Монголын соёлын түүхэнд тодрон гарсан суу билэгт эрхэм хүмүүн Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар нь Төв Азийн өндөрлөг дэх соёлын орон зайг дүрслэх урлаг, архитектур, ерөөл магтаал, утга зохиолын гайхамшигт бүтээлүүдээрээ баяжуулж, өөрийн алдар нэрээ хүн төрөлхтний түүхэнд тодоор бичиж үлдээсэн авьяас билэг нэгэн билээ.
“Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганд зохион байгуулагдаж Соёлын дэд сайд М.Батбаяр оролцож /2023.09.27/ үг хэллээ.
Хуралд Өндөр гэгээн Занабазарын урлал бүтээл, сүм хийдийн шинэ үеийн судалгаа, түүний үзэл санаа, соёмбо үсгийн тухай, намтар түүхийн талаарх гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын 24 илтгэл тавигдаж “Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар ба богд дээдсийн өв соёл” үзэсгэлэн мөн нээгдлээ.
Энэхүү суу билэг төгс, соён гэгээрүүлэгч их хүмүүний судлалд зориулан Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургууль, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран зохион байгууллаа.