Гадаад харилцааУИХОнцлох

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг илүү хөгжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-ын Үндэсний Их Хурлын Гадаад бодлогын хорооны дарга Фуат Октай-н урилгаар энэ сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд тус улсад айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Г.Амартүвшин, Д.Цогтбаатар, Ц.Сэргэлэн болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

Айлчлалын хүрээнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Фуат Ок, БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак, БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний батлан хамгаалах хорооны дарга Хулуси Акар нартай уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, батлан хамгаалах, зам тээвэр, худалдаа, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

2024 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиох бөгөөд уг тэмдэглэлт ойг угтуулан дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах, ойн хүрээнд хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулан стратегийн түншлэлд хүргэх нь чухал болохыг санал нэгтэй тэмдэглэсэн.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Тэр дундаа Байнгын хороод, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан уулзалтуудын үеэр илэрхийлсэн юм.

Тэрбээр, сүүлийн үед Монголоос Турк Улс руу эрүүл мэндийн үйлчилгээ авахаар иргэд ихээр зорчиж байна. Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол иргэдэд даатгалын хөнгөлөлт үзүүлэх, Монгол Улсад оношлогдох, эмчлэгдэх боломжгүй байгаа өвчин эмгэгийг оношилж эмчлэх тал дээр хамтарч ажиллах, эмнэлгүүд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Үндэсний Их Хурлаас дэмжиж, хамтран ажиллахыг хүсэв.

Талууд хагас зуун жил гаруйн хугацаанд өргөжин хөгжиж ирсэн харилцаа, хамтын ажиллагааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа санал нэгтэй илэрхийлсэн.

Мөн парламент хоорондын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцаж, тохирсон яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгохын төлөө хүчин чармайлт гарган хамтран ажиллахаа харилцан мэдэгдлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version