Орон нутагFocus

“Талын түмэн адуу-2023” арга хэмжээ боллоо

Монгол Улсын Засгийн газраас зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, ялангуяа их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт орших Чингис хаан, 13 дугаар зуун, “Монголын нууц товчоо”-той холбоотой түүхэн газар нутагт жуулчдыг татах зорилгоор бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг эхлүүлсэн.

Энэ хүрээнд Монголын нууц товчоонд “Хөхүүрийн тал” хэмээн тэмдэглэгдэж үлдсэн Тэмүүжин Боорчитой анд бололцсон газар болох Хэнтий аймгийн Батноров сумын нутагт “Тэнгэрийн андгай” хөшөө дурсгалын цогцолборыг байгуулсан.

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд талын нүүдэлчин, малчдын мал маллах арга ухаан, ялангуяа адуу маллах арга ухаан, түүнийг дагасан соёлын биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёлын яамнаас Хэнтий аймгийн Батноров суманд 2014 оноос хойш зохион байгуулж ирсэн “Талын түмэн адуу” арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллав.

“Талын түмэн адуу-2023” арга хэмжээний үеэр “Эмнэг булгиулах тэмцээн”, “Богино зайн морины уралдаан”, “Сээр цохих тэмцээн”, “Сүлдэнд мөнхөрсөн хүлэг морины дууны тэмцээн”, “Хийморь” гэрэл зургийн үзэсгэлэн, “Сайхан морьтон хос” “Удамт монгол морьтон хүүхдийн жагсаал”, “Адууны зүс зүсэлгээний тэмцээн”, “Шургуу-2023”, “Тайга нохойн богино зайн уралдаан” зэрэг тэмцээн, уралдаан зохион байгуулагдав.

“Талын түмэн адуу-2023” арга хэмжээг гадаад, дотоодын 3000 орчим үзэгч, аялагчид үзэж сонирхлоо. Наадмыг Монгол Улсын Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам дэмжин ажиллаж, ерөнхий зохион байгуулалтыг Хэнтий аймгийн ЗДТГ, аймгийн Соёл урлагийн газар, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Батноров сумын ЗДТГ, “Мөнх Харилцаа” ТББ хийж гүйцэтгэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version