Татар хамтлаг фэнүүддээ том бэлэг барина
TATAR хамтлагийн “БОРОО” 20 жилийн ойн тоглолт 2023.08.19-ны өдөр 17:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан өдөр зохион байгуулагдах гэж байгаа талаараа хэвлэлийн бага хурал хийлээ.
2003 оноос хойш 20 жилийн турш 66 уран бүтээл цацаж нийт 49,220,000 Youtube-ийн үзэлттэй цорын ганц хамтлаг юм.
“Татар” хамтлагийн гишүүн Д.Мөнхчулуун:
-Хамтлагийн 20 жилийн ойд зориулсан ажлууд ид өрнөж байна. Бид хүн бүрт бэлэг бэлдсэн. Үзэгчдэдээ гэрэлтдэг гарын бугуйвч бэлэглэнэ. Мөн 25 мянган ширхэг С витамин, цэвэр усыг үнэ төлбөргүй тараана. Үнэнч сонсогч фэнүүддээ гэнэтийн бэлэг барих болно. Хамтлаг маань 21.00 цагт тайзнаа гарна.
“Бороо” тоглолтын продюсер С.Ононбат:
-“Татар” хамтлагийн 20 жилийн хит дуунуудаас бүрдсэн тоглолт болно. Олон жил уран бүтээлээ завсарласан хамтлаг, дуучид тайзнаа эргэн гарч, дуулна. Тодруулбал, Ука, Намуунаа, “Мөнхийн рэп”, “Флаш”, “4 зүг” гэх мэт уран бүтээлчид хүрэлцэн ирнэ. Миний хувьд тоглолтын нэрийг дургүйхэн хүлээж авсан хэдий ч “Бороо” дуу хит уран бүтээл байсан учраас ингэж нэрлэсэн. Тоглолтод авьяаслаг бүжигчид, шилдэг дижи нар оролцож байгаа бөгөөд гурван цаг үргэлжилнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүд 17.00 цагаас эхэлж нээнэ. Бусад хип хоп тоглолтуудаас онцлог олон DJ тоглохоор ажиллаж байна.
Кино найруулагч Б.Чингүүн:
-Хамтлагийн 20 жилийн ойн нэг том ажил нь уран сайхны кино. Энэ киногоор “Татар” хамтлаг хэрхэн бүрэлдэж, яаж хамтлагаа байгуулсан тухай өгүүлнэ. Нийт есөн ангитай. Эхний гурван ангид бага насны хүүхдүүд тоглох бол үлдсэн ангид нь хамтлагийн залуус өөрсдөө тоглоно. Бид гол дүрийн сонгон шалгаруулалтыг хийж, гурван хүүхдийг сонгосон. Үнэнч фэнүүдэд нь том бэлэг барьж, тухайн үеийн 1980, 1990-ээд оны нийгмийн амьдралыг харуулах болно.