уран зохиол

Утга зохиолын салбарынханд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал гардууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор “Шилдэг зохиол, бүтээл туурвиж Монголын утга зохиолын хөгжил, ард түмнээ соён гийгүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан зохиолч, яруу найрагч, орчуулагч, шүүмжлэгч нарт болон Монголын уран зохиолыг гадаадад сурталчлахад тодорхой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг шинэчлэн баталж, шилдэг бүтээлд тавигдах шалгуур үзүүлэлтийг болон дагалдах мөнгөн урамшууллыг нэмэгдүүлсэн.

Соёлын сайдын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн судлаач, салбарын зүтгэлтнүүд болон асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Д.Нацагдоржийн шагналтныг тодруулах арга хэмжээг зохион байгуулан их зохиолчийн мэндэлсэн өдөр шагналыг гардуулдаг.

Энэхүү шагналыг анх 1966 оноос хойш 2 жилд 1 удаа олгож байгаа бөгөөд 2023 оны Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнаар Самбуугийн ХӨВСГӨЛ “Д.Равжаагийн Саран хөхөөний намтрын шинжлэл” бүтээлээр, Хабааны БАЙЫТ “Монгол яруу найраг” бүтээлээр, Сольтогтохын ДАМДИНДОРЖ “Шүүдэр тарни” бүтээлээр тус тус шалгарч, өнөөдөр Соёлын дэд сайд М.Батбаяр гардуулан өглөө.


Нийгмийн оюун санааны  хөтөч, манлайлагч, оюуны сан хөмрөгийн нэг томоохон бүл нь үндэсний утга зохиол юм. Энэ ч утгаараа Соёлын яам байгуулагдсан цагаасаа соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх зургаан салбарын нэгээр утга зохиол, ном хэвлэлийн салбарыг онцлон, бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Таг
Back to top button
Exit mobile version