Байгаль орчин

Голуудын усны түвшин нэмэгдэж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж байгаатай холбогдуулан Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Барх, Хурх, Балж, Онон, Хэрлэн, Хангай нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдэж байна.

Мөн Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай, Хөгшин Орхон зэрэг гол үерийн түвшинг 15-40 см, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Балж гол үерийн аюултай түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сэргийлэн сонор сэрэмжтэй байж,  эрэг хөвөөнд бууж сууршихгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

Өнөө шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version