Пап Францисийн айлчлалд зориулсан шуудангийн марк гарлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна.
Үүнтэй холбогдуулан “Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт шуудангийн маркийг худалдаанд гаргах ёслол Гадаад харилцааны яаманд боллоо.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Кардинал Луис Антонио Тагле болон албаны бусад хүн оролцлоо.
Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ.
Мөн түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, томоохон айлчлалыг тохиолдуулан тусгай марк гаргаж ирсэн “Монгол шуудан” компани, уран бүтээлчдэд талархал илэрхийлэв.
Кардинал Луис Антонио Тагле “Шуудангийн маркийн нээлтийн ёслолд оролцож байгаадаа баяртай байна. Энэ нь хоёр улсын ард түмэн, хүн хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал” гэлээ.
“Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт маркийг 22,500 ширхэг хэвлэжээ.