Өнөөдрөөс бүх нийтийн мод тарих өдрүүд эхэлнэ
Намрын бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр”-ийг 2023.10.04–10.16-ны хооронд зохион байгуулна.
Хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ уламжлалын хүрээнд намрын мод тарилт өнөөдрөөс эхлэх гэж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газраас Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалж байна.
Та бүхэн доорх QR кодыг уншуулан Нийслэлийн хэмжээнд мод тарих байршлуудын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.