Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Инновац, цахим бодлогын байнгын хороо нийт таван удаа хуралдаж, таван хуулийн төслийг хэлэлцэж, Байнгын хорооноос баталсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа сонсож, Байнгын хорооны хоёр тогтоолын төслийг хэлэлцэж баталсан.
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн 120 хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Мөн Байнгын хорооны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, сурталчлан таниулах, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, судлаачдыг оролцуулсан хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд амжилттай зохион байгуулсан.
Байнгын хорооны дарга Э.Батшугар, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Н.Учрал нар харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO-2023” арга хэмжээнд оролцсон гадаадын 20 гаруй хүндэт зочдыг Төрийн ордонд хүлээн авч, тус Байнгын хорооны үйл ажиллагаа, Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, хууль, эрх зүйн орчны талаар танилцуулж, салбарын цаашдын хөгжлийн талаар санал солилцож, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүллээ.
Мөн Байнгын хорооны гишүүд цахим хөгжлийг дэмжих чиглэлээр баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор есөнбайгууллагын цахим шилжилтийн үйл ажиллагаатай танилцаж, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэдтэй уулзаж санал солилцсон.
Эх сурвалж: УИХ-ын ИЦББХ