Энэтхэгийн “AAKASH HEALTH CARE” эмнэлэгтэй хамтран ажиллана
Улсын гуравдугаар төв эмнэлэгт Бүгд Найрамдах Энэтхэг улсын “AAKASH HEALTH CARE” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд зочилж, хамтарсан уулзалт хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллах яриа хэлэлцээ өрнүүлж байна.
Хоёр тал тархи, мэдрэлийн мэс заслын салбарт хамтран ажиллахаар болж Санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг урт, богино хугацаагаар сургаж мэргэшүүлэх, хамтарсан мэс засал-сургалт зохион байгуулах замаар монгол эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах ялангуяа Монгол Улсад эмчлэх боломжгүй эпилепси болон паркинсон, тремор зэрэг хөдөлгөөний эмгэгийн функционал мэс засал, тархины саатай хүүхдийн дээд, доод мөчдийн хөдөлгөөний алдагдлын үеийн мэс засал эмчилгээний аргуудыг богино хугацаанд нутагшуулахын зэрэгцээ судалгаа шинжилгээний ажлыг хамтран хийхээр тохиролцсон юм. Мөн Монгол Улсын иргэдийг эх орондоо өндөр түвшний чанартай тусламж үйлчилгээ авах боломжоор хангахад Энэтхэгийн талаас дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.
Түүнчлэн “AAKASH HEALTH CARE” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч Amit Svirvastava, гэмтлийн мэс заслын эмч Godara Neeraj нар Ризотоми хагалгаанд сонгох заалт, дистониягийн хам шинж, хагалгааны дараах хяналт, болзошгүй хүндрэл, эрсдэлүүд мөн тархины саатай хүүхдийн дээд мөчний шөрмөс сунгах болон түнхний мултралыг засах мэс заслын арга, эмчилгээний үр дүн зэрэг сэдвээр УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүдэд ажлын байран дээр сургалт зохион байгуулж, өмнө нь мэс засал хийлгэсэн есөн хүүхдэд хяналтын үзлэг хийж, зөвлөгөө өглөө.