Ногоон АзиБайгаль орчинОнцлохШинэ мэдээ

Цөлжилтийг сааруулах зорилгоор 46 мянган мод тарьж ургуулжээ

“Ногоон Ази сүлжээ” ТББ нь Архангай аймгийн Өгийнуур, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Дундговь аймгийн Сайнцагаан, Төв аймгийн Аргалант, Баянцогт, Баянхангай, Эрдэнэ сумд, Улаанбаатар хотын Багануур, Сүхбаатар дүүрэг нийт 10 газарт ойжуулах төсөл хэрэгжүүлээд байна. Ингэхдээ шилмүүст, навчит мод, түүнчлэн чацаргана, үхрийн нүд зэрэг жимсний мод тарьж, хүлэмжийн аж ахуйг байгуулж орон нутгийн иргэдийг чадавхжуулж өрхийн амьжиргааг олон талт байдлаар дэмжин ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд үндэстэн дамнасан “ОB шар айраг” (Oriental Brewery Co.,Ltd)  компаний удирдлагууд 2010 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт “Ногоон Ази сүлжээ” ТББ-тай байгуулсан “Cass найдварын төгөл”-дөө энэ сарын 11-ний өдөр /2023.09.11/ орон нутгийн талбайн ажилчид, иргэдтэй хамтран мод тарилаа.

Энэхүү арга хэмжээнд ОB шар айраг компанийн Хууль зүйн бодлогын албаны Дэд захирал Кү Жа Бом, Ази дахь Төв салбар (Budweiser APAC)-ын  Хууль зүйн бодлогын албаны Дэд захирал Крейг Катерберг, Нийгмийн хариуцлагын асуудал хариуцсан хэлтсийн захирал Вон Жэ Өнь, менежер Сунг Ха СөрА, Ногоон Ази сүлжээ ТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху, Төв салбарын газрын дарга И Жэ Вон, ойжуулалтын талбайн ахлагч Д.Нямсүрэн болон орон нутгийн иргэд оролцсон юм.

Энэ удаагийн мод тарих арга хэмжээ нь тус компаний холбогдох албаны удирдлагууд ойжуулалтын талбайн иргэдтэй  уулзан, “Cass найдварын төгөл”-ийн өнөөгийн болоод цаашдын нөхцөл байдал, харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож, иргэдийн тариалж, хураасан чацарганы жимс, жимсний шүүс, чанамал зэрэг бүтээгдэхүүнтэй  танилцах зорилготой болсон юм.

Арга хэмжээний үеэр Кү Жа Бом дэд захирал хэлэхдээ: “Манай компани 14 жилийн турш Монголд мод тарьж, Зүүн Хойд Азийн цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургыг бууруулахад бага ч болов хувь нэмэр оруулахын төлөө хичээж байна. Шар айраг үйлдвэрлэлээрээ манлайлагч аж ахуйн нэгжийн хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд идэвх зүтгэл гарган ажиллах болно” гэв.

Мөн Крейг Катерберг дэд захирал: Бид 2010 оноос хойш 13 жилийн турш энэ үйл ажиллагаагаа явуулж байна. Цөлжилт, газрын доройтол зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь ганцхан улсад байгаа бус дэлхий нийтийн асуудал болж байна.  Тиймээс бид үүний эсрэг арга хэмжээ авч, хамтарч ажиллан 13 жил болсон байна.

13 жилийн өмнөх болон өнөөдрийн нөхцөл байдал өдөр, шөнө шиг ялгаатай байна. Анх энд ямар ч ургамалгүй, хаа сайгүй элс байсан. Харин өнөөдөр ингээд харахад ойжсон, өвс, ургамал, жимсний мод хүртэл ургасан байгааг харахад үнэхээр гоё байна. Жимсний мод нь үрээ өгч, түүгээр нь хийсэн шүүсийг уулаа. Маш амттай, эрүүл гоё байна.

Манай компани бол шар айраг үйлдвэрлэгч томоохон компани. Шар айрагны ихэнх хувийг ус эзэлдэг учраас бид ундны цэвэр усанд маш их анхаардаг. Тэр ч утгаараа байгаль орчинд чиглэсэн нийгмийн хариуцлагын ажлуудыг үргэлж дэмжин ажилладаг. Цаашдаа ч өөр газруудад тулгамдаж буй асуудлуудыг судалж, хэрэгтэй, шаардлагатай зүйлсээр нь туслах болно” гэсэн юм.

“Эрдэнэ жимс” нөхөрлөлийн дарга Д.Нямсүрэн:  Манай талбайн үйл ажиллагаа 2010 онд эхэлсэн. Би энэ талбайд 13 дахь жилдээ ажиллаж байна. OB шар айраг компанийн хамт олон бидэнд хөрөнгө оруулж, олон мод тарьсан. Өнөөдөр тус байгууллагын удирдлагууд ирж мод тарих арга хэмжээ болж байна.

Ойжуулалтын талбай анх Ногоон Ази сүлжээ ТББ болон Сувон хотын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Төсөл 10 жилийн хугацаанд хэрэгжээд 2020 онд дууссан. 2020 оноос хойш “Эрдэнэ жимс” нөхөрлөл байгуулан, талбайн тогтвортой арчилгаа, хамгааллыг ханган ажиллаж байна. Ногоон Ази ТББ-аас зарим ажилтнуудыг цалинжуулж,   цахилгааны төлбөр зэрэг бусад дэмжлэгийг үзүүлдэг. Харж байгаачлан элсний карерьтай, газрын доройтолд орсон талбай байсан. Энд мод тарьж, ойжуулж байна. Энэ нь Монголын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, цөлжилтийг сааруулахад нэмэр болох  зорилготой. Сүүлийн үед бид мод үржүүлэг хийж байна. Энэ нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бага ч болов хувь нэмэр оруулах зорилготой” гэлээ

“Cass найдварын төгөл” төсөл нь цөлжилт, газрын доройтол, шар шороон шуурга, нарийн ширхэгт тоосонцор зэрэг Зүүн Азид тулгамдаж буй байгаль орчны асуудалд хариу арга хэмжээ авах, иргэдийн бие даасан тогвортой арчилгаа, хамгааллын жишиг загварыг хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх зорилготой хэрэгжиж байна.  2010 оноос өнөөдрийг хүртэл салхины хамгаалалт, жимсний нийт 46,000 орчим модыг тарьж, ургуулаад байна.

“Cass” нэрээр олонд танигдсан ОB шар айраг (Oriental Brewery Co.,Ltd) компани нь 1933 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн уур амьсгалын хямралын эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн дэлхийн томоохон компаниудын нэг юм.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version