Хууль эрх зүйОнцлохНийслэл

Ц.Тулга: РЦНК-гийн баруун талын барилгын ажлыг зогсоохоор болсон

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо буюу РЦНК-гийн баруун талд барилга барьж буйг оршин суугч иргэд эсэргүүцэж байгаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, иргэдийн санал, гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлж, барилга угсралтын үйл ажиллагааг зогсоохоор болсон. Энэ талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас тодрууллаа.

-Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК  орчимд барилга барихыг иргэд эсэргүүцэж, нөхцөл байдал хурцдах төлөвтэй болсон. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраатай хамт газар дээр нь очиж ажиллалаа.

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, иргэдийн санал, гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлж, барилга угсралтын үйл ажиллагааг зогсоохоор болсон.

Энэ дагуу захирамжийг иргэд, холбогдох  компанид танилцууллаа. Захирамжийн хэрэгжилтийг Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар хангаж ажиллана.

-Тус газрыг хэзээ олгосон бэ?

-Нийслэлийн Засаг даргын 2016 оны захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт контор, үйлчилгээний зориулалтаар 1380 ам метр газрыг олгосон. Энэ газарт Нийслэлийн Ардчилсан намын албан контор /төрийн байгууллагын барилга/ гэсэн архитектур төлөвлөлтийн даалгавар 2019 онд батлагдсан байдаг.

Уг даалгаврын дагуу зураг нь батлагдаад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2020 онд гарч, гүйцэтгэгч компани барилгын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн онд энэ барилгын ажлыг эсэргүүцэж иргэд шүүхэд хандсан ч 2022 оны есдүгээр сард иргэдийн нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр гарсан.

Одоогоор иргэд барилгын талбайд байж, эсэргүүцлээ илэрхийлэн, хашааг буулгахыг шаардаж байна. Гэхдээ тодорхой шийдвэр эцэслэн гарсны дараа хашааг буулгах ёстой. Бид энэ талаар мөн холбогдох газруудтай ярьж байна хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version