Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус төсөлд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах талаар хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй байх (магадлан), хугацаатай хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлэхээр тусгалаа.
Тухайлбал, бүх насаар хорих ял оногдуулахаар (хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй) зааснаас бусад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 20 байгааг 30 жил болгож, хүнийг, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй, хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгохоор тусгажээ. Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн насны хязгаар 14 байгааг төсөлд 16 болгож нэмэгдүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэг
Албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялыг хасаж, 6 сар-3 жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасах нэмэгдэл ялыг оногдуулна гэжээ. Мөн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгахаар тусгасан байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг өргөн барина
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төслийн шинэчлэлээр,
- Төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд тодорхой болж, хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ.
- Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн зөв хуваарилалт хийж, хүүхэд бүрд үзүүлэх үйлчилгээг санхүүжүүлэх боломж бүрдэж, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирна.
- Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа тогтмолжино.
- Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болсноор хууль тогтоомжийн хэрэгжилт анхан шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ.
- Салбар бүр хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжүүлэх төсвийг төлөвлөн батлуулж, хэрэгжүүлнэ.
- Сургалтын орчин, дотуур байранд үе тэнгийн дээрэлхэлт гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
- Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын зохицуулалт бүхий бүтэц ажиллаж, интернэт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлага сайжирна.
- Гамшиг, онцгой нөхцөл байдлын үе дэх хүүхэд хамгааллын зохицуулалт тодорхой болно.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, оролцоог хангах эрх зүйн орчин бүрдэнэ.
- Хүүхдэд хүргэх хүүхэд хамгааллын үйлчилгээ нэр, төрөл тодорхой болж, тэдгээрийг хүргэх зохицуулалт тодорхой болж хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж дээшилнэ.
- Хамгааллын үйлчилгээг цаг алдалгүй, үр дүнтэй хүргэх, хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих, үр дүнг үнэлэх, хянах механизм сайжирна гэж үзэж байна.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийг сайдад даалгалаа. Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна.
Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд, дулааны станцууд 526.4 мян.тн нүүрсний, 1,569 тонн мазутын нөөцтэй байна. Баруун үйлдвэрийн дөрвөн шугам, Төвийн үйлдвэрийн хоёр шугам, Зүүн үйлдвэрийн дөрвөн шугам ажиллаж хоногт дунджаар 2,300 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, сайжруулсан шахмал түлшний нөөц 118,234 тн, мидлингийн нөөц 175,006 тн, барьцалдуулагчийн нөөц 730 тн, шуудайны нөөц 383.1 сая ширхэг байна.
2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал өвлийн горимыг мөрдөн ажиллана. 2023-2024 оны өвлийн оргил ачаалал 1567 МВт хүрэх таацтай байна. Төвийн эрчим хүчний нэгдсэн системийн эх үүсвэрүүд бүрэн чадлаараа ажиллах бөгөөд аль нэг тоноглолд гэмтэл, саатал гарсан тохиолдолд цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл байдал үүснэ.
Улсын хэмжээнд 2023 оны эхний найман сарын гүйцэтгэлээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ боловсруулалтаар 7,011.6 сая кВт.цаг байгаа нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 422.9 сая кВт.цаг буюу 6.4 хувиар өссөн байна.
Товч мэдээ
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгон өөрчиллөө.
- Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханы манай улсад 2023 оны есдүгээр сард хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгав.
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.