НийгэмFocus

Өдөрт 1048 автобус үйлчилгээнд явж байна

Нийтийн тээвэрт сүүлийн 13 жил парк шинэчлэл хийгээгүй бөгөөд өнгөрсөн жилээс томоохон хэмжээний шинэчлэлийг хийж эхэлсэн юм. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 107 чиглэлд 1048 автобус үйлчилгээнд явж байна. Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар болон бусад зүйлийг холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа.

З.Цэвээндорж: Автобуснуудыг үйлчилгээнд гаргахгүй, хадгална гэсэн ойлголт байхгүй

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж:

-Нийтийн тээвэрт 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр парк шинэчлэл хийж байсан. 2022 оны байдлаар нийт тээврийн хэрэгслийн 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрсэн юм. Монгол Улсын стандартаар 12-оос дээш жил явсан автобусыг ашиглахыг хориглосон байдаг. Гэтэл эдгээр автобусыг 13 дахь жилдээ ашиглаж байсан. Иймээс Засгийн газраас нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгойлон анхаарч, 810 автобусаар парк шинэчлэл хийхээр болж, 2022, 2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимтэй хийж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 60 автобус, 2023 оны нэг, хоёрдугаар сард 224, нийт 284 автобус оруулж ирсэн. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 100 гаруй автобус орж ирээд байгаа.

-Автобусны богино эргэлт, маршрутыг нэмж байгаа юу?

-Замын хөдөлгөөний түгжрэлтэй хэсгүүдэд богино эргэлтийг нэмж гаргадаг. Өнгөрсөн жилээс эхлэн хэд хэдэн чиглэлд богино эргэлтийг нэмсэн. Мөн цаашид богино эргэлтийг нэмэхээр замын хөдөлгөөний ачаалал, зорчигч урсгалын төлөвлөлтийг судалж байна.  

-Шинээр оруулж ирсэн автобуснуудыг үйлчилгээнд гаргахгүй, хашаанд хадгалж байгаа гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Автобуснуудыг үйлчилгээнд гаргахгүй, хадгална гэдэг ойлголт байдаггүй. Нийтийн тээврийн үйлчилгээнд парк ашиглалтын коэффицент, мөн бэлэн байдлын коэффицент гэсэн ойлголт бий. Энэ нь тухайн аж ахуйн нэгжийн өдөрт үйлчилгээнд явах тээврийн хэрэгслийн тоо, баазад байгаа тээврийн хэрэгслийн тооны харьцаа. Тодруулбал, нийт тээврийн хэрэгслийн 90 орчим хувийг ашиглана. 100 автобустай аж ахуйн нэгж байлаа гэхэд 90 нь үйлчилгээнд явж, үлдсэн 10 нь үйлчилгээнд гарсан автобус эвдэрч гэмтэх, осол аваар гарсан нөхцөлд нөхөж үйлчилгээнд гарах зориулалттай. Ингэж байж үйлчилгээний хэвийн байдлаа хангаж байдаг.

Г.Отгонбаатар: Шинэ автобуснууд 14 хоногийн хугацаанд үйлчилгээнд гарч байгаа

Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн дарга Г.Отгонбаатар цахим орчинд тархсан бичлэгийн талаар “Бичлэгийг амралтын өдөр болон шинэ автобуснуудыг дөнгөж оруулж ирж байх үед хийсэн болов уу гэж харж байна” хэмээн ярив. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Шинэ автобус орж ирснээсээ хойш хэдий хугацааны дараа үйлчилгээнд явж байгаа вэ?

-Шинэ автобуснуудад гэрчилгээ, дугаар авах, төхөөрөмж суурилуулах зэрэг ажил хийх бөгөөд орж ирснээсээ хойш 14 хоногийн хугацаанд үйлчилгээнд гарч байгаа.

-Яг одоо танай хашаанд хэдэн автобус байна вэ?

-16 автобус байгаагийн тав нь эвдрэлтэй, үлдсэн нь автобус эвдэрсэн, осол аваар гарсан нөхцөлд гарахаар бэлэн байгаа гэсэн үг. Энэ хашаанд мөн өглөө, орой автобусаа тавьдаг. Өнөө өглөө гэхэд эндээс 20 гаруй автобус үйлчилгээнд гарсан гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version