Засгийн газарГадаад харилцааЗТХЯОнцлох

Монгол Улс хөрөнгө оруулагчдын өмнө итгэлт түнш байхаа илэрхийлэв

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж буй Монгол-Хятадын хамтарсан дөрөв дэх удаагийн экспод дэлхийн 35 улс орны төлөөлөгч “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриан дор чуулж байна.

2023 оны есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд үргэлжлэх тус арга хэмжээнд Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй албаны төлөөллөөс гадна 500 гаруй бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллага оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байна.

Хоёр жилд нэг удаа болдог тус арга хэмжээ нь өмнө нь 2015, 2017, 2019 онуудад болж байсан юм. Цар тахлын улмаас түр завсарлаад байсан Монгол-Хятадын нэрийн хуудас болсон уг экспог энэ жилээс дахин сэргээж, дөрөв дэх удаагийн үзэсгэлэнг ӨМӨЗО-ны Хөх хотын Цэлгэр тал олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулж байна.

Худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, салбар хуралдаан, форум,соёлын солилцооны үйл ажиллагаа зэрэг таван үндсэн арга хэмжээнээс бүрдэх үзэсгэлэнгийн нийт хамрах талбай 92 мянган метр|квадрат аж.

Дөрвөн өдөр үргэлжлэх экспо арга хэмжээний эхний өдөр /2023.09.06/ буюу албан ёсны нээлтэд оролцогч Монгол, Хятадын талын албаны төлөөлөгчид манай хоёр орны урт хугацааны найрсаг, сайн хөршийн харилцааг тодотгон онцлоод, иж бүрэн стратеги харилцааг улам бэхжүүлж, бүс нутагт илүү тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх хүсэлтэй байгаагаа үзэсгэлэнгийн индэр дээрээс илэрхийлж байлаа.

Эхний өдрийн экспо арга хэмжээ “Умард зүгийг нээлттэй хөгжүүлэх үндэсний эдийн засаг, худалдааны форум”-аар үргэлжилж, тус форумд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт оролцож, зам тээврийн дэд бүтцийн төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулан цар тахлын дараах эдийн засгйн өсөлтийн эерэг өөрчлөлтийн салхи сэвэлзэж буй энэ цаг үед Монгол Улс хөрөнгө оруулагчдын өмнө хариуцлагатай, харилцан ашигтай, найрсаг, итгэлт түнш байж хамтдаа хөгжихийг эрмэлзэж буйгаа илэрхийллээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, ӨМӨЗО нь Хятад Улсын хойд хязгаарт оршдог бөгөөд зүүн хойноос баруун урагшаа сунаж тогтсон, зүүнээс баруун хүртэл 2400км, урдаас хойд хүртэл хамгийн их уртдаа 1700 гаруй км урт. Нийт газар нутгийн хэмжээ нь 1.183 сая хавтгай дөрвөлжин километр.

Зүүн хойд, хойд, баруун хойд бүс нутгийг дамнан дотооддоо Хармөрөн, Жилин, Ляонин, Хэбэй, Шаньси, Шансы, Ниншя, Ганьсу зэрэг найман муж, бүс нутагтай хиллэж, гадааддаа Орос, Монгол Улстай хиллэдэг.

Өвөр Монголын зам тээвэр таатай нөхцөлд тооцогддог төдийгүй 2022 онд бүтэн жилийн нийт ачаа тээврийн хэмжээ 2.08 тэрбум тонн, ачаа эргэлт 518,70 тэрбум тонн километр, жилийн зорчигч тээврийн хэмжээ 41 сая, зорчигч тээврийн эргэлт 8.90 тэрбум хүн километр.

2022 оны эцэс гэхэд Өвөр Монгол нь тээврийн 16 нисэх онгоцны буудал, 3 ойрын зайн нисэх онгоцны буудал, нисэх онгоцны буудал ашиглах зөвшөөрөл авсан А1 энгийн нисэх онгоцны буудал 12, В зэрэглэлийн энгийн нисэх онгоцны буудал 10, ерөнхий нисэхийн 23 компанитайгаар үйл ажиллагаагаа өргөтгөжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version