УИХFocus

Парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой юм.

Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дэд дарга Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн орлогч дарга Суммад Пунсэна, Үндэсний Ассамблейн гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Саняа Прасөд, Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблейн нарийн бичгийн дарга Пингкам Ласасимма, Үндэсний Ассамблейн гишүүн, Эдийн засаг, технологи, байгаль орчны байнгын хорооны дарга Линкам Дуангсаван, Үндэсний Ассамблейн гишүүн, Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Лаос-Монголын найрамдлын бүлгийн дарга, хошууч генерал Вонгсаг Пантавонг, Үндэсний Ассамблейн гишүүн, Бокео мужийн Иргэдийн Хурлын дарга Жомси Латтанапан, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пенгсаван Гээвпасөд болон албаны бусад хүмүүс байлцав.

Үүний дараа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимд зочилсон юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс 1962 оны 9 дүгээр сарын 12-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 1976 онд Вьентьянд, БНАЛАУ 1981 онд Улаанбаатар хотноо тус тус Элчин сайдын яамдаа харилцан нээсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version