ХАА-н салбарЯрилцлагаМБАНХGreengoldЭдийн засагОнцлох

А.Амарбаян: Цахим систем мал эмнэлгийн үйлчилгээг ил тод, шуурхай болгосон

МЭЕГ-аас 2020 онд нэвтрүүлсэн Мал эмнэлгийн нэгдсэн систем нь малын шилжилт хөдөлгөөнийг хянах, малын хулгайтай тэмцэх, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөхөд шаардагдах мэдээллийн санг бүрдүүлэх, мал эмнэлгийн тайлан, мэдээ гаргах зэрэг үйл ажиллагааг цогцоор нь багтаасан байдаг. Түүнчлэн амьд мал, малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөний үед бичигддэг цаасан гэрчилгээг халж, цахимаар үйлддэг болсон нь гарал үүслийг тодорхойлох, мөрдөн мөшгих тогтолцоог нэвтрүүлэх, эрүүл мал, махыг зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Тиймээс мал эмнэлгийн салбарт үүссэн давуу тал Малын цахим худалдааны захын үйл ажиллагаатай хэрхэн нэгдэж талаар Сонгинохайрхан дүүргийн “Буян хөхий” мал эмнэлгийн Малын эмч А.Амарбаянтай ярилцсанаа хүргэж байна.

Мал эмнэлгийн салбарын бүртгэл мэдээллийг цахимаар хийж эхэлссэн нь ажиллахад илүү амар хялбар болсон гэдгийг салбарынхан онцолдог.  Энэ талаар эхлээд мэдээлэл өгөх үү?

-Мал эмнэлгийн нэгдсэн системтэй болсноор малчид болон мал эмнэлэг хоорондын уялдаа  холбоо  сайжирч, илүү ойлгомжтой болж байгаа. Мал эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай, ямар нэг чирэгдэлгүй, ямар нэгэн хүлээлтгүй хүргэх зорилготой энэхүү цахим систем хэрэгжээд 4 дэх жилдээ ороод ажил жигдэрээд явж байна. Ер нь Мал эмнэлгийн нэгдсэн системтэй болсноор малчид өөрсдөө Мал эмнэлгээ сонгоод малдаа мал эмнэлгийн үйлчилгээ авах  эрх нь нээлттэй байдаг.

Энэ мал маань тэдэн төрлийн үйлчилгээнд хамрагдсан, одоо манай эрүүл сууриас гарч байгаа эрүүл мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд хүргэх гэж байна гэдгийг цахим гэрчилгээгээр баталгаажуулж байна. Ингэснээр малчин, малын эмч хоёрын хооронд маш тодорхой ажил үүргийн болон үйлчилгээний чиглэл нь ойлгомжтой болсон.

Жишээлбэл, малчин Батаа мал эмнэлгийн гэрчилгээ авъя гэхэд тухайн орон нутгийг хариуцсан Мал эмнэлэг нь “Иргэн Батаагийн малд хэдэн сарын хэдний өдөр яг ямар төрлийн үйлчилгээ үзүүлсэн, одоо тэр үйлчилгээ нь ямар хугацаандаа яваа гэдгийг малын эмч өөрөө мэдэх учраас эрүүлгэдгийг хэзээ нь баталгаажуулж гэрчилгээ өгөх хугацаа нь болсон бол дор нь шийдчихнэ. Цахимаар бүх ажил хийгддэг болохоор нийгэмд болон малчдад хүргэж байгаа мал эмнэлгийн үйлчилгээ ил тод, шуурхай болсон.

-Мал эмнэлгийн бүртгэл мэдээллийг өмнө нь яаж хийдэг байсан бэ?

-Өмнө нь ерөнхийдөө мал эмнэлэг үйлчилгээ үзүүлээд тэрийгээ нэг бүрчлэн дэвтэр дээр бичнэ. Дээр нь цаасан гэрчилгээг авахын тулд малчин заавал Мал эмнэлэг дээр ирж, малын эмчтэй уулзаад гараар бичсэн цаасан гэрчилгээ аваад явдаг, бас маш  замбараагүй байсан шүү дээ. Ялангуяа хавартаа отор нүүдэл, намрын цагт малын гаралтай бүтээгдэхүүн борлуулалтын үед маш их хөдөлгөөнд орно.

Энэ хөдөлгөөн болгон дээр гэрчилгээ авдаг. Энэ нутгаас ийм төрлийн мал эмнэлгийн үйлчилгээ авсан, одоо тийм нутаг руу шилжүүлэхэд зүгээр гэдгийг гэрчилж цаасаар гэрчилгээ гаргадаг байлаа. Харин одоо цахимд шилжсэнээр мэдээллүүд маш тодорхой харагддаг тул гэрчилгээ авахад ч илүү түргэн шуурхай болсон.

-Мал эмнэлгийн нэгдсэн систем нэвтэрсэний давуу талуудыг онцолвол?

-Мал амьтнаар дамжаад үүсдэг гоц халдварт өвчний үед энэ цахим бүртгэлээр дамжуулан мэдээллүүдийг нь авч байх нөхцөл бүрдсэн. Халдварт өвчний гаралт тархалтыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, багасгаж, хянаж чаддаг болсон нь Мал эмнэлгийн нэгдсэн систем нэвтэрсэний давуу тал. Малчид болон хэрэглэгчид энэ давуу талыг маш сайн ойлгох хэрэгтэй.

Тухайлбал, үнэхээр малын эмчийн хяналтын доор байсан малыг би авч байна уу? Эсвэл буруу замаар олдсон, мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаагүй мал амьтны махыг авах гээд байна уу гэдгийг борлуулагчаас иргэд асууж, гэрчилгээг шаардах хэрэгтэй. Тэгж байж би энэ малчнаас ийм эрүүл малыг хүлээж авч байгаа юм байна шүү, ийм эрүүл малыг дараагийн ийм аймаг сум руу шилжүүлж байгаа гэдгээ маш сайн ойлгож байх хэрэгтэй.

Цахим системийг нэвтрүүлснээр энэ бүх ажил их сайхан жигдрээд явж байна. Мэдээж цоо шинээр нэвтэрсэн систем учраас зарим үүссэн асуудлыг малын эмч нар тухай бүрт нь систем хөгжүүлэгч компаниуддаа нь хэлж, хөгжүүлэлтийн явцад ажиллахад улам бүр амар хялбар, ойлгомжтой болж байгаа.

Мал эмнэлгийн болон малчин, ААН тодорхой төвшинд л мэдээллүүд нь харагддаг их аятайхан систем байдаг. Энэ систем дээр тухайн худалдан борлуулах гэж байгаа малын тамга тэмдэг, зүс махны хэмжээг нь маш ойлгомжтой тодорхой аваад зурагжуулаад, тэрийг нь үзэж байж гэрчилгээ маань явдаг. Их хэмжээгээр явуулах бол малын эмч нь өөрөө орж байж газар дээр нь үздэг. Иймэрхүү байдлаар маш хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж байна. Тэгэхээр энэ систем хэрэгжсэнээр мал эмнэлэг нь малчинд маш шуурхай үйлчилгээ үзүүлж, малын эмчийн нэр хүндийг болон ажил үйлчилгээг тодорхой хэмжээгээр өргөж байгаа.

Зарим нэг малчин ямар нэгэн мал эмнэлгийн үйлчилгээ огт авахгүйгээр маш их хэмжээгээр мал, махны борлуулалт их хийдэг байсан. Одоо бол мал эмнэлгийн гэрчилгээ  ямар чухал гэдгийг мэддэг болчихлоо. Энэ ажлыг улам чанаржуулах, өргөжүүлэх, нарийвчилсан байдлаар хөгжүүлээд явах нь тодорхой. Малчид мал эмнэлгийн гэрчилгээ авч байж малын гаралтай бүтээгдэхүүнээ борлуулах эрх нь үүснэ гэдгийг ойлгочихсон. Тиймдээ ч малчин, мал эмнэлэг хоёрын харилцаа зөөлөрч, хамтын ажиллагаа хялбар болсон.

-Малын цахим худалдааны захын нэг оролцогч байгууллага нь мал эмнэлэг. Тиймээс мал эмнэлгийн цахим системийн давуу тал малчидтай хамтрахад илүү тодорхой болгоно гэж үзэж буй. Энэ талаар таны бодол?

-Малчид төр засгаас явуулж байгаа бодлогыг их сайн ойлгох хэрэгтэй. Тоог чухалчилах уу малын чанарт анхаарах уу гэдгээ ч бодох хэрэгтэй. Орчин цагт малын даатгалын систем янз бүрийн байдлаар хөгжих нь ойлгомжтой. Малын цахим худалдааны зах ч мөн адил даатгалтай холбогдож байгаа.

Тэгэхээр малчин хүн эхлээд малаа яаж өсгөж бойжуулмаар байна, мал болон малын гаралтай бүтээгдэхүүнээ ямар аргаар борлуулмаар байна вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Тэгээд хамтарч нэгдээд хоршоо байгуулаад түүгээрээ дамжуулаад энэ системд нэгдэх бүрэн боломжтой болжээ. Ялангуяа мал, махны борлуулалтаа зовохгүйгээр хийх, хэн нэгэн ченжийн гар дамжуулахгүйгээр өндөр үр ашигтай, боломжийн үнээр зарах боломжтой болжээ гэдгийг малчид өөрөө судлаад системийг сонирхох хэрэгтэй.

Өмнө нь хэлсэн малчин таны хүсэлтээр малд нь үйлчилсэн Мал эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээ цаг хугацаа минутаараа, тоо толгойгоороо системд бүртгэгдсэнийг гэрчилсэн бүртгэл нь байна. Таны мал тийм төрлийн өвчнөөс бүрэн  хамгаалагдаж, вакцинжуулалтад хамрагдсан, эрүүл гэдэг нь баталгаажсан гэдгийг малын эмчийн гэрчилгээ батална.

Малын эмчийн гэрчилгээ Малын цахим худалдааны захаар борлуулалт хийхэд нээлттэй хууль эрх зүйн хувьд баталгаа нь болно. Тиймээс малчид энэ системд яаж нэгдэж, өөрийн хүсээд байгаа зах зээлийн үнэ ханшаараа өгч болох вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Тиймээс Малын цахим худалдааны захын үйл ажиллагааг илүү ойлгомжтой болгож, малчдад ойлгуулж, хоорондын уялдаа холбоог сайжруулаад өргөтгөх улам бүр нөхцөл бүрджээ гэж харж байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version