Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2023.10.03/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон, Үндсэн хуулийн цэцэд холбогдох тайлбарыг хүргүүлсэн УИХ-ын гишүүн Г.Ганболд 05 дугаар дүгнэлтийн талаар танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэжээ.
Үндсэн хуулийн цэц энэ удаагийн дунд суудлын хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …”, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… нэр дэвшигчийн сонсгол хийж … “, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “… энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. … нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш … тухайн тайлан, … Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад “… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.” гэж заасны “… танилцах, зөвшилцөх, … танилцах, зөвшилцөх, …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар … Ерөнхийлөгч томилно. …”, Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзсэн байна.
Тиймээс Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …”, 29.1.2 дахь заалтад “… танилцах, зөвшилцөх, … танилцах, зөвшилцөх, …” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… нэр дэвшигчийн сонсгол хийж … ” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “… энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. … нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш … тухайн тайлан, … Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.” гэж тус тус заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-аас нэр дэвшигчийн болон томилгооны сонсголыг явуулан албан тушаалтнууд тухайн ажилд томилогдох эрх зүйн болон бусад ур чадвартай эсэхийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлдэг томоохон дэвшлийг хийсэн.
Энэ бол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн гол үр дүн. Үүний үр дүнд Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонсгол хийсний дараа томилсон. Олон нийтийн төрөөс хүсэн хүлээдэг гол зүйл бол шүүхийн шударга ёс, шүүх хараат бусаар зөвхөн хуульд захирагдан ажиллах юм.
Тийм учраас Үндсэн хуулийн цэц болон бусад төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлагын нэг нь нээлттэй сонсголын үр дүн байх учиртай гээд Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, бид ард түмний мэдэх эрх, нээлттэй мэдээлэл авах эрхийг хүндэтгэх ёстой хэмээлээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд, Албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулах нь нэр дэвшиж байгаа хүмүүс боловсрол, ажил мэргэжил, туршлага, мэдлэг ур чадвар, ёс зүй болоод хуульд заасан бусад шаардлагад нийцэж буй эсэхийг нээлттэй хэлэлцэх бөгөөд энэ нь олон нийтийн мэдэх эрхийг хангахад чиглэсэн процесс хэмээгээд, энэ нь шийдвэр гаргах эцсийн үйл ажиллагаа биш гэдгийг тодотгосон.
Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.