны байгууллагуудын эрх мэдлийг бэхжүүлэх талаар гаргасан санал зөвлөмжүүдийг Улсын Их Хурал өөртөө авч, шийдвэрлэх, мөн тэдгээр байгууллагын хүний нөөц болон хөрөнгө санхүүгийн нөөц, чадавхыг сайжруулах зэрэг олон сэдэв хөндөгджээ.

Мөн жендэрийн мэдрэмжтэй төсвийн төсөвлөлтөд анхаарч, төсөвт үнэлгээ хийх парламентаас гадуурх бүтэц, мэргэшсэн экспертүүдийг ажиллуулах тогтолцоог хуульчлах талаар яригдсан байна. Түүнчлэн, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих нь хөдөлмөрийн зах зээл дэх тэдний оролцоог нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг сайжруулах давхар ач холбогдолтойг чухалчилсан байна.

Парламентын соёл, бодлого, орчны талаарх хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд жендэрийн мэдрэмжтэй ажлын байр, ажлын нөхцөлийг уян хатан зохицуулалт, нэмэгдэл цалин хөлсийг бүрэн олгох зэрэг асуудалд Улсын Их Хурал, Тамгын газар өөрөө манлайлах учиртай талаар хөнджээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ парламентын гишүүдийн бүрэн эрх, ёс зүй, ажиллах нөхцөлтэй холбоотой асуудлыг илтгэлдээ дурдсан байна.

Парламентын өөрийн үнэлгээний төгсгөлийн хэлэлцүүлгүүдтэй холбоотойгоор Олон улсын зөвлөх Мэг Мүнн үг хэллээ. Тэрбээр, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийг эцэг, эхчүүдийнх нь хувьд дэмжих, мөн жендэрийн мэдрэмжтэй хууль тогтоомж гаргах, энэ талаарх олон улсын конвенцын үзэл санааг хууль тогтоомжид нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байгааг дурдав.

Мөн хууль, тогтоомжийг жендэрийн мэдрэмжтэй, эсэх талаар дүн шинжилгээ, үнэлгээ хийх нарийвчилсан, оновчтой арга зүйн дутагдалтай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид ярьсныг танилцуулав. Энэ талаар чадавх бий болгох, сайжруулах, мөн парламентын эмэгтэй гишүүдийн бүлгийг албан ёсны болгох хэрэгцээтэйг хөндөн ярьжээ.

Бодлого, шийдвэр гаргах түвшинд ашиглагдаж байгаа статистик мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлыг сайжруулах, мониторинг, хяналт шинжилгээ-үнэлгээний үйл ажиллагааг үр дүнтэй болгоход анхаарч, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг шаардлагатай гэлээ. Энэ бүхэн парламентын өөрийн үнэлгээний зөвлөмжид тусах ёстой гэж үзэж буйгаа хатагтай Мэг Мүнн дурдав.

Мөн Олон Улсын Парламентын Холбооны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн мэргэжилтэн Мариана Дуарте, парламентаас гарч байгаа одоо шийдвэрүүдийг иргэд, олон нийтэд хүргэх арга зүйг сайжруулах, жендэрийн эрх тэгш бус байдлын шийдвэрлэхдээ эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг ялгалгүй авч үзэх, түүний учир шалтгааныг тоон мэдээлэлд тулгуурлан оновчтой тодорхойлоход зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай талаар ярив.

Олон Улсын Парламентын Холбооны арга зүйгээр явуулсан хүний эрх болон жендэрийн мэдрэмжийн талаарх парламентын өөрийн үнэлгээний үйл ажиллагаа үр дүнтэй явагдсан талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Төрийн албаны зөвлөлийн болон Жендэрийн үндэсний хорооны гишүүн С.Цэдэндамба, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид нар санал бодлоо хэлж, оролцсон, зохион байгуулсан нийт хүмүүст талархал илэрхийлэв.

Үүний дараа парламентын өөрийн үнэлгээний Үндэсний зөвлөхүүд ерөнхий дүгнэлтээ хийж, үнэлгээний үйл ажиллагаанаас гарах зөвлөмжид тусгах гол саналуудаа танилцуулав. Хүний эрхийн чиглэлийн үнэлгээний саналыг Үндэсний зөвлөх Б.Болорсайхан танилцуулав. Тэрбээр, зөвлөмжийн Хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт гэсэн бүлэгт, Улсын Их Хурлын Тамгын газрын бүтэц, чадавхыг бэхжүүлэх, шинэ гишүүд болон тэдний зөвлөхүүдийг эдгээр чиглэлээр сургах, ХЭҮК-ын эрх зүйн чадамж, бүрэн эрхийг сайжруулах, хамгаалах, хүний нөөц болон хатуу, зөөлөн дэд бүтцийг бэхжүүлэх, төсөв, санхүүг нэмэгдүүлэх, гишүүдийн томилгоог ил тод болгох зэрэг саналыг онцолсон юм.

Мөн зөвлөмжийн, Хууль тогтоох үйл явцад парламентын хяналтыг сайжруулах тухай бүлэгт, Засгийн газрын хариуцлагыг сайжруулах, үүнд парламентын хяналтыг нэмэгдүүлэх, түүнчлэн, НҮБ-ын хүний эрхийн тогтолцоонд парламентын хувь нэмрийг нэмэгдүүлэхтэй холбоотой саналуудыг тусгахаар болсон байна. Монгол Улсын Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх жил бүрийн тайланг  НҮБ-д хамгаалахад Улсын их Хурлын төлөөлөл оролцдог, эргээд НҮБ-аас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцдог байх, хууль тогтоох байгууллагын санах ойг бэхжүүлэх зэрэг саналыг хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргажээ.

Эдгээрийн зэрэгцээ, байгаль орчинд ээлтэй байх, тэгш, шударга бус байдалтай тэмцэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэгш оролцоог хангах, хууль тогтоомж боловсруулах, хэлэлцэн батлахад ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нийгмийн бүлгүүдийг татан оролцуулах талаар ахиц гаргах шаардлагатайг дурдаж байгаа ажээ. Үндэсний зөвлөх Б.Болорсайханы дурдсан саналууд дээр Үндэсний зөвлөх Д.Гэрэл Улсын Их Хурал, түүний Тамгын газрын хүний эрхийн мэдрэмжийн талаар үнэлгээ, дүгнэлт хийх аргачлалыг сайжруулах талаар тодорхой санал хэлэв.

Жендэрийн тэгш байдлын талаарх үнэлгээний саналыг Үндэсний зөвлөх Б.Долгор танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, жендэрийн асуудал бол Монголын уламжлалт ойлголтоор арга, билгийн ухаан болохыг дурдаад, эрэгтэйчүүдийн боловсрол, дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд энэхүү арга, билгийн ухааныг хослуулан хэрэглэх, нэн тэргүүнд Улсын Их Хурлыг хүйсийн болон бусад төлөөллийг бүрэн хангахуйцаар бүрдүүлэх, бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт үнэлгээндээ жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, мөн жендэрийн хэвшмэл ойлголтоос ангижруулах тусгай бодлого баталж хэрэгжүүлэх, дотоод журам, ёс зүйн дүрэм, ажиллах одоо орчин нөхцөлд жендэрийн онцлог хэрэглээг шингээх зэрэг саналуудыг зөвлөмжид тусгахаар тогтсоныг дурдсан юм.

Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн тогтолцоо, албан тушаалын томилгоо, нэр дэвших үйл явцын хөрөнгө мөнгөнөөс хамааралтай байдлыг таслан зогсоох, хүйсийн төлөөллийг 2028 оноос хэтрэхгүйгээр тэнцвэржүүлэх, сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх тэгш гарааг бий болгох, төрийн жинхэнэ албан хаагчдад сонгуульд нэр дэвших боломж олгох зохицуулалт бий болгох зэрэг олон саналыг тусгахаар болсон байна.

Нийтийн сонсгол, хяналт шалгалтын сонсгол зэрэг Улсын Их Хурлын хяналт, шалгалтын үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг албан ёсоор баталгаажуулах, төрийн байгууллага, албан тушаалтан жендэрийн эрх тэгш байдлыг хангах ялгаварлан гадуурхах далан дарамт хүчирхийллийг арилгах, эдгээрийг шийдвэрлэх журмуудыг шинэчлэх, улс төр, эдийн засаг, хөдөлмөр, соёл, боловсрол, эрүүл мэнд болон гэр бүлийн харилцааг зохицуулж байгаа болон иргэний, захиргааны хууль тогтоомжуудад жендэрийн тэгш байдлыг хангах баталгааг нарийвчлан тусгах, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, Засгийн газар ХЭҮК, Төрийн албаны зөвлөлийн тайланг хуульд заасан хэлбэрүүдээр хоёр жил тутамд Улсын Их Хурал авч хэлэлцдэг байх саналуудыг мөн онцолж байгаа юм.

Түүнчлэн, хууль тогтоох байгууллагад жендэрт суурилсан албан ёсны бүтэц бий болгож, оновчтой зохион байгуулах, Улсын Их Хурлын болон Тамгын газрын удирдлах бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн оролцоог 40-өөс доошгүй хувь байхаар тогтоох, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн оролцоо, цалин хөлс, амьдралын чанарт жигд ахиц дэвшил гаргах, баялгийн хуваарилалтыг шударга, ил тод, жендэрийн агуулгатай болгох, улсын болон орон нутгийн төсвийн төлөвлөлтийг жендэрийн мэдрэмжтэй тогтолцоонд шилжүүлэх зэрэг бодитой саналууд тусгахаар тогтсон байна.

Мөн энэ талаар Үндэсний зөвлөх М.Батбаатар саналаа хэлэв. Тэрбээр, хоёр өдөрт маш олон асуудлыг нэг дор чадан ядан багтааж авч үзлээ гээд, үүний хамгийн гол үр дүн нь хүний эрх болон жендэрийн асуудлаар бид нэгэн зүгт харж чадлаа гэсэн юм.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарах, хэрэгжүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээ, хариуцлагыг нарийвчлах, Улсын Их Хуралд олон улсын жишгийн дагуу жендэрийн бүтцийг бий болгох, гишүүний ёс зүйн дүрэм, дотоод журам зэргийг жендэрийн үүднээс дахин шинэчилж боловсронгуй болгох, хүний эрхийн дата мэдээллийн санг бүх байгууллагууд хамтарч бий болгох, цахим орчинд эмэгтэй улс төрчдийн эрхийг хамгаалах, эмэгтэй удирдагчдын чадвар, давуу талыг бүрэн дүүрэн ашиглах, төрийн жинхэнэ албан хаагчдын улс төрийн, тэр дундаа сонгогдох эрхийг эдлүүлэх, төрийн эрх барих дээд байгууллагын ажлын ачаалал их, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, ажлын орчин, нөхцөл тааруу, жендэрийн мэдрэмжтэй байх асуудлууд орхигдсон байдлыг нэн даруй засаж залруулах зэрэг саналыг тэрбээр нэмж хэлэв.

Харин Олон Улсын Парламентын Холбооны зөвлөх, хатагтай Мэг Мүнн Үндэсний зөвлөхүүдийн дүгнэлт, Тамгын газрынхны бэлтгэл ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашдаа та бүгд энэ ажлыг үргэлжлүүлэх тал дээр үр дүнтэй ажиллана гэдэгт итгэж байна гэсэн юм. Мөн, хэлэлцүүлгээс гарсан гол гол саналыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд анхаараарай гээд, хүний эрх болон жендэрийн мэдрэмжтэй парламентыг бэхжүүлэх чиглэлээр Олон Улсын Парламентын Холбооноос дэмжлэг туслалцаа авах бололцоо бийг тэмдэглэв.

Парламентын өөрийн үнэлгээний хэлэлцүүлгүүдээр хөндөгдсөн асуудлууд, гарсан саналуудыг Олон Улсын Парламентын Холбооны холбогдох хөтөлбөрүүдийн хүрээнд нэгтгэн боловсруулж, ирэх сард багтаан дүгнэлт-зөвлөмж гаргаж ирүүлэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version