Э.Бүрэнтөгс: Уран зохиол амьдралаас зайтай байваас зохиол болж чадахгүй
Өвөрмонголын алдарт зохиолч, үргэлжилсэн үгийн зохиолын нэрт мастер Э.Бүрэнтөгс “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, форумд оролцож байна. Түүнийг “Өглөөний зочин”-оор урилаа.
-Та сайн явж ирэв үү?
-Сайн явж ирлээ. Би өмнө нь Монголд олон удаа ирж байсан. Энэ хүрээнд нийтдээ арваад удаа иржээ. Энэ удаа уран зохиолын талаарх олон улсын том хурал, хэлэлцүүлэг болно, сонсох юм их, сонин сайхан зүйлүүд олон байх нь гэж олзуурхаж байна.
-Олон улсын хуралд та илтгэл хэлэлцүүлэх үү?
-Илтгэл тавина гэж бэлдсэн зүйл үгүй. Гол нь энэ хурлын үеэр манай Өвөрмонголын зохиолчдын ном, бүтээлийн нээлт, танилцуулга болох юм. Түүнд оролцоно. Нөгөө “Буян үйлдэнгээ бухаа сургана” гэгчээр тэр ташрамд олон улсын монголч эрдэмтдийн илтгэлийг сонсож явна.
-Өвөрмонголд Монголын орчин үеийн уран зохиолын судалгаа, шинжилгээ хэр хөгжиж байна. Уншиж, судалдаг хүн хэр олон бол?
-Монголын орчин үеийн уран зохиолоос Өвөрмонголд хэвлэгдэж, өвөрмонголчууд их уншиж, бахархаж байгаа. Гэхдээ кирил үсгээр унших хүн бараг байхгүй. Эрхийг нь авч босоо бичгээр хэвлэснийг л уншдаг.
-Энд таны “Зууны дээж” бүтээлийн нээлт болсон. Сүүлийн үед та ямар бүтээлүүд туурвиж байна?
-Сүүлийн үед цөөвтөр руман бичсэн. Танайхан роман гэдэг, манай өвөрмонголчууд руман гэдэг. Хуучин монгол бичгээр бол ру-гаар бичигдэнэ. Монгол үг бол ра бичихээр зэрэг дээр нь а-гаар уртатгадаг. Манайхан хуучин монгол бичиг, тэр галигаар уншдаг. Тэгэхээр би руман бичдэг, үргэлжилсэн үгийн зохиолч юм.
-Та ер нь хэдийнээс уран зохиол, тэр дотроо үргэлжилсэн үгийн зохиолтой нөхөрлөв?
-Би 1990 онд тэтгэвэртээ гарснаар хил худалдаанд шилжиж, худалдаа наймааны ажлаар Монголоор зөндөө явсан. Худалдааны ажил хийхээс өмнө 7-8 ном бичсэн байсан. Ингээд завсарлаж байгаад сүүлд 2001 оноос зохиол бүтээлийн ажлаа үргэлжлүүлэн бичиж эхэлсэн.
-Манайхан бол залуу насандаа гарцаагүй хайр дурлалын тухай шүлэг бичиж, нас тогтоод ирэхээрээ үргэлжилсэн үгийн зохиол руу ордог тал анзаарагддаг. Та шууд л үргэлжилсэн үгийн зохиол руу орж явчихсан юм уу?
-Би их орой уран зохиол руу орсон. Орой бичиж эхэлсэн хүн. 1968 оноос бичжээ. 1966 онд соёлын хувьсгал ирж, Хятадад найман жил сургуулийн үйл ажиллагаа зогссон. Сургууль нээхээ больсон. Ингээд би малчин болохоор хөдөө явсан. Арав гаруй жил мал дээр байсан. 1980 оны үед зохиол бүтээл туурвих ажилд идэвхтэй орсон.
-Танай нутаг, хошуу хаагуур вэ?
-Баяннуур аймгийн Урадын дунд гүнгийн хошуу. Дунд хошуу гэж хэлэхээр хүмүүс мэдэх байх. Танайхны Өмнөговь аймагтай хиллэдэг. Даланзадгадаас цааш гарвал Урадын дунд хошуу.
-Бичиг үсэг хэрхэн сурсан тухайгаа хуучлахгүй юу?
-Би 1956-1957 оноос эхлэн бичиг үсэг үзэж эхэлсэн. Тэгэхэд 10 настай байсан. Ингээд 1960-аад оны дунд үеэс соёлын хувсгал гарах үед анхан, дунд ангиа төгсөөд шууд малчин болсон юм. Сүүлд 1984 онд Өвөрмонголын утга зохиол судлах ангид орж хоёр жил суралцсан. Гэхдээ энэ үед би аль хэдийн зохиол бичээд эхэлчихсэн, олон ном гаргачихсан байсан.
-Та анхны бүтээлээ хэдэн онд хэвлүүлж, олны хүртээл болгосон бэ?
-Анхны бүтээл 1986-1987 онд бичигдсэн “Дэлгэрхангай” гэж руман бий. Зургаан сар шахам сууж бичиж байлаа.
-Үргэлжилсэн үгийн зохиол руу шууд орсон тухайгаа та “Би нэлээн хожуу уран зохиол руу орсных” гэсэн. Тэгэхээр нас явж, аливааг хэрсүү нүдээр харж, тусгаж авах болсонтой холбоотой байдаг юм болов уу…?
-Түүх гэдэг өөрт хэрэгтэй хүнээ өөрөө бүтээдэг юм. Цаг үе гэдэг өөрийнхөө цаг үед тоглож явдаг хүнийг бүтээж гаргаж ирдэг. Миний амьдарч явсан цаг үе яг соёлын хувьсгалын арван хэдэн жил. Юун тэр хайр дурлал, яасан ийсэн зүйлийг бодолхийлэх тийм цаг зав байгаагүй. Цаг үеийн тэр шаардлагаас болж туужисын уран зохиолоор өөрийн үзэж өнгөрүүлсэн амьдралыг бичих болсон. Цаг үе маань надаас тэгж шаардаж, би зохиол бичиж эхэлсэн хүн байгаа юм.
-Уран зохиолд таныг хөтөлсөн багш хэн бэ?
-Байхгүй. Би өөрөө ном их уншдаг. Аяндаа л зохиол бичиж эхэлсэн, ийм л хүн.
-Тэгэхээр танай удамд танаас өөр бичгийн хүн байхгүй байх нь ээ?
-Байхгүй.
-Тэгэхээр аргагүй л та цаг үеийнхээ бүтээгдэхүүн юм байна.Энэ хүртэл та хэчнээн роман туурвисан бэ, цаг хугацаа их орно биз?
-Арван руман бичжээ. Саяхан Бээжингийн үндэсний хэвлэлийн хороонд хоёр руманаа нийтлүүлэхээр эрх авсан. Нийт 12 ном хэвлүүлэхийг зөвшөөрсөн. Өмнө нь биччихсэн байсан 10 ном байгаа. Дээр нь хоёр номоо нэмээд 12 болж байгаа юм. Манайд дугаар авч байж номоо хэвлүүлдэг. Хаа сайгүй хамаагүй хэвлүүлдэггүй. Шаардлагыг нь хангаж байж номоо гаргадаг.
-Та Монголын үргэлжилсэн үгийн зохиолчдоос хэнийг уншдаг вэ?
-Ч.Лодойдамба гуайн зохиолуудыг уншдаг. “Тунгалаг тамир” бол хэзээ ч хуучрахгүй бүтээл. Шинэ үеийнхнийг бол бараг л уншаагүй.
-Яагаад?
– Манайхны өсөж төрсөн цаг үе адилгүй учраас гэх үү дээ. Бид бол нүүдэлч малчдын амьдрал дээр өсөж өндийж, түүгээр амьдарч явсан учраас тэр соёлоосоо холдож чадахгүй. Тэр соёлоосоо салж, шинэ маягийн зохиол руу орох нь маньд амтгүй санагддаг. Нэг үгээр хэлбэл, өөх,тос, уураг нь байхгүй байна. Тийм учраас би уламжлалт хуучны уран зохиол, жишээлбэл “Тунгалаг тамир”-ыг бахархаж уншдаг.
-Зохиол бүтээл бол цаг үеийн тусгал, тухайн цагийн захиалга, шаардлага байдаг гэлээ. Өнөө цагийн тусгал таны зохиолд бас нөлөөлж л байгаа байх?
-Мэдээж тэр тухай тусгалгүй яах вэ. Гэхдэ нэг юм байна. Зохиол гэдэг чинь “би ийм зохиол бичье” гэж түүн рүү үхэн зүтгэдэг зүйл биш. Зохиол өөрөө зохиолчийг онилоод зүтгэж ирдэг юм. Тэр ирсэн үе дээр бичихээс биш албан хүчээр ямар нэг юм бичье гээд зохиолч болж чадахгүй шүү дээ. Тэр зохиолч амьдралын нугачаан дунд өөрөө үзсэн, сонссон, өнгөрүүлсэн тэр л үйл явдал дундаа хүн болж төрнө. Нэг үгээр бол “хүн яс”-тай болж байж тэр амьдардаг. “Хүн яс”-наасаа “хүн ухаан”, “хүн соёл” гарна. Тэгээд өөрийн үзсэн, туулж өнгөрүүлснээр дэлхийг хэрхэн харснаа бичдэг байхгүй юу. Нэг зохиолч байлаа гэхэд заавал ард түмнийхээ өмнөөс, ард түмнийхээ бодсон, санасан, бахархсан зүйлийг хэлэх ёстой. Ард түмний төлөө хэлж чадахгүй хүн бол зохиолч биш. Ийм л байна. Би ингэж үздэг, ингэж л боддог.
-Та Монголын зохиолчдод, ялангуяа залуу үеийнхэнд хандаж юу хэлэх бол?
-Би Монголын орчин үеийн залуу зохиолчдын бүтээл, туурвилыг үзсэнгүй биш үзсэн, харсан, уншсан. Цаг үеийн хөгжлийг дагаад, хүний бодож санах, ертөнцийг үзэх үзэл ухамсар дээхнэ үеийнхтэй адилгүй болжээ. Жишээлбэл, бид дээр үед цоорхой өмдөө нөхөж өмсдөг байлаа. Одоо цоорхой өмд өмсдөг болж, гоо сайхны таашаал нь бид хоцрогдож, тэд давшиж урагшилжээ. Үзэл, ухамсар адилгүй байна. Ийм учраас Монголын залуу үеийн зохиолчид дотроо юу бодож, санаж байгааг би мэдэхгүй. Харин Өвөрмонголын залуусын хувьд “Уран зохиол амьдралаас ирдэггүй” гэж яриад байна. Хэрэв уран зохиол амьдралаас зайтай байх юм бол тэр зохиол болж чадахгүй. Би ингэж үздэг. Уламжлалт уран зохиолдоо ойр байдаг. Зохиол гэдэг зүйл, зохиолын баатрын дүрийг зохиолч бүтээдэг боловч үнэндээ зохиолын баатар өөрийн дүрээ өөрөө бүтээсэн зохиол л урлагийн дүр болж чадна. Хэрэв, зохиолчийн тайлан тушаал хоёроор бүтээгдсэн дүр байх аваас тэр бол урлагийн үнэн болж чадахгүй. Ийм учраас миний хэлэх үг бол манай залуу үеийнхний зохиолчдоор бол зохиол гэдэг хүн соёлыг, хүний хувь заяаг бичдэг, үлгэр хуучилдаг юм биш. Нэг хүний хувь заяагаар хөтлөгдөж явж байж зохиолч зохиол бичихээс биш зохиолч өөрөө нэгэн үлгэр, үйл явдлыг эсгэж, энийг бичье гэж явдаг бол тэр нийгэм ахуйн амьдралаасаа салж, тэр дүр хавтгайрдаг байна. Иймээс залуу зохиолчдод хэлэхэд, хүний хувь заяанд нь хөтлөгдөж явж, тэр хувь заяаг бичвэл өөрт онгод орно. Онгод нь орсон үед тэр зохиол гурван минутын дараа хаашаа явуулж, юу бичүүлэх, юу хийлгэхийг зохиолч өөрөө мэддэггүй. Нэг мэдэхэд л бүх зүйл өрнөж, огт бодоогүй зүйлүүд ч зохиол дээр гарсан байвал зохиол бол жинхэнэ урлаг, уран сайхан тийшээ хөгждөг гэж би үздэг. Энэ бол манай уламжлалт онолын үзэл хандлага шүү. Одоо залуучууд юу бичиж, яаж байгааг би мэдэхгүй.
-Өвөрмонголд үргэлжилсэн үгийн зохиол, тухайлбал роман бичиж байгаа зохиолч хэр олон байна?
-Цөөхөн дөө. Би энэ жил нас сүүдэр 77 хүрч байна. Нас дал хол гарсан миний үеийн зохиолч тун цөөн. Өвгөрч нас дээр гарч байгаа учир биеийн байдлаас болдог уу, амар суухаа боддог уу, ямар нэгэн юм байдаг байлгүй дээ. Ямартай ч нэг их бичихээ байсан байна. Залуучууд бол хэлний орчноосоо хөндийрсөн байна. Хэл гэдэг хэлний орчиндоо хөгжинө. Хэлнийхээ орчноос салбал хэл можиж хатна.
-Жишээлбэл?
-Миний хэлж буй санаа бол монгол хүн нүүдэлчин соёлоосоо салж, суурьшмал юм уу, хотожсон, өөр амьдралын хэв маяг руу орохоор уг монгол хүний удамшлын уугуул соёлынх нь өнгө будаг нь харагдахаа байна. Сая олон улсын эрдэмтэн, судлаачдын хурал дээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор, профессор Ч.Дагвадорж хэлж байна лээ “Бодисын биет бус…” гэж. Тэр бол яг оноож хэлсэн үг. Үндсэн шинжийг нь оноож хэлж байна. Тэр соёлоосоо салбал тэр бодисын биет бус зүйл, тэр ухамсрыг алдана. Тэрийгээ алдаад ирэхээр бичсэн зүйл нь жинхэнэ мнгол хүний таашаалд хүрэхгүй. Бичсэн зохиол нь ард түмний таашаалд хүрэхгүй, унших хүн байхгүй бол тэрийг ямар зохиолч гэж хэлэх юм бэ, тийм биз. Өнөөдөр бид “Манай ард түмэн ойлгохгүй байх” гэж бодож болохгүй. Ард түмний үзэл ухамсар гэдэг чиний, зохиолчийн үзэл ухамсраас хол, хэд дахин агуу их юм. Олны олон дотор, аавын хүүгийн үзэл ухамсар арвин их шүү. Тиймээс тэрийг басаж, бага гэж бодож болохгүй. Заавал ард түмнийхээ өмнөөс бодож байж зохиолоо бичих ёстой. Зохиол, урлагийн дүр гэдэг сэдэв дээр, дүр дээр санаа ургуулдаг юм. Тэр санаа нь бол далд байдаг. Хэдий далд байх тусмаа төдий чинээ уран байх, урлагийнх нь амжилт өндөрт хүрдэг. Тэр хэдий чинээ ил болох тусмаа амтгүй болно. Тураг махыг сайхан давстай шөлөнд хийгээд чанаад идвэл амттай биз дээ. Давс хийхээ мартчихвал шалхайсан ямар ч амтгүй юм болно. Ийм л…
– Ингэхэд Өвөрмонголын сургуулиудад монгол хэлний хичээл орж байгаа юу?
-Монгол хэлээ зааж байгаа. Хүүхдүүд хичээлээ үзээд явж байгаа.
– Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Танд уран бүтээлийн аз жаргал ерөөе.
Сэтгүүлч Ч.Үл-Олдох
Гэрэл зургийг П.Энхжаргал
Эх сурвалж: Өглөөний сонин