НийтлэлМБАНХБайгаль орчин

Бэлчээр нутаг – Монголын ногоон хөрөнгө

Бэлчээрийн Үндэсний Форум VI: Бэлчээрийн доройтол ба тал хээрийн экосистемийн үнэ цэн

Монгол улсын газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээр нутгийн ашиглалт, ачаалал, талхагдал, доройтол манай орны нийгэм, эдийн засаг, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдал, ард иргэдийн амьдралын чанар, хүнсний аюулгүй байдал цаашилбал үндэсний аюулгүй байдалд  шийдвэрлэх нөлөөтэй.

Дэлхийн шинжлэх ухаанд бэлчээрийн экологи хэмээх бие даасан салбар бий болж хөгжөөд олон арван жил өнгөрчээ. Монгол улсад бэлчээр судлал 1990-ээд оноос өмнө төрийн дэмжлэгээр 50 гаруй жил эрчимтэй хөгжиж, олон арван эрдэмтэд, судлаачид судалгааны бүтээлүүдээ гаргаж,  бэлчээр ашиглалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдан зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан байдаг.

Бэлчээрийн экологи судлалыг хүн, мал, амьтад тэдгээрийг хүрээлэн байгаа байгаль орчин, агаар мандал, нарны цацраг, гэрэл, газарзүйн нөхцөл байдал тэдгээрийн хоорондын уялдаа холбоог судалдаг буюу “амьдралын орчин судлал” хэмээн нэрт эрдэмтэн, академич М. Төмөржав гуай нэрийдсэн байдаг. Тэрбээр “мал амьтныг хүрээлж байгаа амьд ба амьгүй байгаль нь уул амьтны амьдрах орчинг бий болгодог. Энэ үүднээс авч үзвэл Монгол орны байгаль, газарзүй, уур амьсгалын нөхцөл нь монгол малын амьдралын орчинг буй болгодог ба орчныхоо энэ нөхцөлд нутгийн мал өнө удаан хугацааны байгалийн шалгарал, олон үеийн малчдын ардын селекцийн үр дүнд үүсэж, идээшин дасаж, бие махбодь нь морфологийн болон морфоэкологийн өвөрмөц олон зохицолд хөгжин буй болжээ” гэж тэмдэглэж үлдээжээ.

1970-аад оны үед экологийн хүчин зүйлс тухайлбал уур амьсгал, хөрс, ургамал, ус, газрын гадаргын байдал, температурын горим, ургамшил, зүйлийн бүрэлдэхүүн, хур тунадасны хэмжээ зэрэг хүчин зүйлсийг харгалзан мал аж ахуйн 4 муж, 14 дэд муж болгон хувааж байжээ. Үүнд: 1. Алтай-Ханхөхийн хээрийн, 2. Хангай Хэнтийн ойт хээрийн, 3. Төв-Дорнотын хээрийн, 4. Өмнөговийн-говь-хээрийн.

Алтай хэв шинжит болон Хан-хөхийн уулт хээрийн экологийн нөхцөлд үсэн бүрхүүлдэ ямаан үс ихтэй, арьсан доороо ялангуяа уул нурууны орчимд харьцангуй их хэмжээний өөх хуримтлуулдаг баяд омгийн хонь илүү сайн зохицон байршсан байхад арай зөөлөн экологийн нөхцөл бүхий Хөвсгөлийн өндөр уулсын бүсэд дархад, дорнодын талын бүсэд барга, үзэмчин омгийн хонь илүү сайн зохицсон, нутгийн монгол хонинд нам дор газрын экологийн нөхцөл ашиг шим, төлөрхөг чанар нь уулархаг нутагт байснаас илүү байдаг гэхчлэн тогтоож байж.

Мал сүргийг экологийн нөхцөлд зөв байршуулж арчилгаа маллагааг сайн тохируулж чадсанаар ашиг шим, үржил төлөрхөг чанарын удамшлын чадамж болон генефондыг дээд зэргээр илрүүлэн мал сүргийг тогтвортой өсгөх гол нөхцлийг бүрдүүлдэг байжээ. Тэр бүү хэл нарны гэрэл бүхэлдээ амьтан ургамлын өсөх хурд, амьтны идэвхжил, үс ноос гуужих, их нүүдэл хийх нөлөөлдөг тухай мэдэж анхаардаг байв.

Байгалийн экологийн системийн үйлчлэлийг НҮБ-ын Мянганы экосистемийн үнэлгээгээр дөрвөн чиглэлд хуваасан нь бүгдээрээ бэлчээрийн мал аж ахуйг олон зуун мянган жил байгалийн аясыг харан “жинхэнэ”-ээсээ тогтвортой эрхэлж ирсэн уламжлалт арга ухаан мэдлэгт тусгалаа олсон байдаг.

Монголын газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээрийн экосистемийн үйлчлэлийн дөрвөн ангилал,  тэдгээрийн үнэ цэний тухай Бэлчээрийн зургаадугаар үндэсний форумын үеэр хэлэлцүүлсэн юм.  

Ш.Болд: Өвөг дээдэс маань бидэнд уламжлалт анагаах ухаан гэсэн мэдлэгийн маш баялаг сан хөмрөг үлдээсэн

Монголын Анагаах Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Ш.Болд

Бэлчээрийн төлөв байдал, эмийн ургамал, хүний эрүүл мэнд салшгүй холбоотой гэдэг нь уламжлалт анагаах ухааны судар номоос харагдаж байна:

Бэлчээр гэдэг эмийн ургамлын үндсэн гол экосистем тэрэн дээр байгаа эмийг ургамлыг мал иднэ малынхаа махыг бид хэрэглэнэ, бэлчээр, эмийн ургамал, хүн 3 салшгүй холбоотой гэдэг нь уламжлалт анагаах ухааны судруудаас харагдаж байна. Монголын уламжлал анагаах ухаан цаг хугацааны урт шалгуурт олон үеийг туулан ирэхдээ хөгжин цэцэглэх, гандан буурах түмэн нугачааг даван 5000 жилийн түүхийг бүтээжээ. Энэ урт хугацаанд үе үеийн эмч, эрдэмтэд өвчин эмгэгийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэх олон арван аргыг үүдэн бүтээж чадсан бөгөөд өнөөдөр ч тэдгээр аргуудын зарим хэсгийг хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хэрэглэж байна. Эмийн ургамлын асуудал уламжлалт анагаах ухаанд их чухал. Гурван  янзын судар байна. Бүгдийн монгол хүн бичсэн. Сүмбэ хамба Ишбалжирийн бичсэн “Цагаан болор толь” хэмээх сударт нийт 968 зүйлийн эм, идээ ундааны зүйлийг багтаасан байдаг. Анагаах ухааны салбараас гадна бусад салбарт ашиглах боломж их ялангуяа хөдөө аж ахуйн салбарт бүтээл дотор байгаа мэдлэгүүдийг ашиглах хэрэгтэй. Дараагийн хүн Цахар гэвш Лувсанчүлтэмийн өөрийн бүтээлдээ 600 орчим зүйлийн эмт бодисыг 11 аймагт  хувааж,  эмийн хэлбэр дүрс, ургах орон,  амт, чадал, төрөл зүйлийг ялган тодорхойлсон  эм судлалын тухай иж бүрэн  зохиол болсон. Тойн Жамбалдоржийн нийт 610 зүйлийн ургамлын тухай бүтээлээ туурвиж эмт бодисоо 7 аймагт ангилсан байна. Үүнд: 1. эрдэнийн эм, 2. чулуун эм, 3. шороон эм, 4. шимийн эм, 5. модон эм,  6. тан эм,  7. өвсөн эм. Тэрбээр Монгол хэлээс гадна төвд манж хятад хэлийг маш сайн эзэмшсэн, бүх эмийн ургамлаа нэрийг нь гурван хэлээрээ бичиж, эмийн ургамлаа маш нарийн түвшинд судалжээ. Сагаг гэж ургамал энийг манайд ерөөсөө тарималжуулдаггүй үүнийг тарималжуулбал эмчилгээнд маш үр дүнтэй, хуучин бол тарималжуулж байсан, өвөрмонголд тарималжуулдаг сагад гэж ярьдаг гамшиг болоод байгаа чихрийн шижин монголд маш түгээмэл байдаг, гэтэл сагадын гурил чихрийн шижинг эмчлэх боломжтой. цусан дах сахрын хэмжээг бууруулдаг маш сайн чанаарын гурил сагад нь говийн бүс элсэрхэг газар ургадаг нь онцлог. Хятадууд үүгээр брэнд хийчихсэн гадагш нь зарж борлуулдаг.

Ардын жүжүигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: Манайд хаан байна, хатан байна, ноёд байна. Харин Сатай шиг

Монгол Улсын Ардын Жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч  Н.Жанцанноров

Нутаг сэлгэх соёл гэж ойлгож байгаа. Өвөлжөө хаваржаа намаржаа зуслан сэлгэдэг болохоос нүүгээд байдаг соёл биш:

1960-аад оны эхээр Зөвлөлтийн хөрсний доройтлын чилэлээр судалгаа хийх гэж ирсэн эрдэмтэн  өдрийн тэмдэглэлдээ Монголд хөрсний судалгаа хийх гэсэн ерөөсөө доройтсон газар байхгүй, говьд нэг хэдэн худаг тойрсон газар үзэж байгаад ирлээ гэсэн байдаг.

Нутаг сэлгэх соёлынхоо сонгодог зүйлийг хадгалж байгаа цагт өрсөлдөх чадвар уран сайхны салбарт ч илүү байна. Ариунбаатар, Амартүвшин дэлхийн дуучин болчлоо гээд байгаа энэ нь явж бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой байгаа юм Амартүвшингийн дуулдаг бүтээлийг тэр хэмжээнд дуулах дуучин дэлхий дээр мянга түмээрээ байна, илүү ч дуулна, яагаад монгол дуучин дэлхий дээр гараад ирэв, энэ бол манай дөрвөн цагийн улиралд мянга мянган жил малласан малчин хүний язгуур шинж хоолойны махбодид нөлөөлсөн байнаа. Тэднийг дуулахад юу амтагдаж юу үнэртэж байна вэ гэхээр төгс язгуур эгшиглээ буюу өнгө мэдрэгдэж байгаа юм тийм учраас монгол дуучин үнэтэй байгаа юм.

Монгол хүнд хөдөлгөөний эсрэг хөдөлгөөн хийх генетик чадвар байна. Сумод барилдаж байгаа хүүхэд эсрэг талынхаа бөхийн аль булчин чангарч байгааг барьж байгаа гараараа дамжуулан мэдэрч байна, тиймээс энэ ялагдашгүй чанар монгол хүнд байна. Энэ бол нөгөөх л малтай холбоотой монгол хүүхэд  дөнгөж хөлд орохоосоо авхуулаад малтай хурга ишигтэй ноцолдож тэрэнд хариу үйлдэл хийж сурсан хөдөлгөөнүүд нь мянга мянган жил хадгалагддаг юм байна.

Д.Тогтохсүрэн: Бэлчээр бол Монголчуудын хувьд үнэлж баршгүй алт эрдэнэс, магадгүй шар алтнаас ч илүү хүн, зон олныг тэжээн, тэтгэж байдаг ач холбогдолтой

УИХ-ын Гишүүн Д. Тогтохсүрэн

Малчдыг бэлчээр нутагтаа өөриймсөг хандах, зөв зохистой ашиглах, хариуцлага хүлээлгэх тогтолцоог бүрдүүлэх, цогц арга хэмжээ авч ажиллахыг хичээж байна:

“Дөрвөн цагийн улиралд дураараа нүүдэллэх нутагтай” гэж шүлэглэдэг нутаг маань зөвхөн түүх болон үлдэж, байгаль экологийн өөрчлөлт, ган зудын эрчим, давтамж, хамрах хүрээ, хөрсний элэгдэл, цөлжилт, их шороон шуурга гэх мэт саяхан болтол бид бараг мэдэхгүй шахам байсан элдэв үзэгдэл, аюул гамшиг тохиолдож “талын Монгол-цөлийн Монгол болох” бүрхэг ирээдүйн аюулын харанга дэлдэх боллоо.

Өнөөдрийн бидний хэлэлцэх асуудал бол Монгол хүн нэг бүрийн сэтгэлдээ тээж явдаг Ногоон тал, бэлчээр нутагт маань тулгарч буй бэлчээрийн доройтлын талаар хэлэлцэх гэж байна. Бэлчээр бол Монголчуудын хувьд үнэлж баршгүй алт эрдэнэс, магадгүй шар алтнаас ч илүү хүн, зон олныг тэжээн, тэтгэж байдаг ач холбогдолтой. Монгол улсын нийт газар нутгийг 70 гаруй хувийг бэлчээрийн газар эзлэж байгаа бөгөөд манай улсын эдийн засаг, нийгэмд томоохон ач холбогдол үзүүлдэг мал аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ явагдаж байгаа. Сүүлийн 30 жил малын тоо толгой хэт өсөж, бэлчээрийн экологийн системийг хэтрүүлэн ашиглаж байгаа нь цөлжилт үүсэх нэг шалтгаан болоод байна. 2018 оны судалгаагаар Нийт бэлчээрийн 65% нь доройтож, цөлжих аюулд орсон бэлчээр 13% болж нэмэгдсэн нь аюулын харанга дэлдэж буй асуудал болоод байна. Ургамлын ургацын гарч 20-30 хувь буурч, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн цөөрч малд тэжээллэг алаг өвст ургамлын бүлгэмдэл нэг наст ургамал шарилжаар солигдож байна.

Үүнийг шийдвэрлэх хүрээнд малчдыг бэлчээр нутагтаа өөриймсөг хандах, зөв зохистой ашиглах, хариуцлага хүлээлгэх тогтолцоог бүрдүүлэх, цогц арга хэмжээ авч ажиллахыг хичээж байна. Газрын хуулинд бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах нэмэлт өөрчлөлтийн төслийг орон даяар 21 аймгийг хамруулж таван бүс болгон 960 гаруй малчин, мал бүхий иргэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, орон нутгийн газар бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймаг, сум, багийн Засаг дарга нарыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Нийт 20 гаруй чиглэлийн санал, хүсэлт ирүүлснийг нэг бүрчлэн задлан шинжилж, хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдэд тусгасан. Хэлэлцүүлгийн үед явуулсан санал асуулгын дүнгээс харахад нийт оролцогчдын 97.7 хувь нь бэлчээр доройтож байгаатай санал нийлсэн байна. Эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага байна уу гэсэн асуултад оролцогчдын 90.6 хувь нь заавал өөрчлөх хэрэгтэй гэж хариулсан байна. Бэлчээр ашиглалтыг хэрхэн хариуцлагажуулах вэ гэсэн асуултад 46 хувь нь гэрээгээр 57 хувь нь малын тоо толгой болон татвараар гэж хариулсан байна. Газрын тухай хуульд бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан, өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Б.Саранчимэг: Бэлчээрийг өмчлөгч-төр болон ашиглагч- малчин хоорондын харилцааг тодорхой болгон, түүнийг зохистой ашиглах, хамгаалах харилцааг цаг алдалгүй зохицуулах шаардлага тулгарч байна

УИХ-ын Гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг

Монголчуудын бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн түүхэн уламжлал бүр Хүннү гүрний үеэс улбаатай, 2200 жилийн түүхтэй, Чингис хаан болон Их хаадын үед бэлчээр нутаг эрх зүйн зохицуулалттай байсан гэж эрдэмтэд үздэг:

Бүр 1328 онд малыг дагнан хариуцдаг байгууллагатай байсан гэсэн мэдээ байдаг. Нутаг бэлчээрийг хуваарилахын зэрэгцээ түүний түүний төлөв байдал, чанарт их анхаарч, байцаалт явуулдаг байсан баримт бий.  1324 онд Есөнтөмөр хаан хэд дахин элч зарж монгол орны бэлчээр, нутгийн байдлыг шалгуулж байсныг түүхэнд тэмэглэсэн байна. Ийнхүү бэлчээр нутгийг нарийн дэг журамтай хуваарилан эдэлбэрлэж ирсний түүхэн ул мөр нь одоо бидний ярьдаг “Бичигдээгүй хууль” –д тусгалаа олжээ гэхэд хэтрүүлэг болохгүй байхаа.

Хойд талаасаа Сибирийн тайга, өмнө талаасаа Говийн бүсээр хүрээлэгдсэн энэ завсрын бүст Монгол улс  оршдог. Бэлчээрийн доройтол үүсгэж байгаа гол хүчин зүйл болох бэлчээрийн даац хэтрэлтийн үндсэн шалтгаан нь хариуцлага хүлээдэггүй “нийтээр дундаа ашиглах” өнөөгийн эрх зүйн тогтолцоо юм. Иймд бэлчээрийг өмчлөгч-төр болон ашиглагч- малчин хоорондын харилцааг тодорхой болгон, бэлчээрт өөриймсөг хандах нөхцөлийг бүрдүүлж, түүнийг зохистой ашиглах, хамгаалах харилцааг цаг алдалгүй зохицуулах шаардлага тулгарч байна.

Бэлчээрийн доройтлын 49 хувийг хүний буруутай үйл ажиллагаа, 51 хувь нь байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй гэж судлаачид үздэг аж. Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нэн чухал ач холбогдолтой энэ салбарын тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон нөхөн сэргээгдэх нөөц-бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах асуудал чухлаар тавигдаж байна.

УИХ-ын гишүүд санаачлан Газрын хуулинд бэлчээрийн эрх зүйн харилцааг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Нэмэлт өөрчлөлтийн үндсэн концепц бол Бэлчээр ашиглалтын гэрээний үндсэн нөхцөл нь бэлчээрээ зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд малчдыг үүрэгжүүлж талхагдал, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах явдал юм. Нийт бэлчээр нутгийн 65% доройтсон ч үүний 90% ачааллын тохируулж, ургамал ургалтын чухал үе шатуудад сэлгэж амраавал байгалийн аясаар нөхөн сэргээх чадвараа хадгалж үлдсэн гэж эрдэмтэд судалж тогтоосон байна.

Д.Бурмаа: Байгалийн бэлчээрт суурилсан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нүүдлийн МАА-д гарч ирж байна

Монголын Бэлчээрийн Нэгдсэн Холбооны Гүйцэтгэх Захирал Д.Бурмаа

Монголын орны экологийн өвөрмөц хүчин зүйлсийн нөлөөгөөр  нутгийн үүлдрийн малд биологийн онцгой шинжүүд бүрэлдэн бий болсон:

Эрдэмтэдийн тэмдэглэж үлдээснээр монгол мал жилийн турш дан байгалийн бэлчээрийн өвс ургамлаар хооллон амьдрахдаа тэсвэр хатуужлын өвөрмөц шинж чанаруудтай болсон гэсэн байдаг. Тухайлбал, биеийн өсөх хөгжих үйл явц зун намрын улиралд сэргэж эрчимжэн биеийн массыг нэмэгдүүлдэг ба өвөл хаврын хатуу ширүүнийг даван туулах илчит материал болох өөх тосыг биедээ хангалттай хуримтлуулна. Үс ноос нь сайн ургадаг, биеийн дулааны физик-хими, экологийн зохицолдолгоо сайн хөгжсөн, орчны халуун хүйтний хэлбэлзлийг чадамгай давдаг бие цогцос чийрэг, өвчин эмгэгт тэсвэртэй, сэргэлэн цовоо зан төрхтэй, сүрэглэх хоорондоо ижилсэх зөн билиг сайн хөгжсөн, байгаль цаг уурын ширүүн нөхцөлд тэсвэртэй гэж тодорхойлсон байдаг.

Эрчимжсэн мал аж ахуй малын гаралтай бүтээгдэхүүний бүтээмж өртөгийг бууруулан хүнсний хангамжийн асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж байгаа ч нөгөө талдаа байгаль орчинд маш олон малын сөрөг нөлөө үзүүлж байна. 2015 онд НҮБ-ын “Мал аж ахуйн урт сүүдэр” номонд эрчимжсэн мал аж ахуйн салбарын байгаль орчин, усны бохирдолд үзүүлж байгаа сөрөг үр нөлөө, уур амьсгалын өөрчлөлт, агаар мандлыг халаахад малын гаралтай хорт хий метан, азот, хүлэмжийн хийн ялгаралтын 57% эзэлж байна гэжээ. Нөгөө талдаа байгаль орчинд арай бага хөнөөлтэй байгалийн бэлчээрт суурилсан бүтээмж багатай ч чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой нүүдлийн МАА-д боломж гарч ирж байна.

Үүнээс үүдээд олон улсын зах зээлд ногоон, тогтвортой байгальд ээлтэй аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. Хүмүүс байгаль орчны хямралын тухай илүү их мэдэхийг хүсдэг, мэддэг болсон энэхүү шинэ хандлагыг “Эко-Сэрэлт” гэж Дэлхийн Зэрлэг Байгаль Хамгаалах Нийгэмлэгээс нэрлэсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад эерэгээр хувь нэмрээ оруулах хүсэл нь хэрэглэгчдийг байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг худалдаж авахад хүргэх анхдагч шалтгаан нь болж байна. Жишээ нь, дэлхийн хүн амын 80%-ийг хамруулан 54 оронд 27 хэлээр 2016-2020 оны хооронд судалгаа явуулж, байгальд ээлтэй арга замаар үйлдвэрлэсэн нь баталгаатай бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа шалтгааны талаар тодруулахад: 30% нь байгаль орчныг сайжруулах зорилготой, 23% нь хог хаягдлыг бууруулах, 22% нь хүлэмжийн хийн ул мөрийг бууруулах, 17% нь мал амьтны эрх ашгийн төлөө гэсэн бол зөвхөн 7% нь л сайн иргэн байхын тулд нийтийн хандлагыг даган тогтвортой бүтээгдэхүүн авдаг гэжээ.

Монголын Бэлчээрийн Нэгдсэн Холбоо санаачлан Монголын нүүдлийн мал аж ахуйн зохистой дадлын MNS стандартыг батлуулан хэрэгжүүлж байна. Мал, амьтны тавлаг байдлын таван эрх чөлөөг хангах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх, бэлчээрийн мал аж ахуйн анхан шатны үйлдвэрлэгчийн түвшинд хариуцлагатай нүүдэлчин тогтолцоог хэрэгжүүлэхэд баримтлах үндсэн зарчим, шаардлага, шалгууруудыг тогтоох, тэдгээрийг үнэлэх, баталгаажуулахад оршино.  Хамрах ба хэрэглэх хүрээ нь  бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэхэд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалж, тавлаг байдлыг хангах, байгаль орчин, бэлчээр, тэжээл, усны хангамжийг зөв зохистой ашиглах, малын үржүүлэг селекц, тэжээллэг, арчилгаа, маллагаа зэрэг мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд тавих зохистой дадлыг нэвтрүүлэхэд хамаарна. Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадал нь бэлчээр ашиглах, малын арчилгаа маллагааг хангах, үржүүлэг, селекцийг удирдан явуулах, эрүүл мэндийг хамгаалах болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэхэд тавих шаардлага, шалгуурыг хангахад зориулагдсан цогц үйл ажиллагаа юм.

Ц.Идэрбат: Бэлчээр ашиглалтад төр оролцохгүй байх боломжгүй болсон

УИХ-ын Гишүүн Ц.Идэрбат

Цөлжилт бол бидэнд тулгамдсан том асуудал болоод байна:

УИХ, төр засгаас цөлжилтийн гол шалтгаан болж байгаа асуудлыг  тодорхойлж, эрх зүйн орчныг бий болгохоор Газрын тухай хуульд бэлчээрийн заалтуудыг тусгаж боловсруулаад өргөн барихад бэлэн болсон. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, салбарын эрдэмтэн судлаачид хуулийн төсөл боловсруулахад нягт уялдаа холбоотой ажиллаж, малчдын дэвшүүлсэн саналыг хуулийг төсөлд тусгахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тодотгож хэлмээр байна. Нийт бэлчээрийн дийлэнх нь доройтсон ч цаг алдахгүй сэргээх, хамгаалах ажлыг хэрэгжүүлж чадвал сэргэх боломжтой байна. Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо энэ чиглэлд хийж хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөр  үр дүнгээ харуулж, малчид нэгдэж нийлээд малын гаралтай түүхий эдийнхээ ашиг шимийг хүртээд эхэлсэн сайн жишээ цөөнгүй байна. Бэлчээр ашиглалтад төр оролцохгүй байх боломжгүй болсон байна. Бэлчээрийн асуудлыг малчидтай уулзаад ярилцахад хамгаалах, тордох талд иргэд төрийн шийдвэр гаргахыг дэмжиж байна.

Б.Эрдэнэцэцэг: Салхи шуурга гамшигт үзэгдлийн давтамж эрчимтэй нэмэгдэж байна

Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга доктор Б.Эрдэнэцэцэг

Ногоон туяа татдаг нэг наст цөөн наст ургамал байдаг энэ нь эхний хүйтрэлээр үгүй болно,  нүцгэн үлдсэн хөрсний эвдрэлд өртөмтгий эмзэг болно:

Бэлчээрийн голлох төрөл зүйлийг 8 сарын дунд 10 хоногт орон даяар бүртгэж үздэг энийгээ харьцангуй соргог байх үедээ ургаж байсан төрөл зүйлтэй нь харьцуулан доройтлыг нь тогтоодог. Өвөл хаврын бэлчээрийн даац гэж ЗГ 190/286 тогтоолын дагуу 20 гаруй жил бодож байгаа багын түвшинд 8 сарын сүүлээр жил бүхэн боддог, га-ын ургац тухайн багын тоо бэлчээр ашиглах хугацаа бэлчээрийн талбай гэх мэт үндсэн мэдээлэл арга аргачлалаар боддог. Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлт экстрим буюу онцгой хүчтэй огцом их бороо их халах гэнэтийн үер буух үзэгдлүүд нийтлэг нэмэгдэж байна. Нэг жилд дунджаар тохиолддог байгалийн гамшигийн тоо хэмжээг судлаад үзэхээр 1990 оноос хойш  эхний 10 жилд 29 удаа,  дараагийн 10 жилд 53 удаа сүүлийн 10 жилд 80 удаа тохиолдсон байна.  

Салхи шуурга гамшигт үзэгдлийн давтамж эрчимтэй нэмэгдэж байна. Шороон шуурганы газрын ажиглалтын мониторингийн системийг харуулж байна, Олон улсын хөтөлбөрийн шугамаар япон, хятад солонгостой хамтарсан өндөр хүчин чадалтай шар шороон шуургыг хянадаг авттомат станцууд ажиллаж байна. Шороон шуургатай өдрийн тархалт бүс бүслүүрээр өөр, хээрийн экосистемд 20-50, говийн бүс нутагт 100-140 буюу 140с дээш хоногт, жилийн бараг тал хоногт шороон шуурга болж байдаг. Хамгийн аюул нь бол газрын чадавхи буурч ургамлан нөмрөг сийрэгжиж хөрс барих хөрсний шинж төлөв нүцгэрч өөрчлөгдсөнөөс болж бага зэрэг салхилахад л түйрэн болж битүү алсын бараа харагдахаа больж энэ үзэгдэл нь 40 хувиар нэмэгдэж  байна гэсэн судалгаа гарч байна. Хуучин энэ үзэгдэл говийн бүсэд өдрийн цагаар болдог байсан бол одоо хангайн бүс нутагт нийтлэг тохиолдож байна энэ нь хөрсний гадарга доройтсонтой шууд холбоотой. Газрын мониторингийн системээс гадна байнгын хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай мэдээн дээр судалгаа хийж үзэхэд  шороон шуурга дэгдэхэд газрын гадаргын байдал ургамлын бүрхэвч нөмрөг хөрсний чийг гол нөлөөлөх гол хүчин зүйл болдог судалгааны дүнгүүд гарч байна.

Ц.Туваан: Бэлчээрийн асуудал бол Монгол улс байхуу үгүй юу гэдэг асуудал шүү гэдгийг бодож хандаасай гэж хүсч байна

УИХ-ын Гишүүн Ц. Туваан

Өнөөдрийн бэлчээрийн талхагдлын асуудал ганцхан хөдөө байгаа хүмүүс малчдын асуудал бишээ, Улаанбаатарт байгаа хүмүүсийн асуудал, бидний үр хүүхдүүдийн ирээдүйн эрх ашигийн асуудал, бүр томоор хэлэх юм бол Ази тив, дэлхийн хэмжээний том асуудал:

Шинэ парламент гарч ирэхээр нэг гишүүн нь ч юмуу жоохон зориглоод барьж авч явж байгаад хаячихдаг. Малчдыг бол би малчин гэж хардаггүй үйлдвэр эрхлэгч хуулийн этгээд гэж хардаг, малын бол мини үйлдвэр. Жалганд хаягдаад байгаа түүхий эдийг боловсруулах тэр зээлийн цогцолборыг хэн барьж өгөх ёстойн төр барьж өгөх ёстой. Малчдын өрхийн хэрэгцээ, хүүхдүүдийн сургалтын төлбөр 100  мал зараад хангагдчихдаг байсан бол өнөөдөр олон малтай байх хэрэггүй. Түүнээс биш мянгат малчин энэ тэр гээд хэн өөрийгөө эрүүл мэндээ золиослож, ядартлаа зовж  1000 малтай байя гэдэг хүн байхгүй болсон, сэтгэлгээ шал өөр болсон. Бэлчээр бол үнэхээр гамшиг болсон. Одоо ингээд дулаарлаа зун боллоо гэж байна, ногоо яг ургадаг цагтаа ургасангүй ээ. Малчдын төлөөлөл УИХ гишүүд маань төр ард түмний гүүр болох ёстой шүү. Бэлчээрийн энэ асуудал бол Монгол улс байхуу үгүй юу гэдэг асуудал шүү гэдгийг бодож хандаасай гэж хүсч байна.

Д.Гантөмөр: Аялал жуулчлал салбар, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд бэлчээрийн доройтол талхагдал сөргөөр нөлөөлж байна

 Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр

Аялал жуулчлал салбар, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд бэлчээрийн доройтол талхагдал болон тал хээр нутгийн байгалийн өнгө үзэмж, байгалийн өвийн эзлэх байр суурь:

Аялал жуулчлал нь хүний биологийн болон нийгмийн амьдралыг дэмжих замаар сэтгэц, оюун ухаан, биеийн эрүүл мэндээ тэтгэх, нөгөө талаар “Би”-гийн ахуйд дутагдаж байгаа зүйлийг нөхөх хэрэгцээг хангахад чиглэгдэнэ. Хэрэгжих хүрээ нь нийгэм-соёлын орчин ахуй. Хүн стресст орох тусам байгалиасаа цэнэг авах гэж, харьцуулан турших, их язгуур ижилсэлээ олох түүндээ хамаатах төгсгөлд нь байгальдаа эргэн шингэж буцаад оршихуйдаа орох гэсэн таван төрлөөр явдаг. Байгаль орчныг ашиглаж байгааг нөөцөөр нь дараах байдлаар ангилна. Нэгт, өндөр зэрэглэлийн буюу эх унаган байгаль орчин, хоёрт, сайжруулсан сэргээсэн байгаль орчин, гуравдугаарт, байгальтайгаа зохицсон аялал жуулчлал.  

Тал хээр нутгийн даацад ээлтэй нүүдлийн соёлын аялал жуулчлалыг орон нутгийн иргэдийн нөөцөд тулгуурлан явуулж байх ёстой. Машинтай давхих тусам монгол орны үнэр тал хээрийг мэдэрч чаддаггүй, харин яг алхаад явж байхад энэ мэдрэмжийг илүү авна. Тиймээс малчдын уламжлалт тоног төхөөрөмжүүдийг аялалын төхөөрөмжтэй хавсарган хэрэглэх, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцүүдийг байгальд ээлтэйгээр хэрэглэх нь зүйтэй. Аялал жуулчлал явуулахад нутгийн брэндийг хөгжүүлэх шаардлага байна, байхуу цай биш хөвсгөл цайг чанаж өгч бай гадаадын жуулчдад үзүүлэхээс өмнө орон нутгийнхаа хүүхдүүдэд үзүүл гэсэн зарчмыг барьдаг, хүүхдүүд нутагтаа байгаа чулуун дээрх өв соёлыг үзээгүй байхад гадны хүмүүс үзэж тэрийг үнэлэмжинд оруулна гэдэг бодлогыг буруу зүйл гэж үздэг. Тиймээс боловсролын системд заавал ангид хичээллэх биш 30-40 хувьд нь орон нутгийн байгаль орчин нутгийнхаа иргэдтэй хамтарч суралцах хүмүүжих боловсрох зүйлийг аялал жуулчлалтай хослуулах харилцан өгөөж бүхий бодлого чиглэл баримталж байна.

Б.Сарангуа: Бидэнд гарал үүслийг тодорхой болгох боломж бараг л байдаггүй тул “Хариуцлагатай нүүдэлчин” стандарт мөшгөх  систем гарсанд баяртай байна

ENARU компанийн Гүйцэтгэх захирал Б. Сарангуа

Бидний ялгарах нэг онцлог бол “нүүдлийн мал аж ахуй”. Худалдан авагчидтай гэрээ хийх гэхээр эд түүхий эдийн гарал үүсэл шаардлагатай болоод байгаа:

Манай компани класстер хэлбэрээр малын гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж Европын Холбооны улсуудын стандартыг ханган Герман улсад албан ёсоор экспортодгаргаж байна. Бид өнгөрсөн онд Италийн хамгийн том үзэсгэлэнд маш сайн оролцсон. Экспорт хийхийн тулд суурь асуудал руугаа эргээд орох шаардлагатай болоод байна. Бид зах зээлд олон тоогоор бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд гарал үүсэл нь баталгаатай, тодорхой, мөшгөх системтэй түүхий эдийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай болоод байна. Манай экспортын класстерийн сүлжээнд 200 гаруй экспортлогчид байдаг. Энэ бүх компаниудад гарал үүсэл тодорхой, малчидтай хамтарж ажиллах хамтын байгууллага маш чухал байгаа. Бидэнд гарал үүслийг тодорхой болгох боломж бараг л байдаггүй тул “Хариуцлагатай нүүдэлчин” стандарт мөшгөх  систем гарсанд баяртай байна. Бид эдийн засгаа өргөжүүлнэ, экспортоо нэмэгдүүлэх нь бэлчээр, гарал үүсэлтэй буцаад холбогдож байна. Тийм учраас бэлчээртэй холбоотой асуудлыг яаравчлан шийдэх хэрэгтэй байна. 

Монголын Бэлчээрийн Нэгдсэн Холбоо www.greenmongolia.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version