Ч.Цог-Эрдэнэ: Зам дагуух түр буудаллах цэг бол орчин цагийн өртөө юм
Монгол Улсын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогод тусгагдсаны дагуу Аялал жуулчлалын гол чиглэл дагуу үйлчилгээний цогцолбор бүхий 35 түр буудаллах цэг байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эхлүүлээд байна. 100-150 км тутамд байгуулагдаж буй дээрх цэгүүдэд ажиллах компаниуд нэгдэн Зам дагуу үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоог байгуулсан бөгөөд тус холбооны УЗ-ийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Ч.Цог-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна.
-Орон нутгийн авто замын дагуу цогцолбор төв байгуулах ажил эхлээд хоёр жил болж байна. Энэ ажлын үйл явц ямар шатанд явж байгаа вэ?
-Орон нутгийн замд өдөрт 13-15 мянган тээврийн хэрэгсэл, 50-60 мянга гаруй зорчигч зорчиж, хоол идэх, дэлгүүрээр үйлчлүүлэх, ариун цэврийн өрөө ашиглах, шатахуун цэнэглэх, дугуй, техник засвар үйлчилгээ ашиглахаар 24 мянган удаа зогсоц хийдэг гэсэн судалгаа бий. Гэтэл авто зам дагууд хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ, сонголт, хүрэлцээ муу байдгаас үүдэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажил эхэлсэн гэж болно. Тиймээс 2020 онд Жайкагийн хөрөнгө оруулалтаар судалгааны ажил хийгдэж, улсын хэмжээнд 35 цэгийг тогтоосон. 2021 оны 12 сард ЗТХЯ, БОАЖЯ, МҮХАҮТ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан тогтоосон 35 цэгт эхний сонгон шалгаруулалт зарлагдаж, 2022 оны дөрөвдүгээр сард эхний 4 компани гэрээ байгуулсан. Одоогоор 28 газарт цогцолбор барих гэрээ байгуулсанаас бүрэн ашиглалтад орж, үйл ажиллагаа нь эхэлсэн 4 цэг байна. Барилга угсралтын ажил нь явагдаж байгаа 3 цэгийн үйл ажиллагаа эхэлчихвэл 7 цэг ашиглалтад орно гэсэн үг. Гэхдээ 28 цэгээс 15-ийнх нь газрын асуудал шийдэгдээгүй байна. Тэр асуудлыг шийдүүлэхээр манай холбооноос хүсэлт өгч, Засгийн газрын хуралдаанд хоёр яамнаас оруулаад явж байгаа. Гэрээний дагуу 35 цэг маань 2024 онд ашиглалтад орох ёстой. Тиймээс эхэлсэн ажлаа үр дүнд хүргэх үүднээс гэрээ байгуулсан 28 компани санал нэгдээд холбоо байгуулсан юм.
-Холбоо байгуулах гол шалтгаан, зорилго юу байв?
-Авто зам дагуу үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулсан компаниуд нэгдэхгүй бол хөгжихгүй гэдгийг ойлгосон гэж болно. Манай холбоо 2022 онд байгуулагдаж, дэд бүтэц болон бусад асуудлуудаа хамтдаа шийдээд явж байна. Юуны өмнө, энэ салбарт ажиллах хүчний асуудал маш хэцүү байгаа. Улаанбаатарт ажил хийх хүн олдохгүй байхад хөдөө орон нутагт, суманд ажиллах хүн бүр ч олдохгүй шүү дээ. Түүнчлэн харилцаа холбоо, интернэтийн асуудал байна. Үүрэн холбооны операторууд 21 аймгийн төвд 4G технологи бүрэн нэвтэрч, эхнээсээ 5G г нэвтрүүлсэнээ зарлачихлаа. Гэтэл бидний үйл ажиллагаа явуулж байгаа газруудад 3G ч байхгүй. Байгаа нь 2G. 2G гэдэг интернэт орох хэмжээний хурд биш. Гэтэл ямар ч үйл ажиллагаа явуулсан картаар тооцоо хийхээс өөр аргагүй нөхцөлд үйлчилгээ удааширдаг нь үйлчлүүлэгчдийг багагүй стрессдүүлдэг. Ер нь энэ салбар өөрөө их хүнд салбар учраас бид ингэж нэгдээд байгаа юм. Японд гэхэд төр нь тухайн газрыг аваад, ижил стандарттай барилга барьж тохижуулаад өгчихдөг. Хувийн хэвшил нь тухайн байршилдаа ресторан, дэлгүүр, зочид буудлаа түрээслэх маягаар оролцоод явдаг. Үнэхээр гоё систем.
-Хамгийн үр дүнтэй дэмжлэг юу байх бол?
-Авто зам дагуух үйлчилгээний цогцолбор нь амрах байр, дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээгүүр, дугуй засвар, хоолны газар гэх мэт олон үйлчилгээг хамруулж ойлгож байгаа. Гэхдээ энэ бүхнийг нэг компани дангаараа хариуцаад хийнэ гэвэл зардлаа даахгүй, бизнес ч төвлөрч чадахгүй. Тиймээс манай холбоо дэд бүтцийн болон дээрх чиглэлээр ажилладаг мэргэжлийн компаниудад хамтрах сонирхолтой байвал өөрсдийнхөө шийдлийг санал болгооч гэж хүсэж байна. Тухайлбал, Ган-Од гэдэг мундаг инженер хуурай технологи бүхий бие засах газрыг хариуцаад ажиллаж байна энэ зун АРА комплексийн ноолийн асуудлыг шийдсэн залуу байгаа. Гэх мэтээр бидний онцлогт тохирсон шийдэл санал болгох хүмүүс байвал хамтарч энэ асуудал руу оръё гэсэн юм. Дэвшилтэд технологи бүхий барилгын материал нийлүүлдэг, үйлдвэрлэдэг компаниуд байвал биднийг зорьж ирээч. Танай холбооны гишүүдэд 10%-ийн хөнгөлөлт үзүүлье, ногоон зээлд хамрагдах боломжтой зэрэг давуу талуудаа ч танилцуулж болно. Мөн бараа бүтээгдэхүүн бөөнөөр нийлүүлдэг компаниуд манай 35 цэгт өөрийн машинаар тээвэрлэлтээ хийж болно. Хог дахин боловсруулдаг компаниуд хогийг ангилан ялгадаг савнуудаа тавиад өөрийн тусгай машинаараа ачилт хийж ч болно. Бид өнөөдөр анхдагч эх үүсвэр дээр ангилж ялгаад ямар ч нэмэргүй нэг л ангилалтай машинд аччихаад байна.
-Ажиллах хүчний асуудлаа хэрхэн шийдэж байгаа вэ?
-Орон нутагт ажиллахад санхүүгийн асуудал их гардаг. Бидний ажил зуны урин дулаан цагт л оволзож, өвөлдөө хүний хөдөлгөөний урсгал багасч дагаад орлого ч багасдаг. Ажилтанаа гэх сэтгэл байлаа ч ашиггүй ажиллах хэцүү шүү дээ. Ашиг олно гэсэн зорилгоор үйл ажиллагаа эхэлсэн ч улирлын чанартай орлоготой, бараа татах шатахуун, халаалт дулаан гээд урсгал зардал гарсаар л байна. Бид Зөвлөх үйлчилгээний компаниар дамжуулж ажилтан сонгон шалгаруулж авдаг, гэхдээ хөдөө очоод 7 хоноод л мохчихдог. Цалингийн хүлээлт ч их өндөр байдаг бололтой. Тиймээс тухайн орон нутгийнхаа болон малчдад харилцааны соёл, хандлага гээд олон талын сургалт явуулж, энэ бизнесээ босгох гээд хичээж явна.
-Төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлвэл илүү үр дүнтэй байх бол?
-Зам дагуу үйлчилгээ эрхэлж байгаа бол эхний 5 жилд татварын шаталсан хөнгөлөлт үзүүлж болно гэх мэт хувилбарууд байж болно. Үүнд төрийн зүгээс хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллаасай гэж хүсдэг. Татвар, нийгмийн даатгалын бодлогод нийцсэн хөнгөлөлт үзүүлснээр дөнгөж эхэлж байгаа бизнес хөл дээрээ босно шүү дээ. Ямар ч байсан бид бизнесээ хөл дээр нь босгож, ажлаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд малчдын худалдан авдаг мотоцикл, хөлдөөгч зэрэг заавал хотоос зорьж ирж авдаг барааг зарж эхэлсэн.
-Холбооны зүгээс жил бүр өвлийн улиралд зам даваа хаагддаг асуудлыг шийдвэрлэх боломжийг судалж, ажил хэрэг болгохоор зорьж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулж өгөөч?
-Засгийн газрын Алсын хараа 2050-д төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг зүйл яригддаг. Нөгөө талаар эхлүүлсэн ажлаа үр дүнд хүргэх нь чухал учраас манай холбоо гадаад харилцаандаа анхаарч, олон улсын туршлага судалж, боломжтой хөрөнгө оруулалтыг татахыг зорьж ажилладаг. Тухайлбал, Японы замын хажуугийн цасны хаалтын чиглэлээр тэргүүлэгч Рикен КогёоХХК -тай харилцаа тогтоогоод байна. Тус компани нь сүүлийн 50 гаруй жил Японы хамгийн их цас ордог бүс нутагт зам даваа хаагдах асуудлыг шийдэж ирсэн. Японд цас оронгуут үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, машинууд мөргөлдөх, замын хажуу руу унах болон буга зам руу ороод мөргүүлдэг асуудал их байдаг юм билээ. Тиймээс энэ компани маань 4 метр өндөртэй хаалт тавьж асуудлыг шийдсэн. Уг хаалт нь ямар ч цас орсон үед зам руу цас оруулдаггүй, мөн мал амьтан тухайн бүсэд зам руу нэвтрэхгүй болгодог. Японд нийт 1700км газар ийм хаалт хийсэн байдгаас энэ компани маань 1100 км-ыг нь хийсэн. Хамтран ажиллаж эхэлсэнээс хойш 6, 8, 10 сард тус компанийн төлөөлүүд ирээд явлаа. Монголд ч мөн адил зам даваа хаагдаж, адуу, үхэр дайруулдаг тохиолдол гардаг. Статистикаас харвал, манай улсад жил бүр дундажаар 5 мянга гаруй мал дайруулсан гэсэн тоо баримт байна. Тиймээс ирэх 12 сард дахин ирэхдээ орон нутагт өвлийн улиралд ямар нөхцөл байдал үүсдэгийг харна. Мөн Дундговь-Улаанбаатарын замд байршуулсан цаг агаарын хяналтын станцаа шалгах юм.
-Рикен Когёо компанитай хамтран ажиллах болсон шалтгаан болон цасны хаалт хийдэг технологийнх нь талаар тодруулж өгөөч?
-Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай, цас их орж шуурсаны улмаас зарим зам даваа боогдох, аваар осол болох, амь нас, эд хөрөнгөөр хохирох зэргээр багагүй бэрхшээл тулгардаг. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор бид Японы Засгийн газар, Жайка ОУБ-ын тусламжтайгаар эрсдэлтэй цэгүүдийг тогтоож, цасны хаалтаа суурилуулах боломжийн талаар судалгаа хийж эхэлсэн. Рикен Когёо компанийн хувьд цасан шуурга их болдог газрын цаг агаарын мэдээллийг эхэлж цуглуулаад дүн шинжилгээ хийж, загвар гаргадаг. Ингэхдээ үзэгдэх орчны саад, цасан шуурга, цасан хунгар зэргийг зохиомлоор бий болгож, шийдлээ санал болгодог. Япон Улс цаснаас хамгаалах сүүлийн үеийн технологио дэлхий даяар танилцуулах ажлаа өргөжүүлж, Зүүн Европ болон Төв Азийн орнуудын авто замын удирдах ажилтнуудад зориулан сургалт явуулж байна. 2017 онд Киргизын гол зам, олон улсын коридор зам болох Бишкек-Ош чиглэлийн Төө-Ашуугийн даваан дээр цаснаас хамгаалах хашлагыг суурилуулсан. Тиймээс энэ компани бидэнтэй хамтран ажиллах ажлыг эхлүүлээд байгаа юм. Бидний гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-тай хамтраад 35 цэгтээ мод тарих ажлыг санаачлаад байна.
-Тодруулбал?
-35 цогцолборыг дагасан зам дагуух газарт мод тарих ажил нь мэдээж “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хийгдэнэ. Мод тарих нь цөлжилтийг бууруулж, элсний нүүдлийг сааруулах хамгийн том боломж гэдэг. Нөгөө талаар зам дагуу хашлага тавьж мод тарьснаар мал амьтан осолдох асуудал тодорхой хэмжээнд багасна. Мод тарихдаа таван км тутам гарц гаргаж малыг чөлөөтэй нэвтрүүлэх мөн замыг гэрэлтүүлэх ажлыг нарны эрчим хүчээр шийдэх юм. Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос яагаад үндэсний компаниуддаа мод тарихыг санал болгож байгаа вэ гэвэл зам дагуух цогцолборуудад модны арчилгаа болон урсгал зардлыг нь хариуцуулах нь илүү оновчтой гэж харсан. Тиймээс бид энэ ажлыг идэвхитэй, төлөвлөсний дагуу хийж чадвал тэрбум модны 5 хувь буюу 50 сая модыг зам дагуу тарьж ургуулах боломжтой. Мөн цогцолборын дагуу тарьсан моддоо түшиглэж, тохижилт хийгээд гоё амралтын бүс байгуулснаар аялагчид илүү удаа саатаж, ая тухтай үйлчлүүлдэг болно.
-Зам дагуу байгуулсан үйлчилгээний цогцолборыг хөгжүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай бололтой?
-Тэгэлгүй яахав, хөгжлийн явц хурдан байхгүй. Гэхдээ түүх сөхвөл, бидний эрхэлж буй ажил Монголчуудын эрт дээр үед нэвтрүүлсэн “ӨРТӨӨ”-тэй ижил. Чингис хааны үеэс өртөө дээд цэгтээ хүртэл хөгжсөн гэж болно. Тухай үеийн Монгол төрийн хэрэгжүүлж байсан өртөөг ашиглан маш хурдтайгаар мэдээ дамжуулж, дайны үйл ажиллагаанд ашиглаж, аянчин жинчин, үүрийн худалдаачид хоноглоод явдаг байсан. Өртөө бол тухайн үедээ үнэхээр гайхамшиг гэж хэлж болохоор хөгжсөн гэж болно.
Бид Монголд өмнө нь байсан зүйлийг орчин үеийн байдлаар хийж байна. Зам дагуух түр буудаллах цэг бол орчин цагийн өртөө бөгөөд тэр үеийнх шиг мориор 30-50км туулах замд байрлах нь утгагүй тул автомашины хурд, зорчигчдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн хоорондын зайг гаргасан болов уу. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэх төрийн дэмжлэг тодорхой байж, үйлчлүүлэгчид ч бидний ажлыг дэмжиж, бид ч үйлчилгээгээ илүү сайжруулахад анхаарч, нэг ёсондоо бүх талын оролцоогоор энэ салбар амжилттай оршин тогтнох юм.
П.Нарандэлгэр