ХАА-н салбарЯрилцлагаМБАНХGreengoldЭдийн засагОнцлох

Х.Аншин: Малаа өөрөө нядлаад суухгүй, бидэн дээр ирээд авчихаж байгаа нь үнэхээр амар юм

“Малын цахим худалдааны зах”-ын үйл ажиллагааны анхны малчин хамтрагч нарын нэг Дундговь аймгийн Дэрэн сумын 3 дугаар багийн малчин Х.Аншинтай ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулж болох уу?

-Би 1990 оноос хойш мал маллаж байна. Мал сүргээ таван төрлөөр өсгөж байгаад 2000 оноос хойш тэмээгээ борлуулаад одоо малаа 4 төрлөөр өсгөж байна. Дөрвөн  төрлөөр өсгөсөн мал минь сайхан өсөж үржиж байна. 2016, 2017, 2018 онуудад “Сумын сайн малчин” болж байлаа. Ам бүл тавуулаа, хүүхдүүд тус тусдаа амьдарч байна даа.

-Малын тоо толгойн өсөлт нь өнөөгийн малчдын тулгамдсан асуудал болсон. Таны хувьд энэ талаар юу гэж боддог вэ?

-Жилийн жилд малын тоо толгой ихээр өсөж байгаа ч малчин хүн 500 орчим малтай байхад амьжиргаанд нь хүрдэггүй. Тийм болохоор ямааны тоо толгойг өсгөж, мянган малтай болоод жил бүрийн хавар ноолуураа борлуулж орлого олж байна. Малчид ямаа голчлон малладаг болчихлоо, ямаа бэлчээр талхалдаг гэдэг ч малчдыг орлоготой болгож байгаа ганц мал нь л тэр.

-Ер нь малчин хүний орлого хэзээ, хаанаас орж ирдэг вэ?

-Малын дотор гэдэс нь ямар ч үнэгүй болсон. Бойны газар бол зүгээр л хаячихдаг. Нэхий, ноос ч үнэд хүрэхгүй болсон. Тиймээс хавартаа ямааны ноолуураа борлуулна, намартаа 10-20 эр малаа нядлана. Нийтдээ 15-20 сая төгрөгийн орлого жилдээ орж ирдэг ч улирлын чанартай л мөнгөтэй болж байна.

-Мал махаа борлуулах ажил нь яг ямар дамжлагаар явагддаг вэ?

-2000 оноос өөрсдөө гар аргаар малаа нядлаад ченж нарт өгдөг байсан. Гэтэл ченж нар хэдэн янзаар ялгаад эр хонь нь 150-160 мянга, эм хонь нь 80 мянган төгрөг, ямаа нь 120 мянган төгрөг болох жишээтэй. Сүүлийн жилүүдэд малаа амьдаар нь ачиж ченжид аваачиж өгч байна. Зам дагуу мал нядалгааны газар ч нэлээн ч олон бий. Тэд нар газар дээр нь бойлоод энийг ийм үнээр, тэрийг тийм үнээр гэж үнийг аль болох багаар тогтоох гэнэ. Зуны цагт бол тэр хүний хэлсэн үнээр нь л зардаг. Малаа нядалчихаад махаа өмхийрүүлэлтэй нь биш хэлсэн үнээр нь өгөхөөс өөр аргагүй. Адилхан л өвс ургамал идэж өссөн гэдэг утгаараа бидний хувьд ялгаад байж чаддаггүй ч ченжүүд том жижгээр нь ялгана. Гэтэл хотын иргэдийн гар дээр очихдоо махны үнэ нь маш өндөр болчихоор  малчин биднийг л үнэ өсгөж байна гэж буруутгадаг.

-Цөөн тооны ашиг шим сайтай малтай байх нь малчиндаа ашиг тустай, нийгэм эдийн засгийн хувьд ч үр өгөөжтэй, байгаль орчиндоо ч ээлтэй болно гэдэг шүү дээ. Тэгвэл одоо малчид ганцаараа мал махаа борлуулах, түүхий эдээ нийлүүлэх зах зээл хайж явалгүй хоршоондоо өгөөд “Малын цахим худалдааны зах”-тай хамтран ажиллах боломж нээгдчихлээ. Энэ талаар таны бодол?

-Энэ бол үнэхээр чухал асуудал. Хүн бүр интернет ордог ухаалаг гар утас хэрэглэдэг болсон өнөө цагт “Малын цахим худалдааны зах” бий болчихлоо. Мэдээж би хоршооны гишүүн. Хоршоо маань орчин үеийн техник технологийг ашигласан “Малын худалдааны цахим зах”-тай хамтран үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаад баяртай байна. Малчин хүн хоршоогоороо дамжуулаад малаа худалдаж мөнгөө урьдчилаад авчихаж байгаа нь үнэхээр хэрэгтэй сайхан ажил болжээ л гэж харж байгаа. Манайх гэхэд энэхүү цахим системийг ашиглаж малаа борлуулах анхны туршилтын худалдаанд оролцлоо. Суурин газрын иргэд, аж ахуй нэгж байгууллагууд энэ төслийн шугамаар мал, махаа бэлдүүлж авбал зүгээр санагдсан даа.

Миний хувьд малаа өөрөө нядлаад суухгүй, ченжийг гар дамжихгүй, бидэн дээр ирээд авчихаж байгаа нь үнэхээр амар, хялбар үйл ажиллагаа байлаа. Өмнө нь хэдэн малаа нядлаад махаа өмхийрүүлэхгүйн тулд  ченжүүдэд махаа мяалуулж, тэдний хэлсэн мөнгийг аваад л дуусдаг байлаа. Заримдаа зээлээр өгчихөөд мөнгөө хэзээ өгөхийг нь хүлээдэг байсан. Харин одоо худалдах малынхаа үнийг урьдчилаад авчихаж байна. Энэ нь хэн хэндээ ашигтай ажил гэдгийг ойлгож мэдэрсэн хүний хувьд маш их дэмжиж байна. Малчид ч сайн ойлгоод дэмжинэ гэж итгэж байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version