Төв аймгийн спортын төрөлжсөн сургууль, ДС-ын барилгын ажилтай танилцав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төв аймагт ажиллалаа. Тэрбээр Зуунмод хотод баригдаж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа. Уг сургуулийн барилга 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн ч санхүүжилт дутсанаас зогсжээ.
Сургуулийн барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгааг барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си Би” компанийн захирал Я.Дашдорж танилцууллаа. Тэрбээр “Спортын төрөлжсөн сургууль учраас усан бассейн, спортын заалтай байхаар төлөвлөгдсөн ч бассейны зургийг тусгаагүй орхигдуулсан. Мөн спорт заалны шалыг стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй байна. Тиймээс нэмэлт зураг, төсөв хийлгэсэн. Эдгээрийг магадлалд оруулах шаардлагатай байна” гэлээ.
Дараа нь Ерөнхий сайд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод баригдаж байгаа 30 мегаваттын дулааны станцын барилгын ажлын явцтай танилцлаа.
Энэ ажлыг 2022 оны наймдугаар сарын 29-нд эхлүүлсэн, одоо 26 хувийн гүйцэтгэлтэй байгааг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай хэллээ. Уг станцыг есөн түгээх төв бүхий 10.1 км шугамын урттай, нийт 17 барилга байгууламжтай байхаар төлөвлөжээ.
Шинэ дулааны станц ашиглалтад орсноор Зуунмод хотын 118 аж ахуйн нэгж, төсөвт 70 байгууллага, 421 нийтийн болон амины орон сууц дулааны эрчим хүч болон хэрэглээний халуун устай болох юм.
Түүнчлэн шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент 85-90 хувийн өндөртэй тул нүүрсний хэрэглээ 40 гаруй хувь, үнсний гаралт 25 хувь хүртэл буурах юм байна.
Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжиж буй бүтээн байгуулалтын хоёр ажилтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцсаны дараа Засгийн газрын энэ лхагва гаригийн хуралдаанд “Зуунмод” дулааны станцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Учир нь, 10 аймагт баригдаж буй дулааны станцуудаас ажлын явц нь хамгийн удаашралтай нь энэ төсөл юм байна. Мөн барилгын зураг төсөл нь магадлалд ороогүй төсөлд санхүүжилт өгөхгүй байх, зөвхөн баталгаажсан зураг төсөлтэй төслийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээ хэллээ.