УИХЯрилцлагаМБАНХНӨУБИЧБТFocus

М.Сувд: Бид эрх зүйн шинэчлэлийг хийж байж бэлчээрийг зохистой ашигладаг болно

УИХ-ын нэр бүхий 21 гишүүн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /2023.06.20/ санаачлан боловсруулж, өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын 2023 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа юм. Уг хуулийн төслийг хэлэлцэн батлахаас өмнө холбогдох төлөөллүүдийг оролцуулан ШХА-ийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын инстиутуцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн санхүүжилтээр бүсчилсэн хэлэлцүүлгүүд хийгдсэн. Энэ удаад /2023.10.25/ эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэр Хуульч, доктор, дэд профессор М.Сувдтай ярилцсанаа хүргэж байна.

азрын тухай хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлт нь юу байгаа вэ?

-Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулж байгаа гол өөрчлөлт нь бэлчээрийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэгт чиглэгдсэн. Өнөөдөр Монгол Улсад малын тоо, бэлчээрийн даац хэтэрч хурцадмал асуудал болоод байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцогч талууд тал талдаа хүлээн зөвшөөрч байгаа. Ийм нөхцөл байдалд эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудал маш чухал.

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ хуулийн төслийн гол үзэл баримтлал нь нэгдүгээрт, малчдын зохион байгуулалтыг бий болгох буюу бэлчээрийн субъектийг бий болгох асуудлыг хөндөж байна. Хоёрдугаарт, бэлчээрийн ангилал. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн ангилалыг зохистой шийдвэрлэх асуудлыг хөндөж байна. Ингэснээр хуулинд ямар нэмэлт өөрчлөлт оруулах вэ гэвэл бэлчээрийн ангиллыг тогтоогоод түүнд  суурилсан бэлчээрийн менежментийг бий болгох асуудлыг тусгасан. Ингэхдээ хуулийн төсөлд таван ангилалаар тогтоохоор тусгасан. Тухайлбал, улирлын бэлчээрийн асуудал. Улирлын бэлчээрийг гэрээгээр ашиглуулья. Ингэхдээ Малчдын хамтын бүлэг буюу Бэлчээр ашиглагчдын бүлэгт улирлын бэлчээрийг ашиглуулъя. Удаах нь Отрын бэлчээрийн асуудал. Отрын бэлчээр нь өнөөдөр мөн л тулгамдсан асуудал болсон. Учир нь, отрын бэлчээрт хэн дуртай нь малаа оруулаад гаргадаг асуудал нь өөрөө зохистой биш байна. Тиймээс хуулийн дагуу гэрээгээр ашиглах механизмыг бүрдүүлье. Мөн эрчимжсэн МАА эрхлэх бэлчээрийн асуудал. Учир нь иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргасанаар эрчимжсэн МАА эрхлэх зориулалтаар бэлчээрийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зүй ёсны шаардлага байна. Түүнчлэн Нийтээр ашиглах бэлчээр болондамжин өнгөрөх бэлчээрийн асуудал байна. Тодруулбал, тухайн нутаг орны хужир мараа, уст цэг бүхий газрыг нийтээрээ ашиглахаас аргагүй. Эдгээр үндсэн үзэл баримтлал дээр суурилсан менежментийг бий болгож, олон улсын чиг хандлага туршлагатай нийцүүлж, хамгийн гол нь Монголын нүүдлийн мал аж ахуйн уламжлалт системийг хадгалсан хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлье.

Дараагийн гурав дахь үндсэн асуудал бол Бэлчээр ашиглалтад хариуцлагын тогтолцоо бий болгох нь маш чухал байна. Хариуцлагын асуудлыг энэ хуулийн төсөлд тусгахдаа Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хариуцлагын тогтолцоог сайжруулж, удирдлагын тогтолцоог бий болгох юм. Удирдлагын оновчтой тогтолцоо гэдэг нь сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгч зэрэг төрийн эрх бүхий байгууллагууд бэлчээрийн асуудлаар юу хийхийг нь тодорхой болгоё гэсэн үзэл баримтлалыг хуулийн төсөлд тусгасан. Энэ удаагийн хэлэлцүүлгээр зөвхөн эрдэмтэн судлаачид, орон нутгийн төлөөлөл оролцож байна. Өмнө нь орон даяар бүсчилсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж, малчдын саналыг авах хэлэлцүүлгүүдийг хийж, санал бодлыг нь тусгасан.

-Бэлчээрийн доройтол манай улсын хаа сайгүй байна. Өмнөх Газрын тухай хуульд бэлчээртэй холбоотой асуудал дутмаг байсан. Харин одоогийн нөхцөл байдлаас харвал бэлчээрийн асуудлыг тусгайлан авахгүй бол болохгүй шаардлага тулгараад байна. Энэ хуулийг баталж, хэрэгжүүлсэнээр ямар эерэг талууд бий болох вэ?

-Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдалд энэ хууль батлан гарсанаараа нийгэм, эдийн засгийн ямар үр нөлөөтэй юм гэдэг нь чухал тул Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслөө боловсруулаад явж байна. Энэ шаардлагын хүрээнд авч үзвэл малчид өөрсдөө бэлчээртээ тохирсон менежментийг хийх, хүссэн хүсээгүй тухайн бэлчээрийн даацад тохирсон малын тоогоо ярилцаж төлөвлөөд, хаана нь худаг усаа гаргахаар байна, хаана нь газраа сайжруулах вэ гэдэг зохион байгуулалтаа хийх эрх мэдлийг нь олгох юм. Ингэснээр малчид өөрсдөө бэлчээрээ тордоод явах нөхцөл бүрдэнэ гэдэг хүлээлттэй байна.

Эдийн засгийн үр дүнгээр нь харахад мэдээж малын тооны араас хөөцөлдөх нь үржил шим, үр ашиг нь буураад ашиггүй байна гэдгийг малчид сайн мэдэж байгаа. Энэ утгаараа тухайн бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйгаа эрхлээд явбал малчдын амьжиргаа сайжрах нөхцөл бүрдэнэ. Яагаад гэвэл үйлдвэрлэг, чанарлаг, тоондоо тохирсон малынхаа ашиг ашгийг хүртээд явбал гэдэг эдийн засгийн үр нөлөө нь нэмэгдэх боломжтой. Энэ утгаараа монголын нүүдлийн мал аж ахуйн систем удаан хугацаанл тогтвортой ашиглагдаад явах юм. Гэхдээ энэ хууль батлагдсанаар хэрэгжүүлж эхлэхэд мэдээж цаг хугацаа шаардлагатай. Магадгүй бүс нутгийн онцлог дээр үндэслээд хууль хэрэгжихэд хүндрэлтэй асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид эрх зүйн шинэчлэлийг хийж байж бэлчээрийн хамгаалалд ахиц гарч, зохистой ашигладаг болно гэсэн хүлээлттэй байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version