Угаасан ноолуурын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг “0.02” хувиар тогтоолоо
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. УИХ-аас Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталсантай холбогдуулан уг хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо Монголбанктай хамтран нэр бүхий журмын төслүүд болон хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас олгох зээлд баримтлах шаардлагыг боловсруулсан. Эдгээр журмын төслийг энэ удаагийн хуралдаанаар танилцуулж улмаар батлахыг дэмжлээ.
Дээрх журмуудын төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үнэт цаасны зах зээл, мөнгөний зах зээл дээрээс худалдан авч, худалдаж болох үнэт цаас, санхүүгийн хэрэгслийн төрөл, хэмжээ, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт, тавигдах шаардлага, хяналт шалгалттай холбоотой нарийвчилсан зохицуулалтууд бий болох юм.
Мөн Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчид (брокер)-аас Санхүүгийн зохицуулах хороонд төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсийг хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдсан угаасан болон самнасан ноолуурын худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн “0.04” хувиас доошгүй байсныг ирэх оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд угаасан ноолуурын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг “0.02” хувь, самнасан ноолуурын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг “0” хувиар тус тус тогтоон түр өөрчиллөө.
Түүнчлэн хуралдаанаар дөрвөн компанид нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгсэл, хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг мөн хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр тус тус шийдвэрлэв.
Үүний зэрэгцээ нэг компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл, нэг компанид хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрөл, нэг компанийн дүрэмд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгохоор боллоо. Мөн хоёр компанид банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрөл болон гадаад валютын арилжаа эрхлэх, цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нэмж олгохоор, нэг компанийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгэхээр шийдвэрлэсэн юм.
Харин үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий гурван иргэнд олгохоор, нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр хэлэлцэн шийдвэрлэлээ.