Ирэх оны төсөвт Архангай аймгийн ДЦС-ийн хөрөнгө оруулалтыг суулгана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймагт ажиллах үеэрээ аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тэрбээр “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл танилцуулан, Засгийн газрын үйл ажиллагаа, экспорт, импортын харьцаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Манай улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 6,4 хувь болж тэлсэн. Энэ үзүүлэлт цар тахлын үед -4,6 хувь байсан. Өнгөрсөн онд 727 сая ам.долларын алдагдалтай гарсан төлбөрийн тэнцэл 2023 оны наймдугаар сарын байдлаар 474 сая ам.долларын эерэг баланстай гарлаа. Мөн улсын төсөв 1,7 их наяд төгрөгөөр давж биелсэн, гадаад өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлснээр зээлжих зэрэглэлээ олон улсын түвшинд “В-тогтвортой” ангилалд хадгалж чадсан. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, нүүрсний экспортыг нэмэгдүүлсэн, Хөгжлийн банкны 1.4 их наядын чанаргүй зээлийг төлүүлсэн зэрэг Засгийн газрын шударга ёсны тэмцэл нөлөөлсөн гэдгийг тэмдэглэв.
Архангай аймаг 95 мянга гаруй хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ нь 8.8сая төгрөг бөгөөд улсын төсвөөс 21 тэрбум төгрөгийн дэмжлэг авч байна. Цаашид урт хугацааны хөгжлийн бодлого гаргаж, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн томоохон төслүүдээ тодорхойлон, бие даан хөгжих боломж бүрдүүлэх хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэллээ.
Аймгийн дулааны цахилгаан станцын барилгын ажлыг 2024 онд эхлүүлэх, самар түүх хугацааг есдүгээр сарын 15 болгон наашлуулж, эрхзүйн орчныг амьдралд нийцүүлэх, орон нутгийн өмчит “Тамир” зусланг олон улсын хүүхдийн зуслан болгох, Эрдэнэбулган сумын тавдугаар цэцэрлэгийн барилгыг шинээр барих, аймгийн МСҮТ-д тракторчийн анги нээх, ахмадын өргөөтэй болох, Булган уулын дархан цаазыг эргэн сэргээх, махны үнийг хөөрөгдүүлэхгүй, тогтвортой байлгах тогтолцоог хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, аварга малчны шалгуурыг тооноос илүү чанарт шилжүүлэх, махны үйлдвэрийг цэгцлэх, цэрэгжилтийн хичээлийг ЕБС-ийн хөтөлбөрт оруулах, арьс шир боловсруулах болон оёдлын үйлдвэр байгуулах, ӨЭМТ-д ашиглаж буй олон программыг цэгцлэх зэрэг саналыг иргэд хэллээ.
Уулзалтын үеэр “Эх голомтын илч” компанийн захирал Ч.Өсөхбаяр 26 жилийн өмнө өмч хувьчлалаар авсан аймгийн Дулааны цахилгааны станцаа төрд буцааж өгөх болсноо зарлав.
2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний талаар иргэд саналаа өгөв. Аймгийн төвд дулааны станц, шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн зураг төсөл, “Тамир” зусланг олон улсынх болгох төслийг эхний гуравт эрэмбэлэв.
Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн автозамаас Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх 13 км хатуу хучилттай автозам, Эрдэнэбулган сумын 5-р цэцэрлэгийг шинээр барих, аялал жуулчлалын дурсгалт газруудад ариун цэврийн байгууламж бүхий түр амрах, отоглох цэг байгуулах, эмнэлэг, сургууль цэцэрлэг, дотуур байр, спорт заал, спортын ордны тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг хөрөнгө оруулалтыг тус тус жагсаав.
Эдгээрээс Дулааны цахилгаан станц, цэцэрлэгийн барилга, Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх автозам, шинэ суурьшлын бүсийн дэд бүтцэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2024 оны улсын төсөвт суулгахаар шийдвэрлэв.
Дулааны цахилгаан станцтай холбоотой асуудлаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан Ажлын хэсэг Архангай аймагт ирж ажиллана.
Цаашид иргэдийн оролцоонд тулгуурлан улсын төсвийг төсөвлөдөг, Эдийн засаг, хөгжлийн яамны тооцоо судалгаанд тулгуурлан Сангийн яам баталдаг тогтолцоонд шилжинэ гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.