ОнцлохЧөлөөт цаг

“Монголын их амар амгалан” хамтарсан үзэсгэлэнг сонирхоорой

“Монголын их амар амгалан-Пакс Монголика” уран бүтээлийн үзэсгэлэн Х/07-ноос XI/07-ны хооронд Чингис хааны музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдээд байна.

Монголын эзэнт гүрний нөлөөгөөр Европ, Ази тивд 13-аас 14-р зууны хооронд буюу бүтэн 100 жилийн хугацаанд дайн дажингүй энх амгалан цаг үе оршсон бөгөөд энэ цаг үеийг PAX Mongolica хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг.

Зүүн өмнөд азиас зүүн европ хүртэлх өргөн уудам газар нутагт тогтсон ард иргэдэд ээлтэй энэ цаг хугацаанд худалдаа наймаа, урлаг соѐл цэцэглэн хөгжиж, хамгийн гол нь дайн дажингүй, ард иргэдийн нуруу тэнийж, сэтгэл амасхийсэн зуун байсан гэдэг. Магадгүй бидний өвөг дээдэс, баатарлаг хаад маань бага балчир насандаа мэдэрсэн монгол нутаг, нүүдэлчдийн амьдралын их амар амгаланг бусад соѐл иргэншилд мэдрүүлэхийг хүссэн бизээ.

Энэ их амар амгалан өнөө цагт ч хөдөө нутагт маань оршин буй хэдий ч цөвүүн цагийн эрхээр улам л алслан холдсоор байна хэмээн Ардын зураач Ш.Чимэддорж ярьдаг. Тэрээр өөрийн мэдэрсэн “Монголын их амар амгалан” гэх энэхүү гайхамшигтай мэдрэмжийг урлаг сонирхогч та бүхэндээ шавь БНХАУ-ын алдарт уран барималч Шэнь Хунбио-тай хамтран уран бүтээлээрээ дамжуулан мэдрүүлэхийг хүсжээ.

Шень Хунбио нь Францын Сорбоний их сургуульд уран баримлаар докторын зэрэг хамгаалсан, БНХАУ-ын уран зургийн академийн профессор бөгөөд олон улсын хэмжээнд дээгүүр бичигдэх чансаа өндөр, модерн-контемпорари чиглэлийн уран барималч юм. Монголчууд түүнийг Парисын гудамжинд байршуулсан “Зогсож буй Монгол хүн” бүтээлээр нь хэдийнээ танина.

Алдарт барималч маань өөрийн амьдралын замналыг “Барималч болоогүй бол адуучин болох байсан” хэмээдэг нэгэн юм. Тэрээр нүүдэлчдийн өв соѐлд зүрх сэтгэлээсээ татагдаж, сүүлийн 30 гаран жилийн хугацаанд монгол морь, монгол хүн, тал нутгийн ахуй соѐлын агуулгатай бүтээл туурьваж ирсэн бөгөөд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч болсон байна.

Түүний уран бүтээлийн гол зорилго нь өөрийн мэдэрсэн нүүдэлчдийн соѐлын нандин зүйлсийг гадаад ертөнцөд мэдрүүлэх явдал байдаг ажээ.

Ардын зураач Ш.Чимэддоржийн хувьд уран зураг, уран баримал, бэхэн зураг, шаазан урлал, ланд арт гэх мэт маш олон төрлөөр бүтээл туурвидаг бөгөөд аль ч төрлөөр хийсэн түүний өвөрмөц сэтгэлгээний онцлог, арга барил нь онцгой ялгардаг гайхамшигтай уран бүтээлч юм.

Түүний гол онцлог нь нүүдэлчдийн соѐл, чөлөөт сэтгэлгээний онцлогийг орчин үеийн хэллэгээр, дахин давтагдашгүй өвөрмөц өнгө төрх бүхий уран бүтээлээрээ дэлхийд таниулсан явдал юм. Мэдээж энэ үйл хэрэгт түүний малчны хотонд унага даагатай эрхэлж өссөн бага нас, байгалиас заясан онцгой мэдрэмж гол үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй.

Ш.Чимэддорж зураачийн морьд ялангуяа тосон будгийн бүтээлүүд нь агуулга, орон зай, дүрслэлийн онцгой чиг хандлагыг эхлүүлсэн бөгөөд энэ нь түүний монголын төдийгүй дэлхийн урлагийн хөгжилд оруулсан хувь нэмэр юм.

Бүтээлүүдэд нь нийгэм, соѐл, мөн хүмүүс, тэдний хоорондын харилцаа, зөрчилдөөнийг мориор дүрсэлж илэрхийлэх нь цөөнгүй байдаг. Магадгүй тэрбээр дэлхийд хамгийн их морь зурсан уран бүтээлч бизээ.

Ш.Чимэддоржийн бүтээлийн дээжис дэлхийн олон орны компани, хувь хүмүүсийн цуглуулганд байдгаас гадна дараах алдартай музей, галлерейд байнгын үзмэр болон хадгалагдаж байна. Ж нь: Япон улсын Фукуока хотын Азийн урлагийн музей, Францын “Музей де Шантилли” морины музей, БНСУ-ын Метрополитан музей гэх мэт.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version