ЕрөнхийлөгчFocus

Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргалаа

Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд илтэд сэв суулгах зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээ, мэдээлэл удаа дараа явуулах боллоо.

Нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягаас орчин үеийн технологи, программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны ард түмний харилцаанд зориуд сэв суулгахуйц ноцтой үйлдэл болсонд туйлаас харамсаж байна.

Энэ нь улс орны үндэсний аюулгүй байдлын эсрэг, Монгол Улсын нэр хүнд, тэр тусмаа хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл болж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч нь эх орноо гадаад харилцаанд бүрэн эрхтэй төлөөлдөг албан тушаалтан тул төрийн тэргүүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг.

Иймд хөрш орнууд, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг унагах, байр суурийг гуйвуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдах аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгохоор хууль хяналтын байгууллагад хандаж буй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Нийгмийн сүлжээ ашиглаж байгаа иргэд, хэвлэл мэдээллийн ажилтан та бүхнийг аливаа мэдээллийн үнэн бодит байдал, эх сурвалжийг нягталж , холбогдох мэдээллийг олон түмэнд түгээж, хариуцлагатай хандаж байхыг анхааруулж байна.

Мэдэгдэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар нэмэлт мэдээлэл өгөв.

Дээрх мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээнд оруулж, зохион байгуулалттай хийсэн хоёр монгол иргэнийг хууль хяналтын байгууллагууд олж тогтоон шалгаж байна. Мөн энэ асуудлаар БНХАУ-ын холбогдох байгууллагад ч ханджээ.

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж “Ерөнхийлөгчийн цаг” нэвтрүүлэгт зориулж хийсэн дүрс бичлэгийг тусгай програм ашиглаж эвлүүлсэн байна.

Улс орны тусгаар тогтнолтой холбоотой, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, гуравдагч хөршийн бодлогод сэв суулгахуйц үйлдлийг зохион байгуулалттай хийж байгааг Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.

Тухайлбал, гурван сарын өмнө Монгол Улсын хилийн зурвасыг дотогш нь татсан тухай хуурамч мэдээллийг зохион байгуулалттай цацсаныг хууль хяналтын байгууллага тогтоосон гэдгийг тодотгов.

Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг цар хүрээ өндөртэй, энэ хэрээр улсаараа  хохирч болох эрсдэлтэй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал хэллээ.

Иймээс ард иргэд аливаа мэдээ, мэдээллийн үнэн бодит байдал, эх сурвалжийг нь нягталж байх, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч энэ чиглэлээр зөв мэдээлэл өгч байхыг хүслээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version