Байгаль орчинFocus

Туул голын даланг хүчитгэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан үер бууж нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байршилд ажиллалаа. Тодруулбал, Туул голын усны түвшин дээшилсэнтэй холбогдуулан хаалт босгох, хамгаалалтын далан хүчитгэх ажлын явцтай танилцлаа.

2023.07.07-ний 18:00 цагийн байдлаар Туулын усны түвшин Улаанбаатар орчимд хоёр цагийн хугацаанд таван см нэмэгдсэн байсан бол 20:00 цагийн үед дахин зургаан см нэмэгдсэн байна. Одоогоор усны түвшин 288 см буюу үерийн аюултай түвшнээс 28 см өндөр байгаа юм.

Туул голын эргийн урт 27 км үргэлжилдэг. Үүнээс ус халих эрсдэлтэй байршлуудад нийт 700 гаруй метр хамгаалалтын далан хийж, хүчитгэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-Туул бол Сэлбэ, Дундголоос том, усны түвшин нь ч бусад жижиг голтой  харьцуулахад аажмаар нэмэгдэж байна. Гэхдээ учирч болох эрсдэл нь өндөр. Тиймээс ус халих магадлалтай байршлуудад хаалт, хамгаалалтын далан босгох, хүчитгэх нь нэн чухал. Үүн дээр Нийслэлийн онцгой байдлын комисс /НОК/ мэргэжлийн хүмүүс, Туул голын сав газрын захиргаа, Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнтэй хамтарч ажиллаж, мэдээллээ шуурхай солилцож, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна хэмээлээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:

-Туул голын ус халихаас сэргийлж Зүүн уулын сувагт хаалт хийн, дөрвөн метр өндөр, дөрвөн метр өргөнтэй далан босголоо. Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийн алба хаагчид оролцсон тул богино хугацаанд хийлээ. Голын усны түвшин дээшилж, эргээ халих магадлал өндөр байна. Хэрэв тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хан-Уул дүүргийн 26 дугаар хорооны орон сууц, барилга байгууламж усанд автах эрсдэлтэй хэмээсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version