ЯрилцлагаFocus

Б.Бямбасүрэн: Төрийн удирдах албан тушаалтны талаар шүгэл үлээснийхээ төлөө би хохирогч боллоо

“Шүгэл үлээгч” буланд Архангай аймгийн Чулуут сумын иргэн Б.Бямбасүрэн хандлаа. Тэрбээр орон нутгийнхаа удирдлага болон байгууллагатай холбоотой ноцтой асуудлын талаар шүгэл үлээж байна.

-Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар ажил хийдэг хүн бэ?

-Миний бие Архангай аймгийн Чулуут сумын хүүхдийн цэцэрлэгт найм дахь жилдээ ажиллаж байна. Одоо тус цэцэрлэгт жижүүр-үйлчлэгчээр ажилладаг. Энэ ажлыг хийхдээ давхар цэцэрлэгийнхээ зургаан бүлгийн цагаан хэрэглэлийг угаадаг.

Миний ажил үүргийн хуваарьт ийм зүйл байхгүй. Угаалгын ажилтны орон тоон дээр тусдаа хүн ажиллах ёстой. Гэтэл тэр хүн нь манай сумын Халуун-Ус багийн салбар цэцэрлэгт тогоочоор ажилладаг. Ингээд би хоёр хүний хийх ёстой ажлыг ганцаараа гүйцэтгэж байгаа гэсэн үг.

Та ямар асуудлаар шүгэл үлээж байна вэ?

-Чулуут сумын Засаг дарга болон цэцэрлэгийн эрхлэгч нарын ашиг сонирхол хэрээс хэтэрсэн. Тэд төрийн албыг улс төрийн зорилгоор ашиглаж байна. Үүгээр зогсохгүй төрөл садангийн алба болгосон.

-Танд тодорхой баримт байна уу?

-Манай Засаг дарга Э.Анхбаяр нь АН-ын хүн. Тэрбээр өнгөрсөн хавар томилогдсон. Ингэхдээ намын бүлгээсээ дэмжлэг авч чадаагүй. Харин МАН-ын дэмжлэгтэйгээр Засаг дарга болсон. Түүнийг Засаг дарга болсноос хойш сумын МАН-ын тодорхой нэр бүхий хүмүүс төрийн албанд томилогдож байна. Энэ асуудлыг сум, орон нутаг даяар хүн бүр мэдэж байгаа. Засаг даргын МАН-тай үгсэн тохиролцсоны тод жишээ гэвэл сумын цэцэрлэгт хүмүүс ажилд оруулахаар шахаж байна.

Орон нутгийн удирдлагууд болон цэцэрлэгийн эрхлэгчийн ашиг сонирхол ноёлсноос болж иргэн миний эрх ноцтой зөрчигдлөө. Уг нь би туслах багшаар ажиллах эрхтэй. Харамсалтай нь миний хийх ёстой ажлын байранд цэцэрлэгийн эрхлэгч танил тал, хамаатан садангуудаа дүүргэсэн. Энэ бол төрийн алба. Хувийн хэвшил биш.

Дээрээс нь цэцэрлэгийн удирдлагатай холбоотой өөр нэг ноцтой асуудал бий. Тэр нь юу вэ гэвэл хүүхдийн хоолны мөнгийг төсвөөс илүү тооцож авдаг. Тодруулбал, тухайн өдөр ирсэн хүүхдийн ирцийг үнэн бодитоор мэдээлдэггүй гэсэн үг.

Хорин хүүхэдтэй ангид 10 хүүхэд ирлээ гэхэд цаашаа тоогоо өгөхдөө 15 хүүхэд ирсэнээр давуулж өгч байх жишээтэй. Халуун-Ус багийн салбар цэцэрлэг цөөхөн хүүхэдтэй. Заримдаа ганц хүүхэд ирэх үе байна. Энэ тохиолдолд 12 хүүхэд ирсэн гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хүүхдийн хоолны мөнгийг төсвөөс илүү бодож авдаг. Үүнээс гадна цэцэрлэгийн ажилтнуудын цалинг дандаа дутуу бодож өгдөг.

Надаас гадна дөрөв, таван хүний цалин дээр акт тогтоосон. Юунаас болж ингэж дутуу бодоод байгааг асуухаар удирдлага маань өөдөөс загнаад тодорхой тайлбар өгдөггүй. Заримдаа дараа нөхнө гэчихээд бас л дутуу олгодог. Энэ талаар би Засгийн газрын 11-11 төвд хандсан. Цэцэрлэгийн энэ зөрчил аймгаас ирсэн аудитын шалгалтаар ч илэрсэн.

-Цэцэрлэгийн эрхлэгч нар хамаатан садангуудаа ажилд авдаг гэлээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Манай цэцэрлэг 25 хүнтэй. Үүний бараг 50 хувь нь цэцэрлэгийн эрхлэгчтэй төрөл садан. Цэцэрлэгийн эрхлэгч Бүжинлхам гэдэг хүн тэтгэвэртээ гарчихсан хэрнээ өнөөг хүртэл ажилласаар байгаа. Тэрбээр Архангай аймгийн Тамгын газрын дарга Д.Алтангэрэлтэй төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Халуун-Ус багийн цэцэрлэгийн галч Н гэдэг хүн бас Д.Алтангэрэлийн төрсөн ах нь.

Мөн манай цэцэрлэгийн багш М, туслах багш Э нар Д.Алтангэрэл даргатай ойрын хамаатнууд. Тэд төрсөн ахан дүүсийн хүүхдүүд. Цэцэрлэгийн галч Ш, Ц нар эрхлэгч Бүжинлхамын хүргэнүүд. Дээрээс нь бүлгийн багш Н, ахлах тогооч С нар мөн л эрхлэгчтэй төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Бас нярав А, бичээч О нар хүртэл Бүжинлхамтай ойрын хамаатан садангийн улс. Энэ бол албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн албыг төрлийн алба болгосон бодит үнэн.

Мэдээж ажилд авах багшийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах ёстой. Дээр дурдсан Д.Алтангэрэл даргын хамаатан Э, бүлгийн багш Д нарыг манай эрхлэгч шууд ажилд авах гэхэд Э.Анхбаяр Засаг даргад томилогдохоосоо өмнө “Наадах чинь ашиг сонирхолын зөрчилтэй байна” гээд АТГ-т өгч байсан.

Ингээд сонгон шалгаруулалт зарласан. Тэгэхэд шууд ажилд орох гэж байсан хоёр хүн сонгон шалгаруулалтад орсон. Цэцэрлэгийн эрхлэгч Бүжинлхам, бичээч О нар сонгон шалгаруулалт зарлаж байгаа нэрийдлээр тестийг урьдчилж аваад тэдэнд өгсөн гэдэг яриа гарсан.

Энэ тухай хамт олны хурал дээр хэд хэдэн удаа яригдсан суудал. Би үүнийг үнэний ортой гэж хардаж байгаа. Яагаад гэвэл тухайн үед сонгон шалгаруулалтад тэр хоёроос өөр хүн ороогүй. Би хүртэл сонгон шалгаруулалтад орох хүсэлтээ даргад тавьж байсан. Тэгэхэд “Чи хэрэггүй. Энэ удаа хүлээж бай” гээд зөвшөөрөөгүй. Ер нь бол асуудал тодорхой болсон байсан болохоор ингэж намайг оруулаагүй гэж бодсон.

Ер нь бол цэцэрлэгт явж байгаа хүүхдийн тооноос хамаарч багш, ажилчдын орон тоо уялддаг. Тиймээс цэцэрлэгийн удирдлага ах дүү, хамаатан садан, намын нөхдөө ажилтай байлгахын тулд хүүхдийн тоог зориудаар нэмдэг гэж хардаж байна. Тухайлбал, Халуун-Ус багийн цэцэрлэг аль хэдийнэ татан буугдах хэмжээнд хүрсэн. Заримдаа ганцхан хүүхэд, бүр хүүхэд ирэхгүй үе ч байна.

Гэтэл хүүхдийнхээ тоог нэмж өгөөд л, ажилд хүн аваад л байдаг. Тэгсэн хэрнээ намын дэмжлэггүй, танил талгүй над мэтийн хүмүүс үндсэн ажлаа хийж чаддаггүй. Би туслах багшийн эрхтэй мөртлөө жижүүр хийж байна. Гэтэл хамаатан садангууд нь болохоор угаагчийн орон тоон дээр орчихоод тогооч хийж байх жишээний.

-Та сум орон нутгийн удирдлага болон байгууллагынхаа талаар шүгэл үлээснээс болж ямар нэгэн дарамт шахалтад өртөж байна уу?

-Над дээр маш их гал ирж байгаа. УИХ-аас Шүгэл үлээгчийн тухай хуулийг баталсан. Би хуулиа биелүүлж, нийтийн ашиг сонирхлыг хохироосон асуудлыг хөндөж байна. Харамсалтай нь миний эрх маш ихээр зөрчигдөж байгаа. Манай цэцэрлэг дээр таван ажлын байрны орон тоо яригдаж байгаа юм.

Бүлгийн хоёр багш. Багшийн туслах хоёр, тогооч гэсэн ажлын байрууд. Миний бие туслах багшийн орон тоон дээр яригдаж байсан. Байгууллагын хурал есдүгээр сарын нэгэнд болсон. Хурал дээр сумын Засаг дарга улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг завдсан. МАН-ын дэмжлэгтэйгээр гарч ирсэн учраас хоёр хүн ажилд оруулна гэж шахсан. Үүнээс үүдэж байгууллагын хурал дээр маргаан үүсч, асуудал шийдэгдэж чадалгүй тарсан.

Маргааш нь ажилдаа иртэл ”Засаг дарга цагдаатай ирж, драйвер үлээлгэж ажилтнуудыг шалгасан. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн илрүүлсэн” тухай дуулсан. Ингэхдээ Засаг дарга нь иргэн Б.Бямбасүрэн буюу миний дуудлага мэдээллээр ирсэн гэдгийг манай хамт олонд хэлсэн байгаа юм. Энэ бол миний нэр төрд халдсан ноцтой асуудал. Засаг дарга өөрийнхөө эрх мэдлийг давуулан ашиглаж, улстөржиж хүний нэр төрд санаатайгаар халдлаа.

Тэрбээр төрийн удирдах албан тушаалтан хүн байж ёс зүйн алдаа гаргаад зогсохгүй, ашиг сонирхлын зөрчлөө гүйцэлдүүлэхийн тулд намайг буланд шахаж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын дэмжлэгтэйгээр Засаг дарга болчихоод хариуд нь хоёр хүн ажилд оруулах гэж улайран дайраад байгаа хэрэг. Энэ үйлдлээрээ миний ажлын байрыг булааж байна.

-Та цагдаад дуудлага өгсөн юм уу?

-Би албан ёсоор хаана ч дуудлага өгөөгүй. Энэ хүн анх Засаг дарга болонгуутаа манай байгууллага дээр ирсэн. Болох бүтэхгүй асуудлыг цэвэрлэнэ. Хов живээр ажил хийхгүй гэж сүрхий уриа лоозонтой орж ирж байв. Тухайн үед би “Манай байгууллага дээр шударга зүйл байдаггүй. Ёс зүйн хороо гэж байдаг хэрнээ асуудлыг шийддэггүй.

Манайд эрх зүй, ёс суртахууны талаар лекц сургалт явуулах хэрэгтэй” гэж хэлсэн. Сүүлд байгууллагын хурал дээр үүссэн асуудал өөртэй нь хамааралтай байсан болохоор утсаар залгаж хэлсэн төдий. Анх шударга үнэний төлөө ажиллана гэж байсан хүн яагаад миний ажлын байрыг булааж байгаа юм бэ гэдэг агуулгаар. Мань хүн намайг ажлаа тараад явсны дараа цагдаатай хүрч ирээд драйвер үлээлгээд согтуу хүн илрүүлсэн юм билээ.

Тэгээд “Танай ажилтан Бямбасүрэнгийн дуудлагаар ирсэн шүү” гэж хэлчихээд гараад явсан байгаа юм. Албаар байгууллага дотор хагарал үүсгэж, намайг нохойд барьдаг мод шиг л шидчихлээ. Энэ бол санаатайгаар миний ажлын байрыг ганхуулах гэсэн үйлдэл гэж харагдаж байна. Засаг даргыг ингэж хэлснээс болж намайг манай ажлынхан гадуурхаж байна. Үүнээс үүдэн миний сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал доройтлоо.

Би нойргүйдэлд орж, зүрх өвдөж, даралт ихэсч байна. Энэ байдал давхар үр хүүхдүүд, гэр бүлд маань нөлөөлж байна. Тэд маань сэтгэл санаагаар хямарч, эрүүл мэндээрээ хохирч байна. Төрийн удирдах албан тушаалтны ёс зүйн алдаа, ашиг сонирхлын зөрчлийн талаар шүгэл үлээснийхээ төлөө би байгууллагадаа гадуурхагдаж, хохирогч боллоо.

-Та хуулийн байгууллагад хандсан уу?

-Сумын Иргэдийн хурал, цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Цагдаад өргөдөл өгөөд долоо, найм хонож байхад асуудал огт шийдэгдэхгүй байна. Сум орон нутаг намын харьяалал, ах дүүсийн хэлхээ холбоо, бүлэрхэг байдал хэрээс хэтэрсэний жишээ энэ юм. Уг нь Засгийн газраас ард түмнээ хөдөө очиж амьдрахыг уриалаад байгаа биш билүү. Гэтэл хөрсөн дээрээ нөхцөл байдал ийм байна. Гадуурхал, намчирхдаг байдал орон нутагт очиж амьдрах хүсэлтэй иргэдийг үргээгээд байна шүү дээ. Ийм байхад төр засгаас мянган сайхан бодлого гаргаад нэмэр байна уу.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version