Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 21 гишүүн өнгөрсөн 6 дугаар сарын 20-ны өдөр Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн барьсан юм. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын 2023 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа юм. Уг хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг /2023.10.24/ болж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нар болон ажлын хэсгийн бусад гишүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцов.
Швейцарын хөгжлийн агентлагаас хөдөө аж ахуйн чиглэлээр тодорхой төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Ногоон алт төсөл нь бэлчээрийг хамгаалж, зөв зохистой ашиглалтыг нэвтрүүлэх замаар бэлчээрээ сайжруулах, улмаар малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл байсан. Энэ төслийн үргэлжлэл гэж болох “Нутгийн өөрөө удирдах байгууллагын инстиутуцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн нэг зорилго нь бэлчээрийн ашиглалтыг сайжруулах, хариуцлагажуулахад орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, иргэдийн оролцоог хангах, нэмэгдүүлэх явдал юм. Уг зорилгын хүрээнд бэлчээрийн доройтлыг бууруулах, бэлчээр ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан боловсруулсан Газрын тухай хууульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, энэхүү хэлэлцүүлэг болон орон нутагт зохион байгуулах бусад хэлэлцүүлгийг санхүүжүүлэн, хамтран зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хэлэхдээ “Манай улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг мал аж ахуйн үйлдвэрлэл, ашиг шим нь бэлчээрийн зохистой ашиглалт, төлөвлөлт, хамтын зохион байгуулалт бүхий нэгдсэн системтэй салшгүй холбоотой. Бэлчээрийн доройтлоос улбаатайгаар малын гаралтай бүтээгдэхүүний үр ашиг, экспортын боломж хязгаарлагдаж, малчдын амьжиргаанд нөлөөлж байгаагаас гадна нүүдлийн соёл иргэншил, уламжлалт аж ахуй, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ үлдээх боломжийг улам бүр багасгаж байна” гэдгийг онцолж байв.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэхдээ “Газрын тухай хуулийг Засгийн газар өргөн барьсан ч эргээд татаад авчихсан. Гэхдээ одоо үйлчилж байгаа Газрын тухай хуульд тусад нь бэлчээрийн тухай асуудлыг бүлэг болгоод нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор энэ хуулийн төслийг өргөн барьсан. Бэлчээр бол үнэхээр Монгол Улсын тулгамдсан асуудал болсон. Монгол Улсын бэлчээрийн 65% нь ямар нэгэн доройтолд орчихсон, газар нутгийн 76% нь цөлжчихсөн байгаа энэ цаг үед бид анхаарал тавьж оруулж арга хэмжээ авахгүй бол болохгүй болчихоод байна. Өнөөдөр мал хувийн өмч, харин газар улсын өмч. Тэгэхээр энэ хоёр асуудлын хууль эрх зүйн орчныг зохицуулахгүйгээр цаашдаа бид нар явах аргагүй боллоо. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүн тэргүүтэй нэр бүхий 21 гишүүн энэ хуулийг санаачлаад явж байна. Энэ хүрээнд бүх аймгуудаа бүсчлээд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Өмнө нь маш их эсэргүүцэлтэй тулж, Бэлчээрийн хуулиар яах гээд байна гэж ханддаг байлаа. Харин одоо иргэд болон малчид маань Бэлчээрийн хуультай, эрх зүйн зохицуулалтай болохгүй бол болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, холбогдох байгууллага, малчдын төлөөлөл оролцож, “Яагаад Бэлчээрийн хуулийг өөрчлөх ёстой юм, яагаад бэлчээрээ хамгаалах ёстой юм гэдэг сэдвээр санал солилцож байна” гэлээ.
Сүүлийн 30 жилийн хугацаанд бэлчээрийн асуудлаарх газрын харилцаанд баримтлах бодлого, зарчим хэт ерөнхий байгаагаас шалтгаалан бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалтыг төлөвлөх, хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдсаны улмаас бэлчээр нутгийн 65 хувь нь өөрчлөгдөж, доройтжээ. Бэлчээрийн доройтлын түвшин аймаг, сум, баг бүрд харилцан адилгүй байгаа төдийгүй байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа, төрийн оновчгүй бодлогоос улбаалсан бэлчээрийн газрын хөрсний үржил шимийн бууралт 2050 он гэхэд 3-4 дахин эрчимжих хандлагатай байгааг олон улсын байгууллагын судалгаануудаас харж болно.
Иймд бэлчээрийн газрын ашиглалттай холбоотой асуудлуудыг шийдэх, нарийвчилсан зохицуулалтуудыг хуульд тусгах шаардлагатай. Тухайлбал, хуулийн төсөлд нэмж хэрэглэгдэх хуулийн нэр томьёог тодорхойлох, бэлчээрийн зохицуулалт, ангилал, хил зааг, хэмжээ, байршлыг тогтоох, бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах, эдгээр үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, оролцогч талуудын эрх, үүргийг тогтоох зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан гэдгийг төсөл санаачлагчид онцолж байв.
Хэлэлцүүлгийн үеэр Судлаач доктор, дэд профессор Д.Булгамаа “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлт, талхагдал, шалтгаан, үр дагавар” сэдвээр танилцуулга хийж, холбогдох судалгаа мэдээллийг нэгтгэж, шийдэл санаачилгыг танилцуулсан. Тэрбээр Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хүрээнд бэлчээрийг хамгаалж, зөв зохистой ашиглалтыг нэвтрүүлэх замаар бэлчээрээ сайжруулах, улмаар малчдын орлогыг нэмэгдүүлсэн ололт амжилтуудыг танилцуулсан. Мөн бэлчээр нутгаа хамгаалахын тулд аймаг, сум, багийн түвшинд хэрхэн анхаарч ажилласан, малчид бүлэг болон нэгдэж, “Бэлчээр хамгаалах журам” гаргаж, түүнийгээ сум орон нутгийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд хэрхэн тусган ажиллаж ирсэн талаар мэдээлэл өглөө.
Хуульч, доктор, дэд профессор М.Сувд “Бэлчээр ашиглалтыг сайжруулах эрх зүйн орчин, бэрхшээл, сорил, сургамж” сэдвээр танилцуулга хийж, “Бэлчээр ашиглалтын эрх зүйн орчин, бэрхшээл, сорил, сургамж” сэдвээр илтгэл танилцуулж, нэгдсэн систем, тогтвортой менежмент бүхий ашиглалт, төлөвлөгөөг малчдын оролцоотой боловсруулах нь чухал гэдгийг тэмдэглэлээ. Бэлчээрийн ашиглалтын ачааллын өнөөгийн горимыг өөрчлөн тохируулваас нийт доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаараа сэргэх боломж байгааг судлаачид онцолж байв. Мал сүргийн тоо толгойг даацанд тохируулах, зохицуулах шаардлагатай талаар ойлголт сайтай байдаг хэдий ч тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн хөшүүрэг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатайг онцолсон юм.
Бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн идэвх, оролцоо, шийдэл санал чухал гэлээ.
Төслийн танилцуулгын дараа хэлэлцүүлэгт оролцогч талууд уг хуулийн төслийн найруулга, зарим зүйл, заалтууд, эрх зүйн харилцааны хүрээнд холбогдох саналуудыг нээлттэй хэлэлцэж, дүгнэлт боловсрууллаа. Улсын Их Хурлаар энэхүү хуулийн төсөл хэлэлцэгдэн батлагдсанаар бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалахад оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага, нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо тодорхой болж, бэлчээр ашиглалтыг сайжруулахбодит нөхцөл бүрдэнэ. Мөн бэлчээр хамгаалал, бэлчээрийг нөхөн сэргээхтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэж, малын тоо толгой нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсэн өнөөгийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн эерэг орчин үүснэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
П.Нарандэлгэр