МСНЭ: Хэвлэлүүд УИХ, ЗГ-ын үйл ажиллагааг мэдээлэхээс татгалзахаа мэдэгдэв
МСНЭ-ээс “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалтыг хасах шаардлагыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хүргүүлсэн. Тэгвэл энэхүү шаардлагын хариуг ажлын хоёр өдөрт өгөхгүй бол УИХ, ЗГ-ын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн салбар мэдээлэхээс татгалзах хүртэл арга хэмжээ авахаа МСНЭ-ээс уламжлав.
Тодруулбал, МСНЭ гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахаар эсэргүүцлээ илэрхийлж хамтдаа тэмцлээ. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын санаачилж УИХ-д өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс “Мөрдөн байцаалтын нууц задруулсан бол хорих ял шийтгэнэ” гэдгийг хасахыг шаардсан шаардлагаа өнөөдөр холбогдох газруудад өгсөн.
УИХ дахь намын бүлгүүд уг заалтыг хасах дээр санал нэгджээ. Мөн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Эрүүгийн хуульд ДОРОМЖЛОХ заалтыг оруулахгүй гэж амлав. Одоо #МСНЭ Эрүүгийн хуулиас бусад заалтыг хасуулах чиглэлд анхаарч ажиллана.