БоловсролХууль эрх зүйОнцлох

Монголд анх удаа VR технологид суурилсан сургалтын танхим нээлээ

Монголын гаалийн байгууллагаас улсын хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх гаалийн ажилтныг чадавхжуулах, мэргэшүүлэх VR (виртуал риалити) технологид суурилсан сургалтын танхим (2023.10.20) шинээр нээлээ. 

Уг виртуал сургалтын танхим нь улсын хэмжээнд хууль сахиулах байгууллагуудаас анх удаагаа жишиг танхим болж байгаагаараа онцлог. Тухайлбал, сургалтын модулийг VR (Virtual reality) технологид суурилсан хэлбэрээр буюу 360 градусын өнцөгтэй видео камераар бэлтгэж, алба хаагчдыг гаалийн хяналтын бүс, тээврийн хэрэгслийг бодит дүрслэлээр харах технологийн шийдлийг ашигласан тоног төхөөрөмжүүдээр иж бүрэн тоноглосон юм.

Нээлтийн арга хэмжээнд ГХУСААЗЗАА-ны дарга Л.Нямгэрэл, Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал А.Бат-эрдэнэ, Хил хамгаалах ерөнхий газрын хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга Ц.Мягмардорж, ЦЕГ-ын ЭЦА-ны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Ганчулуун, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын дарга Г.Давааням болон холбогдох албаныхан оролцлоо.

VR сургалтын танхимыг нээлтийн үеэр ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд нар ирсэн зочдод виртуал төвийн ач холбогдол, гаалийн алба хаагчдыг хэрхэн сургах, бэлтгэх талаар танилцууллаа.

Виртуал сургалтын танхим нь зөрчил хянан, шалгах чиг үүрэг бүхий гаалийн ажилтныг мэргэжлийн түвшинд чадавхжуулах, сургах олон талын модуль сургалтын хөтөлбөртэй төдийгүй бодит зөрчил, кэйсүүдээс сурах боломжийг олгосноороо давуу талтай юм.

Улсын хилээр жилд бүртгэгддэг зөрчлийн 70 гаруй хувийг алт, үнэт эдлэл, бэлэн мөнгө валют, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүх соёлын дурсгалт зүйл, бүртгэлгүй төрөл бүрийн дааврын бэлдмэл, эм, эмийн бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх хэрэг зөрчил зонхилон эзэлж байна.

Иймд дээрх зөрчлүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хууль сахиулах байгууллагын чадавхыг дээшлүүлэх, тэр дундаа гаалийн ажилтныг мэргэшүүлэх, сургахад энэхүү виртуал танхим чухам ач холбогдолтой юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version