Г.Равдан: Монголынхоо ардчилалын хайр хишиг буяныг хүртлээ
Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн дээд одон медаль гардууллаа. Шагнал авсан хүндтэй хүмүүсээ хүлээсэн ар гэрийнхэн нь Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө өнгө өнгийн цэцэг барьж догдолж зогсох ба тэдний дунд хошин урлагийн болон драмын театрынхан их сонин содон харагдаж байв.
Сэтгэл хөдлөл эмоци ихтэй тэд МАСК продакшны захирал П.Эрдэнэзааныгаа Төрийн ордноос гарч ирэхэд уухайлан хашгиралдаж, урдаас нь тэмүүлж гүйлдлээ. Хүн бүр гар барьж баяр хүргэн, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөв. Түүний араас шинэхэн Ардын жүжигчин Г.Равдан гарч ирэхэд драмын театрын акулууд “шүүрч” аван дээш өргөхөд “Хүүхдүүд минь яаж байна аа. Зөөлхөн буулгаарай” хэмээн нэг гартаа баглаа дүүрэн цэцэг, нөгөө гартаа алчуур барьж хөлсөө арчсаар, хүлээсэн хүмүүсийнхээ дунд буусан билээ.
Ингээд шинээр цол хүртсэн эрхмүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.
Г.Равдан: Зохиолыг нь уншсан олон сайхан зохиолч, яруу найрагчдадаа баярлалаа
Өгүүлэхүйн урлагийн их мастер Г.Равдан “Ийм том шагналыг хүлээж авна гэдэг маш том хариуцлага байх гэж бодож байна. Монголынхоо ардчилалын хайр хишиг буяныг хүртлээ. Ардын жүжигчин хэмээх асар хүндтэй цолыг ард түмэн минь надад авчирлаа гэж бэлэгшээж байна. Мэргэжлийн урлагийн байгууллагад би 43 дахь жилдээ ажиллаж байна. Төр түмнийхээ өндөр их хайр хүндэтгэлийг хүлээж, магнай тэнийн баярлаж байна. Би өөрөө баярлахаас гадна олон хүнийг баярлуулсан гэж ойлгож байна.
Яагаад гэвэл радио, телевизийн урлагаар дамжуулан миний хийж бүтээснийг сонссон, үзсэн олон түмэн хур баярлаж байгаа байх. Та бүхэндээ туйлаас их баярлалаа. Монголын олон сайхан яруу найрагч, аав, ээждээ, үр хүүхэд, хамаатан садангууддаа баярлалаа. Мэргэжлийн урлагт анх хөтөлсөн олон сайхан багш нартаа баярлалаа. Зохиолыг нь уншсан олон сайхан зохиолч, яруу найрагчдадаа бас дахин баярлалаа” гэлээ.
О.Анужин: Эх орныхоо нэрийг гаргасан уран бүтээл хийхээ амлаж байна
БНСУ-ын Сөүл хотод 11 дэх удаа зохион байгуулагдсан “Korea International Ballet 2018″ тэмцээнд хотод 14 орны 200 гаруй бүжигчид өрсөлдсөн юм. Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн насан хүрэгчдийн ангилалд УДБЭТ-ын гоцлол бүжигчин, СТА О.Анужин амжилттай оролцож, алтан медаль хүртсэн билээ. Тив дэлхийд нэрээ гаргаж, алтан медаль хүртсэн Монголдоо анхны эмэгтэй балетчин болсон 23 настай О.Анужин бүсгүйд өнөөдөр Гавьяат жүжигчин цол хүртээлээ. Тэрбээр Дэлхийн шилдэг 9 балетчины нэг бөгөөд ийнхүү өнөөдөр төрдөө хөдөлмөрөө үнэлүүлэв.
Шинэхэн гавьяат О.Анужин “Энэ шагналыг дагаад маш том хариуцлага, маш том итгэл дагаж байна. Багш нартаа болон гэр бүлийнхэндээ баярлаж байна. Цаашид эх орныхоо нэрийг гаргасан уран бүтээл хийнэ гэж амлаж байна” гэв.
П.Эрдэнэзаан: Төрийн хүндэтгэлийг хүлээж байгаадаа баяртай байна
“МАСК” пордакшны захирал жүжигчин П.Эрдэнэзаан “Төрийн хүндэтгэлийг хүлээж байгаадаа баяртай байна. Сэтгэл хөдлөөд баярлалаа гэхээс өөр зүйл хэлж чадахгүй нь ээ. Урам зориг, санал шүүмжлэл өгдөг нийт үзэгчдэдээ маш их баярлалаа. Би 20 гаруй кино уран бүтээл, 40 орчим энтертайнмент бүтээлд тоглосон байдаг” хэмээв.
Б.Жаргалмаа: Үзэгч олон, ард түмний минь хайр надад ирсэн
Хэвлэл мэдээллийн салбарт маань Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч хоёр мэндэллээ. Тодруулбал, “Ийгл” телевизийн тоймч, сэтгүүлч Бадарчийн Жаргалмаад дээрх одонг хүртээв. Үндэсний шуудан сонины зөвлөх, тоймч Б.Ерэнтэй Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулав.
Сэтгүүлч Б.Жаргалмааг Төрийн ордноос гарч ирэхэд нь мэргэжил нэгт найзууд нь болон төрүүлж өсгөсөн ээж нь мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадгийн хамт тосон авсан юм. Тэрбээр “Та бүхний минь хайр, үзэгч олон, ард түмний минь хайр надад ирсэн учраас би төр засгаараа ийнхүү үнэлүүлж байгаа байх. Ээждээ маш их баярлалаа. Ард түмэндээ баярлалаа” гэлээ.
П.Нарандэлгэр