Гадаад харилцааУИХОнцлох

Олон улсын валютын сангийн төлөөлөлтэй уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.07.05) Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хатагтай Ангана Банержи Монгол Улсад ажиллаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал болон цаашдын сорилтуудын талаар танилцуулав.

Сүүлийн гурван жил олон улсын нөхцөл байдал болон “Ковид-19” цар тахлын халдварын улмаас дэлхий нийтээр эдийн засгийн хүндрэлийг даван туулж байна. Хүндрэл бүрэн арилаагүй ч Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгаа сэргээхэд чиглэсэн бодлогыг үе шаттай хэрэгжүүлснээр эдийн засгийн үзүүлэлтүүд өсөлттэй гарч байгааг Улсын Их Хурлын дарга онцлов.

Хатагтай Ангана Банержи Олон улсын валютын сангаас Монгол Улстай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнгээ өгч эдийн засгийн тоон үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч байгааг тэмдэглээд, цаашид хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт өсөлттэй гарч байгаа ч гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалсан эрсдэлүүд гарч байгааг сануулаад ирэх жилийн төсвийн бодлогыг боловсруулахдаа инфляцын өсөлтийг барих, гадаад валютын ханшийн дарамтыг шийдвэрлэх, төсвийн зардлыг хэмнэж, халамжийг зөвхөн зорилтот бүлэгт хүргэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөх хэрэгцээг хэлсэн юм.

Уулзалтаар талууд төсвийн шинэчлэлийн эрх зүйн орчны талаар ярилцаж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version