БоловсролWorldОнцлох

Монгол оюутнууд Эрхүү хотод үнэ төлбөргүй суралцана

Эн+ компанийн санаачилсан хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын гурван иргэнийг ИРНИТУ-ийн Эрчим хүчний хүрээлэн болон бэлтгэл ангид элсүүлэн суралцуулж байна.

2023 оны гуравдугаар сард Эрхүү мужийн амбан захирагч Игорь Кобзев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлалын үр дүнд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад ажлын зохих чиг үүргийг өгсөн. Үүний дотор ИРНИТУ болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны хооронд Монгол Улсын иргэдийг эрчим хүчний чиглэлээр суралцуулах тухай хамтран ажиллах гэрээ байгуулах бэлтгэл ажил багтсан байна. Тавдугаар сарын 23-нд Монголын ахлах ангийн сурагчид, коллеж төгсөгчид, 1-р курсын оюутнуудын дунд уралдаан зарласан.

ИРНИТУ-ийн Олон улсын сервисийн төвийн захирал Ася Контримовичийн хэлснээр тус уралдааны ялагчид цахилгаан эрчим хүч, усны эрчим хүч ба дулааны эрчим хүчний чиглэлийн бакалаврын хөтөлбөрөөр үнэ төлбөргүй суралцах эрхтэй болох юм. Математик ба физикийн тестийг амжилттай өгсөн гурван хүүхэд шилдэгээр тодорсон. Тэд мөн ИРНИТУ, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон “ЕвросибЭнерго” байгууллагын их сургуулийн оролцоотой ярилцлага өгсөн.

“Уралдааны нэг оролцогч охин Эрчим хүчний хүрээлэнгийн “Цахилгаан эрчим хүч, цахилгаан техник“ хөтөлбөрт элссэн. Тэрээр өмнө нь Политехийн их сургуулийн бэлтгэл ангид нэг жил орос хэл сурсан. Нөгөө хоёр хүүхэд цаашид тус их сургуульд суралцахаар ИРНИТУ-ийн бэлтгэл ангид элссэн” гэж Ася Контримович хэлэв.

2023 оны намар ИРНИТУ тус хөтөлбөрийн дагуу бэлтгэл ангид Монголоос нэмэлт оюутан элсүүлэхээр төлөвлөж байна.

Эн+ нь Орост суралцахтай холбоотой бүх зардлыг хариуцдаг. Шинээр элссэн Политехийн оюутнууд үнэ төлбөргүй суралцах, оюутны байранд байрлах, өдрийн хоолны цагаар хооллох эрхтэй байдаг. Мөн тус компани нь тэдний эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлж, шилжилт хөдөлгөөний зардлыг хариуцдаг.

Нэмэлт урамшуулал – сар тутмын 10 мянган рублийн хэмжээний тэтгэлэг. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Эн+ компанийн эрчим хүчний байгууламжууд дээр очиж, тэнд үйлдвэрийн дадлага хийх боломжтой.

ИРНИТУ-ийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан проректор Степан Быков шинэ төслийг эерэгээр үнэлсэн. Түүний хэлснээр Эрхүүгийн Политехийн их сургууль нь Монголын эдийн засагт зориулсан боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн анхаарч ажиллаж ирсэн түүхтэй. Тус их сургууль нь найрсаг хөрш орны аж үйлдвэрийн олон салбарууд, тэр дундаа эрчим хүчний салбарын инженерүүдийг бэлтгэдэг. Сүүлийн жилүүдэд цар тахал болон түүнээс үүдсэн логистикийн хүндрэлийн улмаас Монголоос ирэх оюутнуудын тоо багассан. Эн+ холдингийн тусламжтайгаар Политехийн их сургууль энэ хандлагыг эргүүлнэ гэж найдаж байна.

“Шинэ төсөл нь олон асуудлыг шийдвэрлэх, жишээлбэл Монгол Улсын эдийн засагт бүтцийн дэвшилтэт өөрчлөлт хийх боловсон хүчнийг бэлтгэхэд туслах сайхан санаачилга юм. Мөн энэ нь боловсрол, эрдэм шинжилгээний харилцааг бэхжүүлэх замаар хоёр улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Манай их сургуулийн төгсөгчид ирээдүйд эх орныхоо тусын тулд хөдөлмөрлөж, цахилгаан эрчим хүчний салбарыг хөгжүүлж, чадварлаг инженерүүдийн эгнээнд нэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Хөтөлбөрт хамрагдах сонирхол нэмэгдэнэ гэдэгт бас найдаж байна. Тэгвэл цаашид ИРНИТУ жилд 15-30 монгол оюутан элсүүлэх боломжтой болно” гэж проректор Степан Быков тэмдэглэв.

Лавлагаа: Эн+ бол нүүрстөрөгч багатай хөнгөн цагаан ба сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компани юм. Тус эрчим хүчний холдингийн байгууллагууд Оросын нийт цахилгаан эрчим хүчний 7 орчим хувийг үйлдвэрлэдэг. Бүлэг компанийн орлого үүсгэгч хөрөнгө нь Сибирь, Ижил Мөрөн орчмын бүс нутагт байрладаг. Компанийн эрчим хүчний чиглэлийн гол элемент нь усны эрчим хүч юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version