ХАА-н салбарЗочны ярилцлагаНӨУБИЧБТОнцлох

О.Тунгалаг: Малчид татвараа төлснөөр бэлчээрээ ч хамгаалчихдаг, малаа ч өсгөчихдөг хэмжээнд очих хэрэгтэй

Малын тоо толгойн албан татварын тухай хууль 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд хоёр жил болж байна. Дээрх хуульд тухайн жилд малд ногдуулах албан татварын хэмжээг 0-2000 төгрөг байхаар заасан бөгөөд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр татварын хэмжээг тогтоохоор заасан. Энэхүү хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийсэн “Тунгаамал төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал О.Тунгалагтай ярилцсанаа хүргэж байна.

-Танай байгууллагаас Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийсэн байна. Үнэлгээний ажлын гол зорилго юу байсан бэ?

-Манай “Тунгаамал төв” төрийн бус байгууллага нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн захиалгаар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд 2023 оны 5 дугаар сард хөндлөнгийн үнэлгээг хийж гүйцэтгэлээ. Хөндлөнгийн үнэлгээний гол зорилго нь Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд үнэлгээ хийж, аргачлал, зөвлөмж боловсруулах байсан юм.

-Хөндлөнгийн үнэлгээ хийх ажлыг хэрхэн хийсэн бэ?

-Үнэлгээг хийхдээ тоон болон чанарын судалгааны аргыг хослуулж ашигласан. Тухайлбал, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад мөрдөгдөж байгаа болон үнэлгээ хийхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийг судлах, тоон мэдээллүүдийг цуглуулах, холбогдох байгууллагын албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулах, ярилцлага хийх, асуулга авах зэрэг судалгааны аргуудыг ашигласан. Мөн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, Ажлын албаны ажилтнууд, багийн Засаг дарга, татварын байцаагч, малчидтай уулзалт хийж, нийт 390 хүнийг хамруулсан болно.  

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан ”Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-д заасны дагуу дараах үнэлгээний асуултууд болон үнэлгээний шалгуур үзүүлэлтийг бэлтгэж, ажиллалаа. Үүнд:

1.    Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ?

2.    Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

Үнэлгээний шалгуур үзүүлэлт:

1.Хууль болон холбогдох журмыг хэрэгжүүлснээр өнгөрсөн хугацаанд гарсан ажлын үр дүн

2.Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтэд тавьсан хяналт, үр нөлөө зэргийг тооцсон юм.

-Аливаа батлагдсан хуулийг ажил хэрэг болгож, хэрэгжүүлэх нь маш чухал. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Малын тоо толгойн албан татварын тухай хууль батлагдсаны дараа уг хуулийг татвар төлөх үүрэгтэй малчдад сурталчлах ажлуудыг хийх нь нэн тэргүүний ажил байсан. Энэ хүрээнд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн зүгээс маш олон ажлуудыг зохион байгуулсан байна. Тухайлбал, аймаг, сумдын удирдлагууд, татварын байцаагч, Хөдөө аж ахуйн газрын ажилтан албан хаагчдыг оролцуулсан олон удаагийн бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийсэн байна. Цаашид ч иргэд малчдад ойлгуулах, сурталчлах ажлыг давтамжтайгаар хийж байж энэ хуулийн хэрэгжилт илүү сайжирна гэж үзэж байна.

-Хууль батлагдсанаас хойш татвар төлөгчдийн тоо нэмэгдсэн үү? Мөн татварын хөрөнгө төвлөрүүлэх ажил хэрхэн зохион байгуулагдсан бэ?

-2021 оны хувьд улсын хэмжээнд нийтдээ 241702 татвар төлөгч, малын тоо нь 67 сая байсан. Татварын ерөнхий газраас 33 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх тооцоог гаргаж 15,3 тэрбум төгрөг төвлөрч, улсын хэмжээнд 45.9 хувьтай төлөвлөгөө нь биелэгджээ. Харин 2022 онд татвар төлөгчдийн тоо 250 мянга, малын тоо 71 сая болж тус тус нэмэгдсэн байна. Татварын ерөнхий газраас 33,8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 19,9 тэрбум төгрөг төвлөрч, татварын төлөлт бол 58,8 хувь болж нэмэгдсэн байна. Энэ бол дээрх уулзалт зөвлөгөөн, сургалт зэрэг зохион байгуулалтын ажлын үр дүнд татвар төлөх хэмжээ нэмэгдэж, малчид татвараа төлдөг, хэвшил болох хэмжээнд хүрсэн гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

-Татварын хувь хэмжээг аймаг, сумдын ИТХ-аар хэлэлцэн тогтоож байгаа шүү дээ. Энэ талаар тодруулж ярина уу?

-Сум, дүүргийн ИТХ хуульд заасны дагуу малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл бүрээр тогтоож байгаа. Улсын хэмжээнд дунджаар авч үзвэл үхэр, адуу, ямаанд арай илүү өндөр татвар тогтоож, бусад малд харьцангуй бага татвар тогтоосон байна. Бүх аймаг сумдад татварын хэмжээг ойролцоо тогтоосон ч татвар төлөлтийн байдал харьцангуй өөр гарчээ. Нөгөө талаар газар тариалан эрхэлдэг газруудад малын тоо толгойн албан татварын хэмжээг өндөр тогтоох хүсэл зорилготой байна. Дээрх бүсэд эрчимжсэн МАА-г хөгжүүлэх, тариа, ногоо тарих ажилдаа илүү ач холбогдол өгөх ёстой гэдэг утгаар Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгууд татварын дээд хэмжээгээр буюу 2 мянган төгрөгөөр тогтоосон байна. Харин байгалийн гамшиг, ган, зуд, үер зэргээс шалтгаалаад зарим аймгууд татвараас чөлөөлөх, 100-150 хүртэлх малтай өрхийг татвараас чөлөөлсөн шийдвэрүүдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан нь тухайн орон нутгийнх онцлог гэж үзэж болно. 2021 оны хувьд ковидийн дараах үе байсан учраас малчдын ахуй амьдрал хүндхэн байсан. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ ханш бага байсан учраас малчид татвараа төлөх нь харьцангуй сул байсан нь анзаарагдсан. Мөн Татварын ерөнхий газраас татварын төлөвлөгөөг нь тогтоож өгсөн ч зарим сумын ИТХ-ууд хэтэрхий ихээр бууруулж тогтоосон байна. Аймгаараа татварынхаа хувь хэмжээг хэд дахин хэмжээгээр бууруулж, татвараа төвлөрүүлэхдээ төлөвлөгөөгөө 245-300 хувиар биелүүлсэн тохиолдлууд байгаа нь татварынхаа мөн чанарыг ойлгох байдал сул байгаатай холбоотой гэж бодож байна.

-Бага тогтоосон шалтгаанууд нь юу байсан бол?

-Сумын ИТХ-ын бүрэлдэхүүнд малчин төлөөлөгчид их байдаг. Сумынхан бие биенээ маш сайн таньдаг учраас төлөөлөгчид маань татварын хувь хэмжээг ихээр нэмэгдүүлж тогтооё гэдгээ хэлж чаддаггүйтэй холбоотой бололтой. Түүнчлэн зэргэлдээ хоёр сум татварынхаа хувь хэмжээг харьцангуй өөр өөрөөр тогтоосон байна. Тухайлбал, нэг сум нь 500 төгрөгөөр тогтоосон байхад нөгөө сум нь чөлөөлчихсөн байх жишээтэй. Тэгэхээр малчдын маань татвараа төлөх идэвх нь буурдаг хандлагыг нэмэгдүүлдэг байна. Яг ижилхэн байгаль цаг уурын  нөхцөлтэй, бэлчээрийн даац нь ч адил, малчдын амьжиргаа ч ерөнхийдөө ойролцоо мөртлөө татварынхаа хувь хэмжээг өөр тогтоочихсон гэсэн үг. Тиймээс Малын тоо толгойн албан татварын хууль маань бусад хууль тогтоомжтой хэрхэн яаж уялдах вэ гэдгийг ИТХ-ын төлөөлөгчид маань ойлгоогүй байгаа гэсэн үг. Тодруулбал, “Газрын төлбөрийн тухай хууль”, “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, газрын төлөв байдлын тайлан зэрэг мэдээллүүдээ сайн уншиж судлаад, татварынхаа хэмжээг тогтоож байгаа үндэслэлээ зөв гаргах нь чухал юм.

-Аймаг сумдууд татвар төвлөрүүлэлтийг хэрхэн хийсэн байна?

-Аймаг сумдууд ерөнхийдөө 4 төрлөөр татварынхаа орлогыг бүрдүүлсэн байна.

  • Нэгдүгээрт: Татварын ерөнхий газраас өгсөн төлөвлөгөөг бага зэрэг бууруулаад төлөвлөгөөгөө маш сайн биелүүлсэн сумдууд байна .
  • Хоёрдугаарт: Төлөвлөгөөг үндэслэлтэй тогтоогоод ногдлоо зөв тогтоож, төлөвлөгөөгөө биелүүлчихсэн сумдууд байна.
  • Гуравдугаарт: Төлөвлөгөөг хэтэрхий бууруулаад түүнийгээ маш өндөр хувиар биелүүлсэн сумдууд байна.
  • Дөрөвдүгээрт: Төлөвлөгөөгөө маш их бууруулсан ч  орлогоо муу бүрдүүлсэн сумдууд ч байна.

-Тэгвэл төвлөрүүлсэн татварын орлогын зарцуулалт нь хуулийн дагуу байж чадаж уу?

-Төсвийн тухай хуульд татвараар бүрдүүлсэн орлогыг яг юунд зарцуулах вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн байгаа. Сум, дүүргүүд  татварын орлогоо Орон нутгийн хөгжлийн сангийн санд төвлөрүүлж, ИТХ-аас тогтоосон эрэмбээр зарцуулдаг. Малын тоо толгойн албан татварын хууль нь сум орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бэлчээрийн талхагдлыг бууруулах, бэлчээрийг хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх гэсэн үндсэн зорилгоор батлагдсан. Энэ зорилгынхоо хүрээнд зарцуулалтаа хийх, түүндээ хяналт тавих ажлыг ИТХ-аас зохион байгуулах ёстой юм. Татварын орлогын зарцуулалтаас харахад ихэнхдээ малчдад өвс тэжээл хөнгөлөлттэй үнээр худалдаж авахад болон өвс тээвэрлэх бензин шатахууны зардалд зарцуулсан байна. Бэлчээр хамгаалах чиглэлээр худаг гаргах, бэлчээрийг хашаажуулах, өвс тэжээл хадгалах контейнер худалдаж авах, агуулах барих зэрэг ажлууд хийгдсэн байна. Мөн үлийн цагаан оготно устгах, малчдад сургалт зохион байгуулах, малын өтөг бууц ариутгах, малд туулга хийх, малын ариутгалын ванн худалдаж авахад гол төлөв зарцуулсан байна. Зарцуулалтуудыг илүү нарийвчлаад үзвэл дийлэнх сумдууд малчдын чуулга уулзалтыг зохион байгуулсан, малыг ээмэгжүүлсэн, малчдын хөгжлийн төв барьсан, малчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан, малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг мал эмнэлэгтээ худалдаж авч өгсөн зэрэгт зарцуулжээ. Гэтэл Төсвийн тухай хууль, Сангийн сайдын баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-д заасантай дээрх зарцуулалтууд нь нийцэж байна уу гээд үзэхэд асуудалтай байгаа.

-Төвлөрсөн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавихад хүндрэл үүссэн гэж ойлгож болох уу?

-Тиймээ. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хүрээнд төвлөрсөн хөрөнгө маань Орон нутгийн хөгжлийн сан гэсэн нэг л том сав руу орчихож байна. Энэ санд нь өөр хөрөнгүүд ч төвлөрч байгаа. Тэгэхээр үнэлгээ хийсэн бидний санал гэвэл Орон нутгийн хөгжлийн сандаа мөнгө нь төвлөрөг. Гэхдээ малын тоо толгойн албан татварын орлогыг өөр дансанд төвлөрүүлэх нь илүү зүйтэй болов уу. Тэгвэл малчид болон хууль хэрэгжүүлэгчдэд төвлөрсөн хөрөнгөө яг юунд зарцуулж байгаа нь илүү тодорхой болно. Нэг данс руу бүгд орчихоор яг аль мөнгө нь сургуулийн дээвэр засахад, эсвэл худаг барихад зарцуулаад байгаа вэ гэдгээ ИТХ-аас хянахад хүндрэлтэй байх юм. Хэрвээ нэг нэртэй ч тусдаа дансанд ороод, хоёр өөр чиглэлээр зарцуулаад, түүндээ хяналт тавих юм бол  илүү ойлгомжтой байх болно. Гэтэл Орон нутгийн хөгжлийн санд орсон мөнгөнөөс урсгал зардлуудыг санхүүжүүлсэн нь эргээд Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөд байгаа хэрэг юм. Илүү тодорхой хэлэхэд багийн төвийн барилгынзасвар хийх ажилд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө зарцуулагдчихсан байна. Энэ нь Малын тоо толгойн албан татварын оролгоосоо зарцуулагдсан уу эсвэл Орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн хөрөнгөнөөс зарцуулчихаад байна уу гэдэгт хяналт тавихад хүндрэлтэй байгаа юм. Түүнээс гадна зарим сумдын зарцуулсан байдлыг харахад төвлөрсөн хөрөнгөөрөө трактор худалдаж авах, сайн үүлдрийн мал худалдаж авч үржил селекц хийсэн байна. Тракторыг гэхэд нэг л хүн эзэмшиж, тэр хүнээс л хамааралтай болчихно. Магадгүй тракторын жолоочоос хэн нэгэн хүн ажил хийлгэхийг хүсэх, ган зуд боллоо гээд зам гаргахад тэр трактор нь хэрэгтэй болдог. Гэтэл “Өө, би тэрийг чинь хийхгүй” гээд хөдлөхгүй бол яахав. Тиймээс нийтээрээ маш сайн ярилцаад зөв зүйлдээ үр дүнтэй зарцуулалт хийх хэрэгтэй.

-Малын тоо толгойн албан татварын хөрөнгө нь малчдын амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих маш том боломж, хөрөнгийн эх үүсвэр шүү дээ?  

-Мэдээж энэ хөрөнгө бол маш том боломж. Худаг ус гаргах, хашаажуулах хөрөнгө сумдад их дутагдалтай байсан. Тиймээс Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилтэд ИТХ-аас маш сайн хяналт тавьж байх ёстой.

-Одоо яаж хяналт тавьж байгаа вэ?

ИТХ-аас Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавихдаа татварын байцаагч юм уу, сум, багийнхаа Засаг даргын мэдээлэл, тайланг хэлэлцэж байна. Орон нутгийн хөгжлийн үйл ажиллагааны сангийн журамд заасны дагуу ИТХ-аас ажлын хэсэг байгуулагдаж, түүнийхээ тайланг сонсох байдлаар хяналтыг хэрэгжүүлж байна. Ерөнхийдөө ажлын хэсэг ажиллаж байгаа байдлыг харьцангуй тааруу байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Цаашдаа ИТХ-ууд маань хууль тогтоомжийн хэрэгжилт, өөрсдийн баталж байгаа дүрэм журамдаа үнэлгээ хийж ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдлаа.

ИТХ-аас Орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн хөрөнгийг зарцуулах жагсаалтыг баталж хийгдэх ажлыг эрэмбэлдэг. Тэр эрэмбэлэх ажлын ил тод байдлыг сайжруулж иргэд, малчдад таны төлсөн татвар чинь ийм ажил хийхэд зарцуулагдлаа гэдгийг нь мэдээлж байх нь чухал. Тиймээс ажлын хэсгийн бүрэлдэхүүнд малчин, иргэн, ТББ-ын төлөөллийг оролцуулах шаардлагатай гэж бодож байна. Хийж байгаа ажил нь ил тод, тодорхой мэдээлэгдэж байвал малчид татвараа төлөх хүсэл эрмэлзэл нь ч нэмэгдэж, эдийн засгийн сайн хөшүүрэг болж чадна. Хяналтыг хэрэгжүүлэхдээ Малын тоо толгой албан татварын тухай хуулийн дагуу үнэлгээ хийх, орлогын бүрдүүлэлтэд оролцоогоор хангах, хяналт тавих ажлаа илүү сайн хийх нь чухал байна.

-Яагаад?

-Иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын төлөөлөгчдийг сургах, чадавхижуулах ажил цаашид ч үргэлжлэх шаардлагатай байна. Яагаад гэвэл татварынхаа хувь хэмжээг зөв тогтоож, зарцуулалтаа оновчтой хийж байвал иргэд, малчдын амьжиргаанд нөлөөлж сумын хөгжлийн түвшин дээшилнэ гэдгийг ойлгуулах ажлыг Хурлын төлөөлөгчид л хийнэ. Тиймээс төлөөлөгчид өөрсдөө шийдвэр гаргаад малчиддаа ойлгуулах, хууль сурталчлах ажлыг өргөжүүлэх хэрэгтэй. Жишээ нь, Дорноговь аймгийн Улаанбадрах сум Эрсдэлийн санг 10 сая төгрөгөөр байгуулсан тухай тайлан ирүүлсэн. Орж ирсэн бүх мөнгөө нэг дор зарцуулаад дуусгалгүй үер ус, байгалийн гамшиг боллоо гэхэд нөөц хөрөнгөтэй байх юм. Учир нь малчдад хамгийн ойр цугларч байгаа мөнгө бол Малын тоо толгойн албан татвараар төвлөрсөн хөрөнгө шүү дээ. Тэгэхээр сум болгон тодорхой хэмжээний Эрсдлийн сантай байх нь чухал юм. Мөн энэ мөнгөөрөө удаан хугацаанд ашиглах, дахин хэрэглэж болох үндсэн хөрөнгө бүрдүүлэхэд анхаармаар байна. Жишээ нь, нэг том бүтээн байгуулалт хийхэд олон жил ашиглагдана. Гэтэл жил бүр цуглуулсан мөнгөө бүгдийг нь зарцуулчихаад байвал үр өгөөж нь ямар байх вэ гэдгийг ч бодолцох хэрэгтэй. Урсгал зардлуудыг санхүүжүүлэхээс илүүтэй бэлчээрийн талхагдлыг бууруулах, хортон шавж, мэрэгчтэй тэмцэх ажилд төлөвлөгөөтэйгөөр мөнгөө зарцуулах нь зохистой санагдсан.

Бэлчээрийг сайжруулах агротехникийн арга хэмжээг авах, давтагдсан хөрсийг сийрэгжүүлэх, бордох, олон наст уургаар баялаг ашигт ургамал тариалах,  мал иддэггүй ургамлыг солих замаар ургамлан бүрхэвчийг хамгаалах, хүчилтөрөгч нэвтрэх, хур тунадас хөрсөнд шингэх чадварыг сайжруулж ургамлын үндэсийг бэхжүүлэн ургалтыг хангахад туслах зэрэг арга хэмжээ авахад төвлөрсөн хөрөнгийг зарцуулах талаар нэгдсэн чиглэл өгч ажиллах хэрэгтэй юм. Агротехникийн арга хэмжээний ач холбогдлыг малчдад ойлгуулан бэлчээрийг хэсэгчилэн чөлөөлж ашигласнаар нийт бэлчээрт эерэгээр нөлөөлөх бөгөөд энэхүү арга нь одоо зарим газарт хэрэгжүүлж байгаа хашаажуулснаас бага зардал гарах боломжтой юм.

-Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн мөн чанар нь ч илүү ойлгомжтой болох юм байна, тийм үү?

-Тийм. Орон нутгийн хөгжлийн сандаа бүгдийг төвлөрүүлчихээр яг үнэндээ Төсвийн тухай хуульд заасны дагуу зарцуулжбайна уу, үгүй юу гэдгийг тогтооход хүндрэлтэй байна. Малын тоо толгойн албан татварын тухай хууль нь хэд хэдэн хууль тогтоомжуудтай хамт хэрэгжиж байгаа. Тодруулбал,

  • Монгол Улсын засаг захиргаанутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль – Энэ хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг зохицуулдаг.
  • Төсвийн тухай хууль – Энэ хуулиар төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна.
  • Малын тоо толгойн албан татварын тухай хууль –Энэ хуулиар Орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө хуримтлагдана.
  • Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль – Энэ хуулийн дагуу ажлаа төлөвлөөд, тэрний дагуу үнэлгээгээ хийгээд явна.
  • Газрын төлбөрийн тухай хууль -Энэ хуулинд нэг га газрыг хэдэн төгрөгөөр тооцож төлөх вэ гэдэг үнэлгээнүүд нь байдаг. Үүнтэйгээ уялдуулаад бусад аймаг сумдууд хэрхэн тогтоосон байна гэдгийг харж, харьцуулж, өөрийнхөө онцлогыг тооцож тогтоох юм. Ингэснээр  яг адилхан төлөв байдалтай байгаа нутаг орнуудтай харьцуулж тооцох боломж нь нээгдэнэ.
  • Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах журмын тухай хууль – Энэ хуулиар Малын тоо толгойн албан татвараар төвлөрсөн хөрөнгөө хэрхэн яаж зарцуулах болон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу тайлагнах боломж бүрдэнэ.

Энэ олон хууль тогтоомжуудыг иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын төлөөлөгчдөд маш сайн ойлгуулж, эрх зүйн сургалтууд хийж, нэгдсэн гарын авлагатай болгох, сургалт зөвлөгөөн хийж, сурталчилах  ажлыг хийх хэрэгтэй. Эдгээрийг сайн ойлгоогүй учраас л зарим суманд татварыг маш багаар тогтоож, эсвэл шаардлагатай үйл ажиллагаандаа зарцуулж чадахгүй байгаа юм. Өндөр татвар тогтоож чадсан ч тавьж байгаа хяналт сул байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг тодорхойлж байгаа учраас төвлөрсөн хөрөнгөөрөө бид ийм л юм хийе гээд олон жил үргэлжлэх бодлого гаргах ёстой. Мөн холбогдох хууль, журмуудад шаардлагатай өөрчлөлтийг оруулж харилцан уялдааг нь сайтар хангаж өгөх хэрэгтэй байна.  

-Тэгвэл энэ хууль батлагдсаны давуу тал юу байв?

-Малын тоо толгойн албан татварын хууль батлагдсанаараа малчид нэгдүгээрт малаа үнэн зөв тоолуулдаг болсон байна. Хоёрдугаарт, малын тоо толгойн албан татвараа бид нар төлөх ёстой юм байна, илүү үр дүнтэй ажлууд хийгдэж болох юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Гуравдугаарт, энэ төвлөрсөн хөрөнгө маань малчдад ч үр өгөөжөө өгнө гэдгийг ойлгосон. Гэхдээ Малын тоо толгойн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Жишээ нь, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж, татвараа тогтмол цагтаа төлдөг хүмүүсийг урамшуулдаг, төлөхгүй байгаа иргэнд хүлээлгэх хариуцлагын санкц алга.

-Сул талууд ч байна гэж үү?

-Тиймээ. Тухайлбал, отроор яваа, өөр суманд ирээд үндсэн бүртгэлтэй газартаа татвар төлдөггүй, отроор очсон газартаа ч төлдөггүй бэлчээрээ талхлаад байгаа хариуцлагагүй хүмүүст хүлээлгэдэг үүрэг хариуцлага алга. Түүнчлэн зарим сум татварын байцаагчгүй олон сар болсон зарим сум бүр байцаагчгүй учраас татварын төлөлт хангалтгүй байна. Мөн малчин бүр интернэт ашиглан цаг тухайд нь татвараа төлөх боломж хомс байна.

-Татвараа цаг тухайд нь төлөх боломжгүй гэдгийг тодруулж өгөөч?

-Ерөнхийд нь харвал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахимаар татвараа төлөх хэлбэрт шилжээд хэвшээд, тодорхой хэмжээнд татвараа төлдөг болсон ч  малчид бүгд хамрагдах боломжгүй хэвээр байна. Учир нь Монгол Улсын бүх газар нутагт интернэт ороогүй байна шүү дээ. Тиймээс цахимаар татварын тайланг гаргана гэдэг нь асуудалтай байгаа юм. Иймд холбогдох мэргэжлийн байгууллагууд нь бүхий л боломжуудаар хангаж өгөхөд анхаараасай. Татвараа төлөхөд ямар нэгэн хүндрэлгүй байвал илүү мөнгө төвлөрнө. Энэ талаа бид зөвлөмждөө ч тодорхой тусгасан. Нөгөө талаар Малын тоо толгой албан татварын тухайхуультай бусад хууль тогтоомжийг уялдуулж, малчид татвараа хялбар, асуудалгүй төлснөөр бэлчээрээ ч хамгаалчихдаг, малаа ч өсгөчихдөг нөхцлийг бүрдүүлэх нь чухал юм.

-Төвлөрсөн хөрөнгөө хуулийн дагуу зөв зарцуулсан сайн жишээг онцолж болох уу?

-Нийт төвлөрсөн татварын 36 хувийг Бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлд зарцуулсан нь нэлээд сайн арга хэмжээ болжээ гэж харахаар байна. Төвлөрсөн хөрөнгийн зарцуулалтаас харахад худаг гаргаж, бэлчээрээ хашаалсан байна. Гэхдээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бэлчээр хамгаалах чиглэлээр дорвитой сайн ажил хийгдсэн гэх туршлага бараг байхгүй гэж дүгнэж болно. Шинжлэх ухааны үндэстэйгээр бэлчээрийг хамгаалсан, сэлгэсэн бэлчээрээ хашсан зэрэг ажил харьцангуй бага байсан.

-Зарим сум Малын тоо толгойн татварынхаа хувь хэмжээг бууруулсан нь магадгүй энэ хуулийн зорилго, зорилт, мөн чанарыг сайн ойлгоогүйтэй холбоотой юм болов уу?

-Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжээд хоёрхон жил болж байна. Тиймээс батлагдаад удаагүй хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл зайлшгүй гарч байгаа. Үр дүн гаргахад харьцангуй бага хугацаа. Нөгөө талаар зарим аймгууд гантай, өвөл нь зудтай байсан, малын түүхий эдийн үнэ сайнгүй байгаа зэргээс үүдэн татварыг өндөр тогтоох боломж бага байсан гэдгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид тайлбарлаж буй. Цаашдаа энэ хуулийг иргэдэд сурталчлах, мөн чанарыг ойлгуулах нь чухал. Учир нь орон нутагтаа л энэ татвар үлдэнэ гэдгийг тайлбарлах зайлшгүй шаардлагатай байна.

Малын тоо толгойн албан татварыг үндэслэлтэй тогтоож, татвараа сайн төлөвлөрүүлсэн олон сум байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Жаргалант сум гэхэд 48 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсныг 47 сая төгрөгөөр ноогдлоо тогтоогоод 50 сая төгрөг төлөвлөрүүлж,  төлөвлөгөө нь 105,2 хувиар биелүүлсэн байна. Хөвсгөлийн Рашаант сум гэхэд 78 сая төгрөг төлөвлөсөнийг 77 сая төгрөгөөр тогтоож 73 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 96,4 хувиар  биелүүлсэн байна. Хэнтий аймгийн Батширээт сум 32 сая төгрөгийн татвар бүрдүүлнэ гэж гэж төсөвлөөд 52 сая төгрөгөөр татвараа тогтоож, 43 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. Зарим сум татварынхаа хэмжээг маш багаар тогтоогоод төлөвлөгөө нь илүү ихээр биелүүлсэн талаар тайландаа тодорхой оруулсан байгаа.

-Хууль тогтоомжууд хоорондоо хэр уялдаа холбоотой санагдав. Хууль тогтоомж, журмын заалтууд хоорондоо зөрөлдөөд байвал хэрэгжихэд хэцүү шүү дээ?

-Мэдээж дээр дурдсанчлан хууль тогтоомж, дүрэм журмууд өөр өөрийнхөө чиглэлээр асуудлыг зохицуулж байгаа. Малын тоо толгойн албан татварыг 0-2000 төгрөг байна гэж хуульд заасан. Төсвийн тухай хуульд төвлөрсөн хөрөнгийг тодорхой чиглэлээр  зарцуулахыг, Газрын төлбөрийн тухай хуульд төлбөр нь ийм байна гээд заагаад өгчихсөн. ИТХ-ын төлөөлөгчид хууль хоорондын уялдааг хангаад  шийдвэрээ гаргачихвал илүү үр дүнтэй байх болно.

-Малын тоо толгойн албан татвараар цугласан  хөрөнгийг бэлчээрийн хомсдол, талхагдал зэргээс үүдэлтэй маш олон асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж болно. Тиймээс ИТХ-ын хувьд ажлаа юунаас эхлэвэл үр дүнтэй санагдсан бэ?

-Тэгэлгүй яахав. Бэлчээртэй холбоотой олон асуудлыг шийдэх маш том боломж. Тиймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар жилдээ 2 оос доошгүй удаа хэлэлцэж урт хугацаанд хэрэгжих үр дүнтэй ажилд төвлөрсөн хөрөнгийг зарцуулах, хийгдэж байгаа ажилд тавих хяналтыг тогтмолжуулах нь чухал юм. Маш сайн төлөвлөлт хийж түүнийхээ дагуу ажлаа эхлэх нь зөв санагдсан. Малын тоо толгойг бууруулахдаа биш бэлчээрээ хамгаалахад анхаарах, 100-н малтай эсвэл 1000 малтай байх нь хамаагүй мал маллаж байгаа л бол татвараа төлөх ёстой гэдгийг бүгд ойлгож, эрхээ эдэлж, үүргээ хүлээх ёстой гэж бодож байна.

-Өмнө нь малаас татвар авч байсан түүх байгаа юу?

Монголынхоо түүхийг эргэн сөхвөл, малтай иргэдээс албан татвар авдаг байсан. 

1235 онд Өгөөдэй хаан Далан даваа хэмээх газар Их хуралдай зарлан хуралдуулах үеэр албан татварын нэгдсэн тогтолцоог бий болгож, малчдын 100 мал тутмаас 1 малыг улсын санд хураалгаж байх зарлиг буулгаж байсан. Татварын тогтолцоо нь эд юмсаас мөнгөн хэлбэрт шилжих үед буюу Монголын Ардын түр Засгийн газрын 1921 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар хурлын 4 тогтоолын 3 дугаар зүйлд заасан ёсоор гадаадын харьяат нарт “Татвар, түрээс ногдуулах түр дүрэм”-ийг батлуулжээ. Үүнд зааснаар бэлчээрийн түрээсэнд бод тутамд 1 лан, бог тутамд 20 пун хураахаар тогтоосон байдаг. 1926 оны 11 дүгээр сард Улсын 3 дугаар Их Хурлын шийдвэрийн дагуу “5 бод хүртлэх малтай хүнийг татвараас чөлөөлж, 6-10 бодтой өрх бүрт 3 бод, 11-20 бодтой өрхөд 2 бодын албан татварыг хөнгөлж байжээ. 21-50 бодтой өрхөөс зохих ногдолыг оноож, 51-9501 бодтойд нь 3-111 хувийн, 10 мянгаас дээш бодтойд 120 хувийн нэмэгдэл ногдуулахаар тус тогтоож байжээ. Бодоор хэмжээ болгохдоо адуу, үхэр, сарлаг, хайнагийг тус бүр нэг бод, 7 хонийг 1 бод, 14 ямааг нэг бод, нэг тэмээг 2 бод, илжиг, луусыг 1 бодод тооцож байв. 1995 оноос нийт малыг хонин толгойд шилжүүлж /1 адууг 5 хоньтой дүйцүүлж/ татвар авахдаа татварын хувь хэмжээг бүсчилж, алс хязгаар нутагт 50 төгрөг, төвийн бүс нутагт 75, Улаанбаатар хот орчимд 100 төгрөгийн татвар оногдуулдаг байжээ. Ингэснээр нэг сум жилд дунджаар 5-6 сая төгрөгийн орлого бүрдүүлдэг байсан туршлага ч бий.

Монгол Улс нь генийн өөрчлөлтгүй, хямд өртөгтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг нүүдлийн бэлчээрийн  мал аж ахуй эрхэлж байгаа дэлхийн цөөн орны нэг. Байгалийн бэлчээр нь нүүдлийн мал аж ахуйн оршин тогтнох экологи-аж ахуйн гол  үндэс. Тиймээс бэлчээрийн мал аж ахуйн хөгжилд сөрөг нөлөө  үзүүлэх хүчин зүйлүүдийг багасгаж, бэлчээрийг өөр зориулалтаар ашиглахаар өөр ангилалд шилжүүлэх, хэт төвлөрөл үүсгэж бэлчээрийн газрыг доройтуулах, нийтийн эзэмшил нэрээр хяналт зохион байгуулалтгүйгээр ашиглаж талхлах, уул уурхай болон бусад шалтгаанаар идээшиж дассан нутгаасаа малчид хөөгдөх, хавчин гадуурхагдах зэргээр уламжлалт нүүдлийн мал аж ахуй, түүнийг эрхэлж ирсэн соёлд учрах аюул, эрсдэлийг багасгахад Малын тоо толгойн албан татварын тухай хууль чухал үүрэг гүйцэтгэнэ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version